Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” 1-ийг дэмжиж байна

Ерөнхий сайд ард түмний дунд санал асуулга зарлаад байна. Магадгүй таны утсанд ч мэссэжээр очсон байх. 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё гэсэн тодотголтой, нэг, хоёр гэсэн сонголттой санал асуулга.Нэгд нь Оюу толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох гэсэн гарцыг санал болгожээ. Хоёр дахь гарц нь зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох. Гурав дахь зам гэж байхгүй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон. Үнэхээр ч эдийн засаг иймдээ хүрсэн өнөөдрийн хувьд гурав, дөрөв дэх зам гэж үгүй. Тийм ч учраас санал асуулга зарласан хэрэг. Иргэдийн хувьд сонгосон тоогоо бичээд 15151111 гэсэн дугаар руу мэссэж бичих учиртай.

Санал асуулга өнгөрсөн сарын 31-нд эхэлсэн. Асуулга эхэлсэн өдрийн 15.00 цагийн байдлаар гэхэд 1.669.756 хэрэглэгч рүү мэссэж илгээснээс 36.967 санал иржээ. Мэссэж очихоос өмнө урьдчилж саналаа өгсөн иргэдийн санал хүчинтэй юм билээ. Санал асуулга хоёрдугаар сарын 3-ны 22.00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас онцолж байгаа.

Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох гэсэн гарцыг дэмжих хүн гарахгүй болов уу. Ерөнхий сайд саяхан одонгийн, хүүхдийн, жирэмсний тэтгэмж, мөнгийг хасна гэж хэлээд шүүмжлэлийн бай болсон. Хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулж байгаа айлууд олон учраас нийгэмд тэгтлээ эмзэг туссан хэрэг л дээ. Одонгийн мөнгө авдаг ээжүүдэд “Хүүхдүүд чинь том болсон бол танд мөнгө өгөхгүй” гэж хэлээд мөн л шуугиан дэгдээсэн. Тэтгэврийн хэдээрээ чүү ай амьдардаг, хүүхдүүд нь өсч том болсон ч амьдралаасаа цааш гарахгүй байгаа хөгшдөд төрөөс өгдөг одонгийн мөнгө хэчнээн нэмэртэйг ордонд тухалсан гишүүд мэдрэхгүй учраас амны алдаа гаргасан хэрэг.

Ерөнхий сайдын приус машины татварыг хэд дахин нэмнэ гэсэнүг ч хэтэрхий гэнэн мэдэгдэл. Жип унадаг нөхдөөс тэс өөр хүмүүс приус худалдаж авдаг. Бензин бага иддэг учраас таксинд явж амьдралаа залгуулах гэж хадгаламжинд байгаа цөөхөн хэдээ барж байгаад приус авдаг юм. Саяхан нэг такси барилаа. Сайдын илүү үзээд байгаа приус л дээ. Жолооч нь гуч гаруй насны залуу. Оюу толгойн далд уурхайд ажиллаж байгаад ажлаасаа халагдсан гэж ирээд амьдралаа ярина лээ. Гэнэт халагдсаныхаа мөнгөөр авсан машинаараа халтуур хийж амьжиргаагаа залгуулдаг гэсэн. Уул уурхайгаа төр нь унагачихсан энэ улсад ийм залуус өчнөөн бий. Гэвч тэдний хэн нь ч иргэний нийгмийнхэн шиг жагсаагүй. “Та нараас болж бид ажилгүй болсон” гэж бухимдаагүй.

За тэгээд зардлаа бууруулна гэдэгтгаднаас тансаг хэрэглээний юм авахаа багасгах гэсэн арга багтаж таарна. Үндэсний үйлдвэрлэл тэгтлээ хөгжөөгүй өнөө цагт гаднаас авдаг бараагаа эрс танана гэдэг тийм ч зөв гарц биш. Хэрэглээ нь байгаа цагт гаднаас бараа орж ирэх нь жам. Хэн нэг Ерөнхий сайдын хэлсэн зоргоор болдог эд биш л дээ. Татвар нэмнэ гэдэг ч зөв санаа биш. Талхныхаа мөнгийг арай гэж олж байгаа энэ үед лав тийм ч сонгодог арга биш.

Хоёр дахь зам нь Оюу толгой, Таван толгой, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын том төслүүдээ урагшлуулах замаар ханшаа барих. Энэ хоёр замын алийг нь сонгохоо Ерөнхий сайд ард түмнээсээ асуухаар боллоо. Ингэж болох хуультай эсэх, хуулийн эрх ньЕрөнхий сайдад байгаа эсэх бол жичдээ асуудал. Ер нь цаашдаа яаж урагшлах вэ, ямар замаар хөгжих вэ гэдгээ л шийдэх гэж байгаа учраас ингэхээс аргагүй. Санал асуулгыг дэмжиж байна. “Өдрийн сонин”-ы саналаа хэлэх хувилбар бол нэг. Бид нэгийг дэмжиж байна. Уул уурхайн том төслүүдээ гацаанаас гаргаж, энэ салбараа өөд нь татаж байж л Монгол хөгжинө. Хүнд үйлдвэрээ хөгжүүлж байж л бид бусдын зэрэгтэй урагшилна. Заавал уул уурхай ч биш бүх л салбарт гадныхантай хамтарч ажиллаж байж бидний хөгжлийн зам илүү тодорхой болно. Монгол гэдэг улс гадаад ертөнцөд найрсаг хандаж байж л дэлхийн шилдэг гэсэн ноу хауг өөрийн болгож чадна. Хүн төрөлхтний оюун санааны гайхамшгаар бүтсэн ололт амжилт бүрийг өөрийн болгосон цагт л Монгол хүчирхэгжинэ.

Монголчууд хүчирхэг байхдаа ч ийм уламжлалтай байсан. Чингисийн цэрэг эзэлж авсан хот, улсынхаа гар урчууд, худалдаачид, залуу бүсгүйчүүдийг өршөөсөн тухай түүхэн эх сурвалжуудад хангалттай бичсэн байдаг. Энэ бодлого зүгээр нэг өршөөл биш, бодлого байсан юм. Ерөнхий сайдын санал болгоод буй нэг гэдэг тоо бол энэ. Гар урчууд бол тухайн үеийнхээ инженерүүд. Тэд гүүр, зам, ордон яаж барихыг мэднэ. Дарь хаанаас олох, ганг яаж хатаахыг андахгүй. Одоо цагаар бол сайн инженерүүд байсан хэрэг. Худалдаачид гэхэд л гадаад ертөнцтэй холбогчид байсан. Дэлхийн улс гүрнүүдтэйхарилцаж хөгжинө гэдэг том философиор тэднийг өршөөдөг байсан юм. Чингисийн монголчууд тэдэнтэй харилцаж, хамтарч байж их гүрнийг байгуулсныг өнгөрсөн түүхээс уншиж болно.

“Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэдэг лоозонгоос татгалзах цаг нь ирсэн гэж бодож байна. Энэ үгийг хэн ч хэзээ ч хэлээгүй. Үзэл суртал зохиож, түүгээрээ амьдардаг байсан цагт хэн нэг үзэл суртал зохиогчийн л хэлсэн үг. Бурхан гэж байдаг бол энэ газар шороо хэнийх вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Бурхан бүхнийг бүтээгч, газар шороо, хүн төрөлхтөн ч түүний бүтээл хэмээдэг. Бүтээсэн хийсэн бүхнээ бусдаас гуйдаг ёс хаана байна. Энэ дэлхий дээр лав тийм ёс үгүй. Миний бүтээл бол миний л юм гэсэн бичигдээгүй зарчим эрт галваас үйлчилсээр энэ цагийг хүрсэн. Одоо ч, ирээдүйд ч тийм л байна.

Газрын доорх баялгаа ирээдүйдээ хадгалж, үүцэлж үлдээнэ гэсэн сүрхий яриа байдаг. Сүүлийн үед бүр ч хүчтэй сонсогдох боллоо. Өнгөц сонсоход гоё үг л дээ. Үнэхээр л өөрөө ядуу амьдраад, хамаг баялгаа үр, хойчдоо үлдээх гэжбайгаа юм шиг, үлдээсэн баялгийг нь үр хойч нь хэрэглээд сайхан амьдрах юм шиг… Цаашлуулаад төсөөлбөл өчнөөн гоё үг хөврүүлж болно.

Ирээдүйн үр саддааодоогийнх шиг бүдүүлэг, хөгжил буурай, ядуу орон үлдээвэл яах бол, өнөө хөрсөн доорх баялаг нь ирээдүйн буурай Монголыг аврах болов уу гэсэн өнцгөөс хараад үзье. Тэр үед ирээдүйн монголчууд байвал шүү дээ. Байхгүй, түүхийн тавцангаас арчигдсан тохиолдолд ийм асуулт тавиад дэмий гэдэг нь ойлгомжтой. Хамаг дэлхий хөгжсөн тэрүед монголчууд өнөөгийн африкчууд шиг мөхөс дорой байвал үр хойч маань биднийг үеийн үед дуурсах биш, үеийн үед зүхнэ гэдэгт эргэлзэх юм алга. Нүүрс гэхэд л 2017 онд моодноос гарна. Занар, хий гээд эрчим хүчний илүү сайн эх үүсвэрийг хүн төрөлхтөн ашиглаад эхэлчихсэн. Нүүрсээ үнэтэй байгаа үед нь мөнгө болгож, мөнгөө хөгжил болгож хувиргаагүй гэж биднийг хойч үе маань лав сайнаар дурсахгүй.

Ядуу, буурай, хөгжилгүй улсын иргэд л хоорондоо дайтдаг. Цэнхэр гаригийн аль болохгүй бүтэхгүй, эдийн засгийн хөгжилгүй улс орнуудад иргэний дайн дэгддэг. Ийм улсын иргэд нь хоногийн талхаа булаалдаж өөр зуураа дайтдагийг дэлхийн түүхээс харчихаж болно. Тэгэхээр хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бид бүтээх ёстой. Ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг маань энэ. Япон, Америк, Солонгос гээд өндөр хөгжилтэй улсуудын хөгжсөн түүх ч үйлдвэржсэнтэй холбоотой. Тэд хөгжлийн мега төслүүдийг зоригтой эхлүүлж чадсан учраас өнөөдөр дэлхийд гэж яригдахаарулс болцгоосон. Тэгэхээр бид Монгол Улсын хөгжлийн төлөө нэгийг сонгож байна.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *