Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид дээрэмчдийн өлгий юу, гадны тоглоом уу?!

Баабар ингэж өгүүлэв

“Сауз Гоби” хэмээх гадаадын хөрөнгө оруулагч компанийн гурван ажилтныг Монголын шүүхээр экспресс журмаар оруулан шоронд хийчихлээ. Шалтгаан нь татвар нуун дарагдуулсан. Нэг нь АНУ-ын иргэн, нөгөө хоёр нь Филиппиний харьяалалтай.

Тэднийг АТГ баривчилжээ. Энэ бол Монголын төрийн байгууллагад буй авлигын асуудлыг хариуцах, мөрдөх, таслан хаах, шүүхэд шилжүүлэх үүрэгтэй байгууллага. Угаас “авлига” хэмээх үг нь төртэй холбоотой гэмт хэрэг ба төрөөс гадуур бол хээл хахууль гэх мэтээр нэрлэж цагдаа хариуцах ёстой. Татварын байгууллага нь холбогдох зөрчлийг илрүүлсэн бол хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулаад үүнийгээ прокурор цагдаагаар шалгуулдаг ёстой атал Сангийн яамныхан өөрснөө “шинжээч” царайлаад өөрснөө дүгнэлтээ гаргажээ. Юу гэвэл шүүх урьд нь шинжээчдийн дүгнэлтийг буруу гэж буцаасан мөртөө, Сангийн яамныхан оролцсон “шинэ” шинжээчдийн яг хуучинтайгаа адилхан дүгнэлтийг зөв байна гээд ялласан хэрэг шүү дээ. Сауз Гобигийнхны хэлж байгаагаар тэд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар нэгэнт шалгуулж дүгнэлт гаргуулсан боловч Монголын шүүх түүнийг нь тоож харсангүй. Нэгэнт “Сауз Гоби” нь гадаадын хөрөнгө оруулагч юм бол энэ нь олон улсын асуудал болох ба нэр хүндтэй аудитын байгууллагын дүгнэлтийг нийтээр хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрвөл арбитражийн шүүхэд ханддаг дүрэм журамтай. Тийм юм огтоос болсонгүй. Бүр аймаар нь татварын байцаагчийн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч шалгаад үнэн эсэхэд шинжлэн дүгнэлт гаргадаг ёстой атал шинжээчид нэмэлт шалгалт шүүлэг явуулан хүндрүүлсэн дүгнэлт өөрснөө гаргаж ирсэн байх юм.

Цаашаа яасан гэхээр, прокурор шүүх хуралд төрийн өмнөөс тэдэнд торгох ял тулгасан боловч маргааш нь орж ирээд торгох ял дээрээ хорьж шийтгэх ял гэнэдүүлэн нэмж уншсан байна. Прокурор төлөвлөсөн ялаа эхэлж танилцуулдаг нь өмгөөлөх бололцоог өмгөөлөгч болон яллагдагч нарт олгож буй хэрэг. Торгуулах бол нэг янз, хорих бол өөр янзаар өмгөөлж таарна, гэвч энэ бол манайд олон жил хэрэглэж ирээд сурсан гэнэдүүлэх арга юм. Цаашаа бүр болоогүй, яллагдагч гурван иргэн бол “Сауз Гоби” компанийн ажилтнууд. Хэрэв уг компани татвараас зайлхийсэн юм бол хариуцлагыг нь компани болон эзэн нь үүрэх болохоос тэнд хөлсөөр ажиллаж буй ажилтнууд хүлээх ёсгүй баймаар. Компанийн ажилтан хүн алчихсан бол компани биш хувь хүн, харин компани татвар нуусан бол ажилтан биш компани хариуцмаар нь дэндүү ойлгомжтой баймаар. Ингэхээр манайд ихэд танил болсон тулган таслах ажиллагаа байгаа биз?

АНУ-ын иргэн нь манай улсад нийтдээ 11 жил амьдарч байгаа, монгол эхнэр хүүхэдтэй нэгэн аж. Тэрээр “Бороо Гоулд” компанид ажиллаж байгаад тэндэхийн ажил өндөрлөсөн тул “Сауз Гоби”-д ажилд оржээ. Филиппиний хоёр иргэн Монголд уул уурхайд хөлсөөр ажиллахаар ирээд гурван жил болсон, нутагтаа цалингаа явуулж ар гэрээ тэжээдэг хүмүүс гэнэ. Филиппинчүүдийг хэрэгт сэжиглээд гурван жил хил гарахыг нь хорьсоор энд байлгажээ. Энэ хооронд нэгнийх нь эцэг, бас нагац нь нас барсан ба одоо ээжийнх нь бие тун тааруу аж. Эцгийгээ оршуулчихаад ирье гэж гуйгаад зөвшөөрөөгүй юм байна. Нөгөөгийнх нь хадмууд бас энэ хооронд мажийжээ. Ийм тохиолдолд барьцаа төлөөд явуулдаг хүмүүнлэг ёс бий л дээ, уг нь. Тэр дундаа тэд шүүхээр ороогүй, өөрөөр хэлбэл гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүү дээ.

Шүүгдэгч нарын шүүхэд хэлсэн хамгийн сонирхолтой жишээ нь тэднийг 6,2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл хийсэнд тооцон татварт холбогдуулсныг “бид Монгол Улсын үндэсний нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний орлого олоод түүнийгээ нуусан гэж үү дээ?” гэсэн асуулт. Бодвол манай татварын байцаагчид тэдэнд улсынхаа нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн хэрэгт дүгнэлт гаргасан бололтой. Сауз Гобигийн ордын нийт нөөц нь 400 сая тонн буюу Монголын нүүрсний ордын хэмжээгээр дунд ба дундаас доошид тооцогдоно. Хоёрдугаарт төгрөгийн ханшийн уналттай холбогдуулж тэд хэрэгт орсон бололтой. Доллар 1200 төгрөг байснаа бараг хоёр дахин огцом унасан нь доллараар тооцоо хийдэг тэдний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн “нотлогдсон” бололтой. Тийм бол үүнийг тэд биш Монгол Банк хариуцмаар.

Одоо тэгвэл яагаад ийм улайм цайм гөрдлөг, тулган таслалт мэдсээр байж зориудаар хийж буй хэлмэгдүүлэл гарах болов. Байж магадгүй хэдэн таамаглал дэвшүүлье.

1.Энэ нь лицензийн дайн байж болох юм. “Сауз Гоби” хэдэн жилийн өмнөөс хууль бус лицензийн хэрэгт ороод байгаа. Бусдын, ялангуяа гадаад хөрөнгө оруулагч болон оруулахаар зориглогч нарыг дээрэмддэг хэрэг арваад жилийн өмнөөс үзэгдэх болсон ба одоо үүгээр мэргэшсэн бүлэглэлүүд олон болсон. Мэдээж зиндаа зиндаандаа. Хамгийн дуулиантай нь барилгын хөрөнгө оруулагч япон иргэнийг зочид буудалд өрөөнөөс нь хар тамхи олсон болгож шууд шоронд хийж байсан. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх үйлдэл бүр хавтгай болсон. Гэнэт баривчлан шоронд хатааж байгаад ядраад бууж өгөхийн үед нь холбогдолгүй болохыг нь “тогтоох” ба дахиж Монголд орж ирэх эрхийг нь хасан паспорт дээр нь хар тамга дараад элдэн хөөдөг. Ийм тохиолдол Солонгосын нэлээд том хөрөнгө оруулагчид ч тохиолдож байлаа. Мэдэж энэ бол бүр сурцтай болсон сүлжээ. Ийм сүлжээнд төрийн олон байгууллага оролцож байж санасандаа хүрнэ. Ер нь иргэний шүүхээр шийдэгдэх асуудлыг зориудаар чирч эрүүгийн шүүх рүү аваачдаг нь авлигын нэг том уурхай болоод удаж байна.

2.”Сауз Гоби” компанийг үүсгэн байгуулагч нь Фридланд хэмээх биржийн спекулянт. Тэрээр Хятадаас 500 сая доллар зээлээд түүнээ бирж дээр тавин Ай Пи О хийсэн. Дараа нь Монголоос 9 лицензтэй болж түүнээ зарлан бирж дээрх хувьцаагаа дөрвөн тэрбум доллар болгож дөнгөжээ. Тэрээр ОТ-ын хамгийн олон хувьцааг эзэмшдэгээ Рио-д зарахдаа дагалдуулаад Сауз Гобиг авахыг шаардан санасандаа хүрчээ. Шуудайтай муур худалдаж авсан Рио өнөөхөө задлаад үзтэл нуль “хулхи бараа”. Ингээд тэд дотроо шалгалт явуулсанд ажиллагсад нь нэлээд идэж уусан, хахууль тараасан нь илрэв. “Хүнд гар Сараа” гэгдэх австрали хүүхэн Монголд хил гарах эрхгүй болж дэлхийгээр нэг шуугиан үүсгэсэн бол Эндрю гэгч нь зугтааж гараад Хонконгт хэвлэлийн бага хурал зохион Монголыг баахан шившиглэсэн. Дараа нь Монголын хариуцах агентлагийн захирал нь шорон явлаа. Энэ хооронд “Сауз Гоби”-гийн хувьцаа 200 сая доллар болтлоо унаж, анх тавьсан мөнгөнийхөө ч талд хүрэхээ болив. Энэ асуудал яагаад ч юм саяхи шүүх хурал хүртэл гурван жил үргэлжилсээр. Асуудлын цөм энд байж болох.

3.Гурав дахь таамаглал нь үүнийг гадаадаас сонирхогч орон, эсвэл бүлэглэл зохион байгуулж байж болох. Тэр дундаа хүчирхэг орны геополитик тоглоом байж болох. 25 жил хий хоосон “гурав дахь хөрш” гэж орилсон боловч хоёр хөршөөсөө алхам ч цаашилж чадаагүй байгаа Монгол нь үнэхээр холын хөршөөс их хэмжээний хөрөнгө оруулалт татах нь тийм ч тааламжтай зүйл биш. Монголд болж байгаа эх оронч хөдөлгөөн болгон гагцхүү гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын эсрэг байдаг болохоос хөрш рүү хэзээ ч халдаж байгаагүй. Хятад ажилчдын эсрэг хөдөлгөөн хүртэл зөвхөн өрнөдийн хөрөнгө оруулагчийн авч ажиллуулж байгаа ажилчдын эсрэг хандана. Үнэндээ Умард хөрш маань Эрдэнэт, төмөр зам, “Монросцвет” гэх мэт хамгийн том стратегийн объектуудыг бүрэн хянадаг ба эрчим хүч болон нефтийн бүтээгдэхүүний бүрэн хамааралтай байлгаж байгаа. Өмнөд хөрш гадаад худалдааг бүрэн монопольчилж буйгаас гадна газрын баялгийн лицензийн 70 орчим хувийг шууд ба дам утгаар эзэмшиж буй. Өрнөдийн хөрөнгө оруулагчдыг шахан гаргах ажиллагааг жишээ нь умартынхан шууд ил ба дамжуулан зохион байгуулдаг нь нэгэнт ил болсон зүйл. Канадын хөрөнгө оруулагч “Хан Ресорс” компани арав гаруй жил ураан дээр ажиллаж мундахгүй хөрөнгө оруулсны дараа тэдний тулгалт шаардлагаар хөөгдөн гарсан. Одоо олон улсын арбитражийн шүүхээр орсон Монголын Засгийн газар 350 сая долларын торгууль хүлээгээд байна. Францын төрийн компани “Арива”-г хөөж туух ажиллагаа хэдэн жил үргэлжилж буйг илээр санхүүжүүлэгч нь Японы иргэн солонгос үндэстэн байдаг ба мөнгө нь Германаас гуйван орж ирдэг. Мэдээж энд Япон ч, Солонгос ч, Герман ч огт хамаагүй нь ойлгомжтой. Тэнэг нь ч мэдээж хоёр хөрш маань биш манайхан л байж таарах учраас гүйцэтгэх ажил үйлдэнэ. Нутгийн дистербутрууд нь эндээ төрийн нэр барьсан том ажилтнууд, очиж дөвчигнөн сүгсэлзэж тонуул дээрэм хийн айлгаж хутга шөвөг гаргадаг нь шавхруун дээр нь ажилладаг барлагууд. Энэ байдал саяхан л гэхэд Гачууртын ордыг тойрсон булш бунхны асуудал. Шавхрууныхан булш бунхнаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ. Архины мөнгө нь хаанаас ирж байгааг ч мэдэхгүй. Тэд буруугүй л юм даа. Одоо Байгал нуурыг хамгаалсан их хөдөлгөөн, бөө нарын дөвчигнөл, нацист тэмдэгтнүүдийн жагсаал удахгүй эхэлнэ. Яагаад гэвэл Монгол усан цахилгаан станц Эгийн голд барих гэж байгаа. Энэ бол гурав дахь оролдлого нь. Мэдээж бүтэхгүй л дээ. Захиалга байгаа юм чинь!

4.Манайд маш их хавтгайрсан дээрэм бол ганцаарчилсан болон бүлэглэсэн шантааж юм. Ганцхан жишээ хэлэхэд Татварын байцаагч нэг нөхөр төрийн нэрээр шантаажилж 5 жилийн хугацаанд 17 тэрбум олсон нь баригдаад шорон явсан. Ийм үйлдлийг хэдэн мянган төрийн ажилтан бараг өдөр тутам хийж суудаг. Энгийн жишээ хэлэхэд захиргааны алив шийдвэрийг дугаар хорооны иргэнээр нэхэмжлэл гаргуулан шүүхэд өгөөд цаад эзнээс нь мөнгө салгаж “гомдогч”, “гомдуулагч” хоёрыг эвлэрүүлдэг “буянтай бизнес” төрийн ажилтан нарт өгөөжөө хайрладаг болсоор удлаа. Харин энэ жишиг мөнөөх “Сауз Гоби”-д үйлчлээгүй болов уу. Учир нь энд нэхэгдэж байгаа мөнгө сансрын гэмээр их тоо, тэгээд ч оролцогчид нь шүүх, прокурор, татвар, гааль, АТГ байгаа учраас нэлээд том гарын удирдлага дор хийсэн операци буй гэсэн логик дүгнэлт гарч ирж байна.

Ямар ч шалтгаан цаанаа байсан байлаа гээд Монголын шүүх хууль дүрмээрээ ажилласангүй. Чухам энэ факт л Монголыг ална л даа. Яахав, бөөн хэрүүл болсны дараа гадаадын гурван иргэнийг удахгүй суллаж хар тамга дараад хөөж гаргах биз. Судан, Афганистан, Аль Кайда, Исламын улсын террористуудад барьцаалагдаж байгаад суллагдсан хүмүүстэй яг адилхан зүйлийг тэд дэлхийн хамгийн том агентлаг мэдээллийн хэрэгслэлээр ярих болно. Уйлна, шанална, эхнэр хүүхэд нь суллагдагсдыг угтан авч енгэнүүлж байгаа дүрс бичлэг хорвоогоор нэг цацагдана. Дэлхий даяараа тэднийг өрөвдөн, Монголыг жигших болно. Бидэнд өөдөөс нь сөрөн тайлбарлах хүчирхэг мэдээллийн хэрэгслэл байтугай хөв хөв гэх нохой ч байхгүй.

Санал асуулгаар ард түмнээсээ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дэмжлэг авсан Сайханбилэг будаа, асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцэх болсон ба юун түрүүн Мянганы сорилын сангаас амласан хэдэн зуун сая доллар цуцлагдахаар болсон бололтой. Нийслэлээ найрсаг хотоор зарласан Бат-Үүл будаа, дөнгөж сая Хятадын хоёр ажилчныг гурван монгол гэрт нь орж алаад мөнгийг нь дээрэмдсэнээс гадна бүлэг эх орончид вьетнам ажилчдыг ажлын байранд нь очиж зодон хүндээр бэртээгээд гарахдаа мөн дээрэмдэн тоножээ. Ийм ажилбар жил ирэх тутам улам нэмэгдсээр. Хоёр сарын өмнө Хонконгт болсон хөрөнгө оруулагчдыг урьсан уулзалтад оролцогч гадныхан “Монголоос сүүлийн үед дуулдсан хамгийн эерэг мэдээ нь Засгийн газар нь огцорсон юм байна” гэсэн дүгнэлт гэнэ. Урьд нь Монголд хөрөнгө оруулж байсан нэгэн баянаас хууль журмаа эмхлээд засчихсан учир одоо ороод ирээч гэхэд “Би дэлхийн хаана ч хөрөнгө оруулахад бэлэн, харин Монголд бол үгүй шүү!” гэжээ. Өнгөрсөн жил Канадад болсон уул уурхайн аж үйлдвэрийн Торонтогийн уулзалтад оролцсон Монголын уул уурхайн сайдад тэндэхийн сонин “”бөлдгөн толгой” гэдэг сайхан хоч өгсөн. Одоо нүүрс хэдийнээ үнс болсон, алтны үнэ тасралтгүй унаж байгаа, зэс таван мянган доллар руу ороод ирсэн ба прогнозоор удахгүй дөрвөн мянга руу орох юм байна.

Саяхан Оросын нэг блогчины бичсэнийг уншлаа. Гадаадын соёлтой иргэн Москвад ирээд гудамжинд явж байхдаа өөрийн заншлаар хүн болгон руу харан инээмсэглэн алхжээ. Харин хоригт ороод баргар царайлсан оросууд өнөөхийг чинь тавлаж байна гэж үзээд бүлэглэн зодсон гэнэ. Хүн ядрахаараа хүнээ болин улам зэрлэгшдэг бололтой. Тэдэнтэй харьцуулахад манай орон бол харьцангуй эрх чөлөөт, олон ургалч үзэлтэй улс. Тэд Ерөнхийлөгчөө даган нийтээр гадныхныг хараан зүхэж удирдлагаа нэгэн дуугаар уухайлан тойрч хүрээлж байна. Бид тийм байж болохгүй. Шүүхийн бусармаг шийдвэрийг нийтээр дэмжиж байгаа юм шиг амандаа ус балгаатай булан болгондоо цөмцийн сууж болохгүй. Бид эрх чөлөөтэй, олон ургалч орон гэдгээ харуулахын тулд ядахнаа ганц хоёр нь үүнийг шүүмжлэх хэрэгтэй. Тэгж байж эх орныхоо нэрийг хагас хугас ч гэсэн аврахаа байг гэхэд арай бага сэвтүүлнэ. Үүний тулд энийг бичив.

2015.2.7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *