Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхний мэдээллээр Буянт-Ухаа боомт дахь гаалийн ажилтнууд энэ сарын 1-ний үдэш гадаадаас ирсэн манай улсын иргэн Л-ийг шалгажээ.
Тэрбээр халаас болон тээшиндээ мансууруулах үйлчилгээтэй метамфетамины төрлийн “мөс” гэж нэрлэдэг бодис 20 граммыг нуун, улсын хилээр авч орж ирснийг илрүүлсэн байна. Л өмнө нь мансууруулах бодис хэрэглэдэг, худалддаг байж болзошгүй гэх сэжигтэй хүмүүсийн тоонд орсон, цагдаагийн байгууллагын хяналтад байсан нэгэн аж.
Энэ явдлаас хоёр хоногийн өмнө мөн л дээрх хэлтсийнхний мэдээллээр гаалийнхан манай улсын харьяат Б, Т, М нарыг 20 орчим грамм “мөс”, түүнийгээ татаж хэрэглэхэд зориулсан, мансуурагчид “бонго” гэж нэрлэдэг тусгай соруул зэргийг хилээр оруулж ирэхэд нь саатуулжээ.
Дээрх хүмүүс бүгд цагдаагийн байгууллагын хараа хяналтад байдаг, хоёр нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байсан гэнэ.