Categories
мэдээ цаг-үе

Ч.Төгсбаяр: Дүүгийнхээ шүлгээр “Тавилан” нэртэй анхны дуугаа бичиж байлаа

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин, ая зохиогч Чойжилсүрэнгийн Төгсбаяртай ярилцлаа. Тэрбээр “Мөнх тэнгэрийн орон” уран бүтээлийн бие даасан тоглолтоо энэ сарын 11-нд Бөхийн өргөөнд хийх гэж байна.

Танай Хөгжимт драмын театр сүүлийн үед ямар бүтээл хийж байгаа вэ. Шинэ бүтээл тавьж байгаа юу?

-Уран бүтээлийн төлөвлөгөөнийхөө дагуу жилд заавал 1-2 жүжиг шинээр тавьдаг юм. Драмын жүжиг, хүүхдийн жүжиг. Хажуугаар нь концертын бүтээлээ хийнэ. Хөдөө сумдад тоглолтоор явна. “Чипполинод тохиолдсон явдал”, “Шидэт шүүр”, “Болдоггүй бор өвгөн” хүүхдийн жүжгүүд, “Битгий яваач”, “Тамын дурлал” драмын жүжиг гэхчлэн нэлээн хэдэн жүжиг ойрын жилүүдэд шинээр тавьсан. Тэднийгээ сумдад очиж бас тоглоно.

УДЭТ-аас Ч.Түвшин найруулагч ирж хэд хэдэн жүжиг тавьсан. “Тамын дурлал”, “Битгий яваач” гэхчлэн. Сүүлийн жилүүдэд Түвшин найруулагчтай гар нийлж ажиллаж байна. Бид долоо найман жүжиг цуг хийчихлээ. “Тамын дурлал”-ыг анх тавихад зохиолыг нь анх уншаад ерөөсөө халгаад л байлаа. Сүүлдээ Түвшинтэйгээ хоёулаа ярилцаж зөвлөлдсөн л дөө. Жүжгийн төгсгөлийн дууг нь эхлээд бичсэн юм. Шүлгийг нь Түвшин өөрөө бичлээ. Тэгээд дуундаа тулгуурлаад жүжгийн хөгжмөө бичсэн л дээ.

Сүүлд би УДЭТ-т тавигдсан А.Очирбат гуайн зохиол “Буруугүй буруутан” гэж жүжгийн хөгжмийг бичлээ. Жүжгийн маань дууг гавьяат Ө.Уянга дуулсан. Нээлтээ ирж үзсэн. Надад бол таалагдсан, энэ жүжиг.

Хүүхдийн жүжигт та хэрхэн хандаж, юуг нь онцолдог вэ. Ер нь хүүхдэд зориулсан тайзны бүтээлүүд нэг л санаанд хүрэхгүй юм, том хүмүүс хүүхдийн ертөнцийг огт ойлгодоггүй, мэдэрдэггүй ч юм болов уу?

-Хүүхдийн жүжгүүд маань дандаа мюзикл байгаа юм. Дүр болгон дуутай. Ер нь хүүхдийн мюзикл нарийн ажиллагаатай л даа. Хүүхдийн шүлгийн онцлогт тохирсон дуу хийнэ. Аймгийнхаа бүх сургуулиудтай гэрээтэй, хүүхдүүдэд хямдралтай тасалбараар үзүүлдэг юм.Дараа нь сумдаар явж тоглодог. Хүүхдийн жүжгийн онцлог их өөр л дөө. Нэг бодлын драмын жүжгээсээ хялбар юм шиг санагдах боловч нарийн чимхлүүр ажиллагаатай. Хүүхдийн мюзикл надад дөрөв байдаг юм байна. Ер нь хараад байхад хүүхдүүд мюзиклийн төрлийг жигтэйхэн их сонирхож хүлээж авдаг юм. “Болдоггүй бор өвгөн”-ийг манай театрын найруулагч Батдэлгэр өөрөө цомнолыг нь бичиж, тайзнаа тавьсан. Дээрх гурван мюзиклээс гадна сүүлд УДЭТ-т Ч.Түвшин найруулагчтай “Норовын намтар” -ыг хийсэн.

Хөгжимт драмын театруудын урын санд ардын харилцаа дуунууд нэлээн байр суурьтай байж таарна. Ийм бүтээлүүд, мөн “Учиртай гурван толгой”-гоо бас тоглоно биз дээ?

-Өмнө нь бол тоглож л байсан. Сүүлийн жилүүдэд бүрэлдэхүүн цөөтэйгөөс болоод тоглохоо больсон. Манайх өмнө нь арав гаруй хөгжимчинтэй байсан. Одоо найман хөгжимчин байна. Манай театрын концертын хөтөлбөрт ардын дуу нэлээн дуулагдана. Л.Цогзолмаа гуайн нэрэмжит ардын дуу дуулаачдын уралдаан гэж болдог доо. Тэр уралдааны үеэр дуучдын нийтлэг хандлага харагддаг байх. Манай дуучид бол ер нь хуучин уламжлалт манераар дуулах сонирхолтой байдаг юм шиг байна лээ. Энд тэндээс их асууж сураглана. Нутаг нутгаас ирсэн дуучдыг дуулуулж бичлэг хийж авч сонсох зэргээр судалгаа их хийдэг юм байна лээ. Ардын дуу нутаг бүрт өөр өөрөөр дуулдагучраас одоогийн дуучид судалгаа хийдэг юм билээ. Ер нь хаанахын дуу байна яг тэр нутгийн уламжлалт манераар нь дуулах сонирхолтой юм уу гэж ажиглагддаг юм.

Ерээд онд “Элькондор” гэж хамтлаг гарч ирж байв. Таны хэд хэдэн дууг дуулж тэр дороо хит болж байлаа. “Бүсгүй минь” гэж одоо ч залуучуудын аялж явдаг, маш тунгалаг гоё аялгуутай дуу байна. Та энэ дуугаа хэрхэн зохиосон юм бэ?

– “Элькондор” хамтлаг миний “Бүсгүй минь”, “Тавилан”, “Хамжааргагүй дурлал” гэсэн гурван дууг анх дуулсан юм.“Тавилан”миний анхны дуу л даа. Шүлэг нь миний төрсөн дүү Ч.Мөнхбаярын шүлэг юм. “Цэн цэнгийн нулимс нь бороо шиг асгарна… “ гэж эхэлдэг дээ.Харин “Бүсгүй минь” дууг 1997оны үед зохиосон байх. Мөн миний дүүгийн шүлэг. Анх хоёр бадаг л шүлэг байсан юм. Түүнд нь ая хийчихээд нэмж гурав дахь бадгийг нь бичүүлж байв. Тэгээд “Элькондор” дуулсан даруйд хит болж байсан л даа.

Санахгүй байж чадахгүй нь, бүсгүй минь

Сарны талаас ганц шувуу нисэхэд

Салхины үзүүрээс дуу чинь сонсогдоод

Санахгүй л байж чадахгүй нь

Бүсгүй минь, бүсгүй минь

Бүр холын гэрэл гэгээ минь… гэсэн шүлэг нь өөрөө яг л дуу шиг аялгуутай шүлэг байсан. Биччихээд хотод ирээд “Элькондор” -т сонсголоо. Цогоо, Жагаа, Хэрлэн, Амарзаяа дөрвүүлээ байсан үе. Хөгжмийн найруулгыг нь Болорхүү хийгээд, дуулсан дороо л хит болсон доо.

Тоглолтоо ямар хөтөлбөртэй хийж байгаа вэ?

-Дууны уран бүтээлээрээ хийх юм.Анхны “Тавилан” гэдэг тэр дуунаас хойш зохиосон бүх дуунуудаасаа түүвэрлэсэн “Тавилан”, “Бүсгүй минь”, “Хамжааргагүй дурлал”, “Чи минь ганцхан”, “Мөнх тэнгэрийн орон” гэхчлэн поп болон нийтийн дуунууд тоглолтын хөтөлбөрт орж байна. “Мөнх тэнгэрийн орон” гэж шинэ дуу байгаа. Э.Төрмандах, Л.Түмэн-Өлзий, Д.Ариунбаатар нар дуулдаг юм. Энэ тоглолтод харин өөр дуучин дуулах байх. Тоглолтод маань “Элькондор”-оос гадна “Мотив”, “Классик жем”, “Week” хамтлагууд, гавьяат жүжигчин Ө.Уянга, дуучин Л.Хишигбаяр, Дэлгэрмаа, Э.Төрмандах, Л.Түмэн-Өлзий, Д.Ариунбаатар, Г.Чинболор нарын дуучид, яруу найрагчдаас бас оролцоно. Чинболорын дуулдаг “Зүрхэнд тэмүүлэх сэтгэл” гэдэг дууны шүлгийг бичсэн Наранбаатар гэж залуу байдаг юм. Тэр манайхаар нэг үдэш орж ирлээ. Хоёулаа дуу, уран бүтээл яриад сууж байтал мань эр алга дарамхан цаасан дээр ганцхан бадаг шүлэг биччихээд гараад явчихдаг юм. Аятайхан, дуу болчихмоор шүлэг юмаа. Тэгээд ая хийчихээд найзтайгаа уулзаж гурван бадаг болгоод бичээдэхээч гэсэн. Ингэж төрсөн дуу.

Шивнэж хэлсэн үг чинь

Зүрхэнд дандаа тэмүүлнэ

Сэтгэл булаасан харц чинь

Хайр дандаа нэхнэ

Салхи зөөлөн сэвэлзээд намрын үдэш санагдана

Шиврээ бороо зүсрээд тэрлэг нэвтэрч жиндэнэ

Зүрхэнд тэмүүлэх сэтгэлийн хурыг

Зөөлөн зөөлөн аргадаж зүсрээе дээ гэсэн сайхан үгтэй. Тэгээд миний гэргий Нямсүрэн дуулсан. Тэр үед CD гэж байсангүй, Наранбаатар маань кассетанд бичиж аваад хот руу ирж Чинболорт өгч дуулуулсан юм байна лээ. Бас л шууд хит болж олонд хүрсэн дуу. Наранбаатар бид хоёр нэлээн хэдэн дуу хамтарч хийсэн шүү.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *