-“ЭХ ҮРСЭЭ ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ӨЛГИЙДӨЦГӨӨЕ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ ХОЁРДУГААР САРЫН 13-НД БОЛНО-
Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний эмч О.Энхмаа “Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хэмээх хүмүүнлэгийн аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Нийслэлийн дөрөвдүгээр төрөх эмнэлгийн царцаагдсан барилгыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах нь тус хүмүүнлэгийн аяны гол зорилго нь бөгөөд хоёрдугаар сарын 13-нд “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд рок попын оддын хандивын тоглолтыг зохион байгуулах аж. Ийнхүү түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аяныг яагаад санаачлан хэрэгжүүлэх болсон бэ?
-Би 2007-2011 оны хооронд нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд ажиллаж байсан. Энэ хугацаанд дуудлагын дагуу хангалуун амьдралтай айлаас авахуулаад хоногийн хоол, өмсөх хувцасгүй нэн ядуу айлд хүртэл очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн. Нэг удаа Шувуун фабрикт дуудлагаар төрөх дөхсөн эмэгтэй дээр очсон. Гар утасгүй учраас гэрээс нь нэлээн зайдуу байх хүнсний дэлгүүрийн төлбөртэй утаснаас нөхөр нь дуудлага өгсөн байсан. Бас утсаар ярих 100 төгрөггүй болохоор дэлгүүрийн худалдагчаас “Эхнэр маань төрөх гээд, утсаараа дуудлага өгч тус болооч” гэж цаг шахуу гуйсан гэсэн. Зам түгжрэлтэй байсан учраас дуудлага өгсний дараа нэг цаг 30 минутын дараа бид гэрт нь очсон. Төрөх дөхөөд ус нь аль хэдийн гарчихсан байсан. Шуудхан эмнэлэг аваад явсан ч замдаа төрчихсөн. Азаар бид үрийг нь эсэн мэнд эх барьж авсан. Гэхдээ бидэнд үргэлж ийм аз тохиохгүй. Эмнэлгийн орчинд бус машин дотор төрж байгаа учраас халдвар авах, цус алдах, хүчилтөрөгч дутагдах зэрэг эх, үрийн эрүүл мэнд эрсдэх өндөр магадлалтай. Энэ бол зөвхөн ганц л тохиолдол нь. Энэ мэтчилэн хотын төвөөс зайдуу Шувуун фабрик, Өлзийт хорооллоос олон эхчүүд төрөх гэж хот руу орж ирдэг. Энэ зовлонг биеэрээ туулсан эмч хүний хувьд төрөх эмнэлэг иргэдэд хамгийн ойр байх хэрэгтэйг сайн мэднэ. Ийнхүү тухайн үеэс л шинэ төрөх эмнэлгийг яаралтай ашиглалтанд оруулах хэрэгтэй биш бүр шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон.
Тэгээд ч улсын маань хүн ам гурван саяд хүрчихлээ. Зөвхөн нийслэлд сая 300 мянган хүн амьдардаг байтал улсын дөрөвхөн төрөх эмнэлэгтэй. Эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байна. Нэг орон дээр хоёроос гурван эх дээш доошоогоо зөрөөд хэвтэнэ. Зарим нь бүр коридорт гудас дэвсээд хэвтэж эсвэл өрөө сулартал тарианы өрөөнд хүлээх жишээтэй. Амаржсан эх эмнэлэгт гурваас тав хонох ёстой байтал ачаалал ихтэй учраас нэгээс хоёр хонуулаад эмнэлгээс гаргадаг. Энэ нь эх нярайн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зарим төрөх эмнэлгүүдийн барилга эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Жишээ нь манай хоёрдугаар амаржих газрын барилга аль хэдийн ашиглалтын хугацаа дууссан. Булан тохой нь мөөгөнцөртөж, хөгцөрсөн л байдалтай байна даа.
–Аяны хүрээнд эхний ээлжинд хандивын тоглолт зохион байгуулахаар болсон гэсэн. Ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Тоглолтод МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, BX, Бичүү, залуу уран бүтээлч А.Хишигдалай, Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян, Амина, Баярцэнгэл, Отгончимэг нараас гадна “Хар сарнай”, “Мотив”, “Гурван бүдүүн”, “Увертура”, “Bit” зэрэг хамтлагийн бүтээлчид оролцоно.
Энэ тоглолтын дараа зохиолын дуучдын хандивын тоглолтыг гуравдугаар сарын 13-нд зохион байгуулна. “Улаанбаатар палас”-тай гэрээгээ хийсэн. Ер нь тус барилгыг ашиглалтанд оруулахын тулд ямар бодитой арга хэмжээ авч болохыг цаашид үргэлжлүүлэн судална. Ганц хоёрхон хандивын тоглолтоор энэ асуудал шийдэгдчихгүй нь мэдээж.
–Үүнээс гадна цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?
-“Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аянаа он гарсны дараахан буюу нэгдүгээр сарын 10-аас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Нэн түрүүнд аяныхаа талаар ард түмэндээ ойлгуулан таниулсны үндсэн дээр тэдний дэмжлэг туслалцааг авахын зэрэгцээ тэдний санал бодлыг тусгана. Хамгийн гол нь дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын царцаагдсан шалтгаан, бусад төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа өнөөгийн нөхцөл байдлын талаар асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн. Тоглолтын орлогоороо дараагийн үйл ажиллагаа болох цуврал нэвтрүүлгээ санхүүжүүлэхээс гадна дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажилд тодорхой хувийг нь хандивлана. Ингэж шат дараалсан арга хэмжээ авахгүйгээр ганцхан хандивын тоглолт хийгээд, тэр мөнгөө барилгын ажилд хандивлавал үр дүнгүй шүү дээ. Тэгээд ч тоглолтын ашиг болох хэдхэн сая төгрөгөөр 60-хан хувийн гүйцэтгэлтэй барилгын ажлыг гүйцээчихгүй нь мэдээж.
–Уг нь төлөвлөгөө ёсоор 2013 онд ашиглалтад орох ёстой байсан гэдэг байх аа?
-Тийм. Угтаа бол дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын санхүүжилтийн 95 хувийг буюу 19 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гүйцэтгэгч компани болох “Нийслэл өргөө”-д олгосон. Санхүүжилтийнхээ хэрээр барилгын ажил шуурхай явагдсан бол 2013 онд ашиглалтад оруулчихаар байсан. Гэтэл одоо барилгын ажил 95 биш 60-хан хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл энэ асуудлыг хөндөж, барилгын ажил яагаад царцаагдсан, цаашид үүн дээр хэн ямар арга хэмжээ авбал зохих зэрэг шийдэлд хүрэхийн тулд эрх бүхий албан тушаалтнуудыг нэг дор цуглуулж, уулзалт ярилцлага хийх шаардлагатай байна. Угаасаа гүйцэтгэгч компани болох “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг дөрөвдүгээр төрөх эмнэлгийн хөрөнгөнөөс хоёр тэрбум шахуу төгрөгийг хувьдаа завшсан нь илэрч, зургаан жилийн хорих ялаар шийтгүүлчихсэн. Хэрэв 300 ортой тус эмнэлэг ашиглалтад орчихвол бусад төрөх эмнэлгийн ачаалал хэвийн түвшинд очиж, эмнэлгийн дотоод халдвар үүсэх, эрсдэл ч буурна. Шинээр 500 гаруй ажлын байр бий болно.
–Таны аяныг дэмжиж, тусламж үзүүлж байгаа хувь хүн албан байгууллага мэдээж байгаа л байлгүй дээ?
-Өнгөрсөн долоо хоногт “Mongolian national news” телевизийн улс төрийн албаны дарга Чинзориг, “”Мишээл экспо” группын менежер Азжаргал нар надтай хамтарч ажиллан, тусалж дэмжихээ илэрхийлсэн. “Улаанбаатар палас”-т нэг удаагийн тоглолт зохион байгуулахад зургаан сая төгрөг. Учир байдлаа тайлбарлаж хэлтэл хоёр сая төгрөгөөр хямдруулж өгсөн. Урьдчилгаа болох нэг сая 500 мянган төгрөгөө цалингаараа барагдуулсан. Үлдсэнийг нь тоглолтын дараа өгнө. Аяныг маань энэ мэтчилэн дэмжин, хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагатай би хамтарч ажиллахад бэлэн байна. Надтай 99748016, 91360502, 88824051, 99252540 дугаарын утсаар холбоо барьж болно. Тун удахгүй хандивын шилэн дансаа нээнэ. Өөрөөр хэлбэл хандивын тэрхүү дансанд хэдэн төгрөг цугларч, юунд зарцуулагдаж байгаа нь хэн бүхний өмнө ил байна гэсэн үг.
–Билетийн борлуулалт хэдэн хувьтай явж байна?
– Билетийн борлуулалт 20-хон хувьтай явж байна.
М.УУГАН-ЭРДЭНЭ