Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Содовын Баясгалантай ярилцлаа.
-Крилл бичгийг халж уйгаржин монгол бичгийг албан ёсных болгох хуулийн төсөл УИХ-ын түвшинд яригдах боллоо. Үүнийг та хэрхэн үзэж байгаа вэ?
-Энэ бүтэхгүй ээ. 1991 онд нэг оролдож үзсэн юм. Би комисст нь орж байлаа л даа. Уйгаржин монгол бичигт орох, яаж орохыг ярилцсан.Тэгэхэд би хувьдаа дэмжээгүй. Эсэргүүцсэн. Солихын оронд харин уйгаржин монгол бичгээ заая. Хүүхдүүддээ эзэмшүүлье. Сайн дурын дугуйлантай болъё. Сурах хүсэлтэй залуучуудыг дэмжье гэсэн байр суурьтай байсан. Гэвч төрөөс батлаад бүх сургуульд уйгаржин монгол бичиг заагаад крилл бичгээ хаясан шүү дээ. Үр дүнд нь нэг хэсэг сургуулийн хүүхдүүд бичиг үсэггүй болсон. Багшаа бэлдээгүй байсан. Дамдинсүрэн багш амьд сэрүүн байсан үе. Гэвч комисст ороогүй. Бие нь тааруухан эмнэлэгт байсан юм. Ер нь бид хэл бичгээ хаяна гэж өнөөдөр ярихын чхэрэггүй. Үүнд чинь мөнгө хэрэгтэй.
-Комиссынхон тэгэхэд юу ярьцгаасан бэ?
-Яахав дээ, уйгаржинд орно, орохгүй л гэж ярихгүй юу. Тэдэн дотроо уйгаржин монголоор бичдэг хүн нь ганц би байлаа. Нөгөөдүүл юу ч мэдэхгүй. Уншиж ч чадахгүй. Бичиж уншиж чадахгүй байж “гоё бичиг”, “босоо бичиг”, “хүмүүн бичиг” гэхчлэн хачин нэр өгцгөөснийг яана. Тэр байтугай ингэж бичицгээж байлаа. “Техникумаас багш нарыг аваад ир” гэж бичих гээд “Тэнэг гомбын шургуулганаас балж нарыг аваад ир” гэж бичиж байсан гээд бод. Захирал нь тэгж бичиж байгаа улс яаж тэр бичиг рүү орох вэ дээ.
-Дараа нь юу болов?
-Юу ч болоогүй. Гурван жил үр хүүхдээрээ туршилтын туулай хийгээд л өнгөрсөн. Сүүлд нь тэр хүүхдүүд криллээ сурсан ч боловсрол эзэмших, суралцах цаг үеэ алдчихсан л байхгүй юу. Тэгэхээр бичиг үсгээ сольж болохгүй ээ. Эхнэрээ сольж болно, үсгээ сольж болдоггүй юм. -Энэ асуудал УИХ-ын Байнгын хороогоор яригдаж эхэлж байна. Ганцхан өдрийн дотор улс даяараа бичиг үсэггүй харанхуй амьтад болчихсон байх юм биш байгаа даа?
-Яг л тэгнэ. Би сая 1991 оны явдлыг ярилаа шүү дээ. Яг л тийм байдал үүснэ. Өнөөдөр эдийн засаг, мөнгө нь ч алга шүү дээ. Ерэн оны үед би сурганы хүрээлэнд байлаа. Намайг дуудаад шууд комисст оруулчихсан. Да багшийн байр суурь бол үсгийн дүрэмдээ ялимгүй жаахан өөрчлөлт оруулъя гэсэн. Балархай эгшиг нь байна уу, хос эгшиг нь байна уу, зөөлөн хатуугийн дүрэмдээ өөрчлөлт хийе. Энийг би оруулсан юм. Больж болно гэж байсан. Тийм мэтээр дүрэмд өөрчлөлт оруулбал юу юм гэхээс энэ тухай ярих бүү хэл бодох ч хэрэггүй.Үсэг бичгээ солих юм бол хүнээр л тоглоом хийж байгаа нь тэр.
Хүнээр, иргэнээрээ, ард түмнээрээ хэзээ ч төртоглоом хийж болохгүй. Тэр төр чинь өөрөө крилл үсгийг 1942 онд авсан. Дахиад Монголын хүүхдүүдээр тоглоом хийх эрх эд нарт байхгүй.
-М.Батчимэг тэргүүтэй нэр бүхий гишүүдийн санаачилж оруулж ирсэн төсөл, Өвөр Монголоос санхүүжүүлж байгаа төсөл гэсэн яриа зарим эх сурвалжаас сонсогдож байгаа. Хэрэв тийм бол Өвөр Монголчууд бидний соёл иргэншилд ихэд санаа тавьж байгаа бололтой?
-Би тэрийг нь мэдэхгүй. Батчимэг гишүүнээр уйгаржин монгол бичгээр бичүүлээд үз л дээ. Нэг ноёны явдлыг ярьж өгье. Богд хаант засгийн үед бичиг үсэг мэддэг нэг муу түшмэл байж л дээ. Тэр түшмэл Богдод захиа бичжээ. “Өмнө хязгаарын гаалийн хорооноос түшмэл Данзангийн бичиг” гэх гээд “Мунд газрын уулын хэрээнээс түшимэл Данзангийн гижиг” гэж бичсэн гэж байгаа юм. Түүн шиг түшимэл Данзангийн гижгүүд л гарч ирнэ биз дээ.
-Бичиг үсэггүй улс болохоороо бид дэлхий ертөнцөөс, глобалчлагдаж байгаа амьдралаас тасран холдох нь мэдээж?
-Дэлхий ертөнцөд бид хамаагүй шүү дээ. Тэртэй тэргүй Монгол дэлхийгээс тасарчихсан. Дэлхий дээр Монголыг тоодог нэг ч хүн байхгүй болсон. Ерээд оны үед сонирхож байсан юм. Монгол хүн шиг ийм мулгуу хүмүүс байдаггүй юм байна гэдгийг одоо дэлхий ойлгочихсон. Америк ч ойлгочихсон шүү дээ. Ерээд онд анх Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкэрийг Монголд ирэхэд нь уулзаж л байлаа. Ардчиллын залуучуудыг маш их сонирхож байсан. Одоо тэр залуучуудыг хэн ч тоохоо больчихсон.
-Уйгаржин бичигт шилжлээ гэхэд манайд ямар ч технологи нэвтрэх боломжгүй болно биз дээ?
-Саяхан би Япон яваад ирлээ. Япончууд хэддүгээр зууны үед юм бэ ханз авсан юм байна. Солонгос ханз авсан юм байна шүү дээ. Солонгос нь Хятадаас ханзыг Күнзийн сурталтай нь авсан. Гэтэл Япон дагаад ханз авчихгүй юу. Одоо япончуудтаван мянган ханзаар бичиж байна. Хятадын ханз бол хязгааргүй. Хятадын ханз бол идео бичиг. Нэг үг нэг утгатай байна гэсэн үг. Ухаандаа, Баясгалан гэхийг дөрвөн ханзаар бичдэг. Бая си хо лан гэж. Цагаан сүүлтэй чоно гэсэн үг. Япончуудханзыг хятад дуудлагад тохируулж авсан байдаг юм.
-Тэгээд яасан бэ?
-Япончууд одоо ханзаа болиод латин руу оръё гэж ярьж байна. Японы бүх техник технологи латинаар явдаг юм байна. Тийм учраас одоо тэд яаж энэ асуудлаа шийдэх вэ гэж ярьцгааж байна. Танай монгол яаж шинэ бичигт шилжсэн бэ гэж надаас асууж байна лээ. Арлууд нь хоорондоо аялгууны ялгаатай ярьдаг юм байна. Энийгээ яаж нэгтгэх вэ гэдгээ япончууд ярьж байгаа юм байна лээ. Манай эртний хаад, ноёд их ухаантай улс байж л дээ. Хятадтай өвөр түүрийндээ орчихсон байсан хэрнээ хятад ханзыг аваагүй. Бүр хаа байсан согдыг, иран араб гаралтай үсгийг авсан. Уйгаржин монгол бичгийг хэвтүүлээд харахаар араб бичиг болчихдог юм. Үсэг нь яг адилхан. Дандаа араб үсэгнүүд байхгүй юу. Энийг бид “согд” гэж нэрлэдэг. Согдоос уйгар аваад уйгараас бид авсан байхгүй юу. Монгол Улс гээд хуучин бичгээр биччихээр арабууд яг л уншчихдаг юм. Манай уйгаржин бичгийг арабууд хэвтээгээр уншаад байдаг юм. Монголын нэг гайхамшиг бол ханзыг аваагүй арабаас үсэг авсан явдал. Дөрвөлжин бичгийг Түвдээс авсан. Өндөр гэгээн Занабазар эртний Энэтхэгээс соёмбо үсгийг авсан. Ойрадын Гунгаажалцан тод үсгийг монгол бичгээсээ авсан.Манжууд гэхэд л Хятадад эзлэгдчихээд ханзыг аваагүй монгол бичгийг авсан шүү дээ. Манжийн үсэг бол монгол бичиг шүү дээ. Үсэг гэдэг бол цаанаа их нарийн учир шалтгаантай учраас би яриад байна. Бичиг үсгээ солино гэдэг асуудал өнөөдрийн нийгэмд байж таарахгүй. Магадгүй, нэг, хоёр зуун жилийн дараа дэлхий үсгээ солих үед бид дагаж болно. Өнөөдөр цаг нь биш. Талхгүй сууж байж үсгээ сольдог тэд хэн юм бэ. Үсэг бичиг гэдэг тоглоом хийдэг эд биш. Ямар сайндаа Да багш зарим талаар гэмшиж байхав. Гэтэл криллд орсон нь буруу байгаагүй. Европын соёлыг оруулж ирсэн юм. Өөр их олон дэвшил авчирсан.
-Эрдэмтэд, нийгэм олноороо крилл бичгээ халахыг эрс эсэргүүцэж байна л даа. Гэсэн ч УИХ хуулийг хүчээр баталчихдаг. Наад зах нь дөч тавин жилнийтээрээ харанхуй явна гэсэн үг биз?
-Юм мэддэггүй улс тоглоом хийж байна. Би багш хүн. Тавин жил их сургуульд багшилсан профессор. Бичгээ солих хууль баталдаг тэд чинь хэн юм бэ. Ард түмнээсээ ич л дээ. Сая нэг ийм асуудал үүслээ. Украйн улс крилл бичигтэй юм байна л даа. Энийгээ хаяад латинд оръё гэж байна. Оросоосоо урваж байгаагаа харуулж байгаа байх нь л дээ. Казахстан бас латинд оръё гэж байна. Бид тэднийг дагаж болохгүй ээ. Улс төр гэдэг чинь ухаандаа, элээний дэвэлтэд сүүдэр байхгүй гэдэгтэй адил юм шүү дээ. Улс төртэй соёлоо битгий хутга. Соёл гэдэг чинь ард түмэн. Улс орон бол хэдхэн дуракийн тоглоом биш. Крилл бичиг дэлхийн соёл иргэншилтэй биднийг ойртуулснаар монголчууд гаднын хэлүүдийг амархан сурсан. Криллээ маш амархан сурсан шигээ англи, орос, герман гээд бусад хэлийг амархан сурсан шүү дээ. Шинэ үеийн залуусыг хуучин түүхээ хуучин бичгээрээ уншиж чадахгүй болгосноос өөр хор уршиг гараагүй. Крилл үсэг бол маш том дэвшлийг авчирсан. Хамгийн гол дэвшил нь, шинэ монгол үндэстнийг бий болгосон юм. Халх хэл аялгуун дээр суурилсан монгол хэлийг бий болгосон. Халх хэл аялгуу гэдэг бол өнөөдрийн Өвөр Монголын цахар хэл биш. Шинэ бичиг бол тусгаар монгол хэлийг бий болгосон гэсэн үг. Өвөр Монголоос, буриадуудаас ялгаатай шинэ монгол үндэстэнг бий болгосон юм.
-Бичиг үсгийн шилжилт ер нь эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг юм бэ?
-Хоцрогдоод хуучин нийгэмдээ орох гээгүй л юм бол уйгаржинд орж болохгүй.Ухаандаа, чи бид хоёр хөдсөн дээлээ өмсөнө гэсэн үг шүү дээ. Харин хуучин монгол бичгээ битгий муул. Хадгалъя. Сурах хөдөлгөөн өрнүүлье. Сурах сонирхолтой залуучуудаа дэмжье. Крилл бичгээ харин монгол бичиг болгож хувиргаж авъя. Латин бол эртний Ромын бичиг. Крилл бол эртний Грекийн бичиг. Грек, Ром хоёрын бичиг байхгүй юу.
-Хуучин монгол бичгээр түүхээ мэдэж авахаас өөр юуг амьдралдаа хэрэглэх вэ. Улс орнууд өдөр ирэх бүр бие биенээсээ хамааралтай болоод байгаа үед?
-Даяаршилд тэртэй тэргүй орно. Олон юман дээр даяаршиж байна. Хамгийн хүчтэй нь эдийн засгийн даяаршил. Өнөөдөр бид эдийн засгийн хямралд орчихоод байгаа биз дээ. Өрийн таазаа дээшлүүлье, мөнгө зээл авъя гэж байна. Энэ чинь даяаршилд орох гэж байна шүү дээ. Үнэн хэрэгтээ эдийн засгийн даяаршил бол айлаас мөнгө л авч байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр ард түмэн амьдралаа яаж сайжруулъя даа гэж ярих нь асуудал болохоос биш ганц нэг үсэг, хатуу, зөөлний тэмдэг ярих, хуучин бичиг ярих асуудал биш шүү дээ. Тавь жаран жилийн дараа Монгол тэртэй тэргүй бүсийн хэлэнд орно. Англи юм уу хятад хэлний бүсэд орно.
– Үндэслэл нь юу юм бэ?
-Хаана, хэнийх нь амьдрал сайн байна бусад нь тэр хэл рүү орно шүү дээ. Ши Жин Пин ирээд хэлсэн дээ. Бид нар Монгол руу түрэмгийлэл хийхгүй ээ. Харин та нар бол манай ах дүү юм аа. Ядарсан үедээ наашаа хүрээд ирнэ ээ. Бид нар тэврээд авна аа л гэж хэлсэн шүү дээ. Тэгж л хэлсэн. Наад зах нь тавь жаран жилийн дараа, зуун жилийн дараа гэхэд юун уйгаржин бичиг вэ,хятад хэлтнүүд болж хувирч болно. Энэ бол таамаглал биш зүй тогтол. Харин тавь жаран жилий дараа гэдгийг би магадлалтай л гэж хэлж байгаа юм. Англи хэлний бүсэд орох ямар ч бололцоо бидэнд байхгүй. Мянга найман зуун километрийн цаана хятадууд байна. Оросууд бидэнд мөнгө өгөхгүй. Америк мөнгө өгөхгүй. Тэгэхээр ойлгомжтой биз дээ.
-Бүсийн хэлтэй болох зүй тогтол нь эдийн засагтай шууд холбоотой юу?
-Энэ бол даяаршилтай холбоотой. Дэлхий хөгжинө. Бид нар хөгжинө. Бид адуугаа хариулаад тал нутагтаа амьдарна гэдэг. Дэлхий тэгэхгүй шүү дээ. Энэ чинь эх орноос гадна дэлхий шүү дээ. Даяаршил гэдэг бол бодлого нь хэзээд нэг удирдлага руугаа явдаг юм. Нэг л бодлогод тулгуурлана. Хэл судлаач эрдэмтэн Маар гэдэг хүн 1920-иод онд хэлсэн байдаг юм. Яваандаа дэлхий нэг хэлтэй болно гэж. Дэлхий дээр НҮБ-д бүртгэлтэй 340 хэл байна. Одоо улам цөөрч байна. Жишээ нь, Африк олон хэлтэй байсан бол одоо англи хэлтэй болчихоод байна. Гэхдээ наана нь бүсийн хэлтэй болно оо. Хэл бол соёлоо дагадаг юм. Англи хэл өнөөдөр эдийн засгийн хэл, франц хэл урлаг, уран зохиолын хэл. Итали хэл хөгжмийн хэл, герман хэл техникийн хэл. Хаана юугаараа хүчтэй байна хэл нь түүнийгээ дагадаг. 1960 оны үед юм аа. Хятадын Ерөнхий сайд Жоу Инь Лай улс орондоо бичиг соёлын бодлого явуулсан юм. Хятад улс латин хэлэнд шилжье гэсэн. Тэгсэн чинь дөрвөн хятад хэл гараад ирсэн байгаа юм. Шанхайн хэл, Бээжингийн хэл, Сичуаны хэл гэхчлэн. Дөрвөн үндэстэн гараад ирж байгаа биз дээ. Хятад ханз бичихээрээ адилхан боловч уншихаараа өөр өөр шүү дээ. Тэгээд хоорондоо яриад ерөөсөө ойлголцдоггүй. Тийм учраас дөрвөн өөр хятад гарч ирлээ гэж айгаад буцаагаад ханзад нь оруулчихсан. Бичиг үсэг бүхэл бүтэн Хятад улсыг дөрөв хуваах учраас Жоу Лай айгаад болиулсан юм гэнэ лээ. Одоо манайд ярьж байгаа яриа бол үүнтэй адил юм шүү дээ.
Би крилл үсэг бичгийг их дэвшилтэт үсэг гэж боддогоо хэлсэн.Үүний ачаар бид буриад, дөрвөд халхын ялгаагүй болсон шүү дээ. Тийм учраас шинэ бичиг бол шинэ монгол үндэстэнг бий болгосон юм аа. Бий болгохдоо халх төвийн үзэл дээр тулгуурласан шинэ монгол үндэстэнг бий болгосон. Үүгээрээ бид нар гоё байна шүү дээ. ыИйм учраас Монголын тусгаар тогтнол шинэ үсэг буюу крилл үсэгтэй шууд холбоотой байгаа юм. Харин уйгаржин монгол бичиг бичгийн уран зохиолыг л бий болгосон юм. Хубилай хаан 1240 онд хаан болоод байхдаа Юань гүрнийг байгууллаа. Тэгэхдээ шинэ соёлыг байгуулъя гэж бодсон л доо. Тэгээд шинэ үсэг бий болгоё гэсэн. Хажууд нь Хятадын том эрдэмтэд байхад ханзыг аваагүй. Тээр хол Түвдээс Пагва ламыг авчраад ланз үсгийг монгол хэлэнд урвуулаад л бичсэн. Дөрвөлжин гэж хэлээд байгаа бичиг тэр. Яагаад Хубилай хаан Хятадыг эзэлчихээд ханз аваагүй юм бэ гээд бод. Энэ чинь монгол ухаан байхгүй юу.
Н.ПАГМА