Categories
мэдээ цаг-үе

Жинхэнэ хайр

Америкийн шилдэг романтик зохиолчоор 1995-1997 онд шалгарч байсан Францина Райверсийн “Жинхэнэ хайр” номыг энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. Уг зохиолд 1850-аад оны алтны хот гэгдэх Америкийн Калифорнийн уйтгар, гай зовлонгоор дүүрэн амьдралыг дүрсэлдэг. Тухайн цаг үед эрчүүд өөрсдийн бардам зан, эрхэмлэн нандигнах эд зүйл, тэр ч бүү хэл хайр сэтгэлээ хумсны толион чинээ алтаар солихоос сийхгүй бол эмэгтэйчүүд нь өөрсдийн биеэ ганц өдрийг аргацаах хоол хүнс, хоноглох газрын төлөө наймаалдаг байв. Ийм нийгэм эхээсээ хар нялхаараа өнчирсөн, харж хандах ах дүүгүй Сара хэмээх бяцхан охины амьдралыг хэрхэн орвонгоор нь эргүүлж байгаа талаарх сэтгэл өвтгөм түүхийг зохиолч Францина Райверс маш чадварлагаар тус зохиолдоо бичжээ. Сараг наймхан настай байхад нь ээж нь өвчний улмаас нас барах бөгөөд тэрээр хэсэг хугацаанд авга ах Рабтай амьдарна. Тогтсон ажилгүй, архинд дуртай Раб Сараг баян эр Дюкд үрчлүүлснээр Сарагийн амьдралын тамын гэмээр хүндхэн өдрүүд эхэлнэ. Учир нь Дюк огтхон ч эргэлзэлгүйгээр Сараг эмсийн хүрээлэнд тэр дор нь зарна. Ээжийгээ дуурайсан өндөр хүзүү, том хар нүд, өтгөн хөмсөгтэй охинд нүд унагах эрчүүд олон. Тэд бяцхан охиныг сахиусан тэнгэр буюу Анжел хэмээн дуудна. Хүүхэд байхдаа эмсийн хүрээлэнд зарагдсан тэрээр амьдралыг үзэн ядахаас гадна Анжелийн хувьд эр хүн гэдэг гай зовлон мэт санагдах болно. Цаг хугацаа хөвөрсөөр нэг л мэдэхэд арван жил өнгөрнө.

Гэтэл нэгэн өдөр Майкл Хосе хэмээх бурхны сургаалийг дээдлэн сахидаг, даруу төлөв залуу Анжелийг харсан даруйдаа сэтгэл алдарна. Эцэж турсан, нүднийх нь гал цог бөхсөн Анжел түүнд хорвоогийн хамгийн үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн мэт санагдана. Гэсэн хэдий ч Анжел Майктай бусад эрчүүдийн адилаар хүйтэн хөндий харьцаж, хэсэг хугацаанд өөрт нь чин сэтгэлээсээ хайртай гэдэгт үл итгэнэ. Эмсийн хүрээлэнгийн эзэн Дукесс Анжелийг хоолны шавхруугаар ундалж, хувцасны уранхай тасархайгаар биеийг нь халхлуулж, өдөрт хэдэн арван эрд дамжуулж худалдана. Энэ амьдралаасаа залхсандаа нэгэн удаа эмсийн хүрээлэнгээс оргохыг завдах ч бүтэлгүйтнэ. Харгис Дукесс түүнд олон хоног хоол өгөлгүй, зодож тарчлаана. Дээрх таагүй мэдээг Майкл дуулсан даруйдаа Дукесстэй уулзаж, түүнд атгын чинээ алт өгч Анжелийг эрх чөлөөтэй болгоно. Энэ үед Дукесс “Калифорниос ийм өндөр үнээр өөртөө гай зовлон худалдаж авдаг, чи ч тэнэг амьтан юм аа” гэвэл Майкл “Үгүй ээ. Та бүхэнд энэ алтыг өгөөд би хайртай хүнээ худалдаж авах биш, эрх чөлөөтэй болгож байна. Биеийг нь тэнхэртэл би гэртээ асарч тойлно. Үүний дараа надтай амьдрах эсэхээ Анжел өөрөө шийднэ” хэмээн хүйтэн шалан дээр ухаангүй хэвтэх Анжелийг тэврээд гарч одно. Майкл тэндээс гаруутаа шууд сүм орж, Анжелтай хуримлана. Ийн Майкл түүнд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ өөрийн үг үйлдлээрээ бэлхнээ батална. Энэ үеэр Майклд тэврүүлсэн шархандаа халуурч, тамиргүйдэн, ухаангүй болсон Анжелийн чихэнд найз бүсгүй нь “Чи одоо бусдын адил гэрлэсэн эмэгтэй боллоо. Анжел. Чиний хуруунд хуримын бөгж хичнээн сайхан харагдаж байна гээч. Энэ Майклийн ээжийнх нь бөгж гээд бод доо. Тэр ээжийнхээ бөгжийг чиний хуруунд зүүж өгсөн байна шүү дээ. Чамайг ээж шигээ хайрлаж хүндэлдэг болохоор тэр шүү дээ” хэмээн шивнэнэ.

Ийн тэд хуримлаж, Майклийнд амьдрах болно. Майкл Анжелийн хажуунаас алхам ч холдолгүй асарч тойглон, түүнийг хөл дээр нь босгоно. Анжел үймээн, нүргээнт Калифорниос амар амгалан, тайван нэгэн бөглүү тосгонд иржээ. Энд Майкл газар тариалан эрхэлж амьдардаг юм. Анжел Майклтай хамт сэрж, хөшгөө нээх бүртээ нарны тув тунгалаг туяагаар сэтгэлээ дүүргэхийг хүснэ. Тэр зовлон шаналал дунд өнгөрсөн 10 жилийн амьдралаа ор моргүй мартах болно. Учир нь Майкл Анжелийн үзэн ядах буг хар сэтгэлийгхайраараа эмчилнэ. Түүний ихэнх найз нөхөд, хамаатан садан Анжелийг цэнгээний газарт ажилладаг байсныг мэдэнгүүтээ Майклийг түүнээс салгах олон арга сүвэгчлэх авч тэдний нэгнээ гэсэн сэтгэлд сэв суулгаж чаддаггүй. Энэ бол ямар ч болзолгүй, үл хувирах, жинхэнэ хайрын гэгээн түүх юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *