Categories
мэдээ нийгэм

“Дашваанжил”-ын агуулахыг хаажээ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Дашваанжил ХХК-ийн бараа материалын агуулахын барилгад өчигдөр 19 цаг 26 минутын үед шингэрүүлсэн шатдаг хийн баллон дэлбэрсэн хэрэг гарсныг бид мэдээлсэн. Дэлбэрэлт ашиглалтын технологийн горим зөрчигдсөнөөс болсон гэж урьдчилан дүгнэж байгаа ажээ. Барилгын дотор ажиллаж байсан 38 настай эмэгтэй Н, 25 настай эрэгтэй Ц нар нүүрэн хэсгээрээ түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт эмчлүүлж байна. Дэлбэрэлтийн улмаас тус барилгын хойд талын хана болон дээвэр нурсан, хананд цууралт үүссэн бөгөөд уг барилгыг цаашид ашиглах боломжгүй болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас тухайн газарт хяналт шалгалт зохион байгуулж, агуулахын үйл ажиллагааг зогсоожээ. Дэлбэрэлт үүссэн шалтгаан, барилгын эвдрэлийн зэрэг, хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *