Баабар ингэж өгүүлэв
Дал наяад оны дунд сургуулийн төгсөх ангийнхны хувьд байж болох хамгийн том мөрөөдөл нь Москвагийн Олон улсын харилцааны сургууль (Оросоор МГИМО гэж товчилно) байлаа. Энэ сургууль байгуулагдсаныхаа 70 жилийн ойг саяхан тэмдэглэсэн. Энэ хооронд тэнд Монголоос 500 гаруй хүн суралцжээ. Төгсөгчдөөс Засгийн газрын тэргүүн нэг төрсөн нь Сү. Батболд. Анхны төгсөгчдөөс энх тунх байгаа нь академич Бира гуай.
Хүүхэд залуусын мөрөөдөл байсан шалтгаан их энгийн. Хаалттай нийгэмд чухам тэнд сургууль төгссөн хүнд л гадаадад явах, ажиллах, амьдрах бололцоо гарна. Мал аж ахуйн орон мөртөө мах сүү ч олддоггүй байсан тэр үед гадаадад явах, ажиллах эрх бүхий цөөн айл цулайж буй нь бүгдэд ил. Монголд тэд л жаргалтай. Ийм тэнгэрийн хишиг гадаад болон дотоод яамныханд л олдоно. Тэнд Монголоос суралцагсдын тал нь дарга сайд мяндагтны хүүхдүүд. Үлдсэн тал нь малчных. Дарга нарын хүүхдийг халхалж “ард түмэнсэг” харагдуулах гэж байгаа нь тэр. Хожим ажил төрөл дээр гарсан хойно нь ажиглахад өнөө малчин тариачны хүүхдүүд л алба хашсан, дарга нарынх нь хаачсан нь бүү мэд сураг тасарсан байдагсан.
Тэр сургуульд юу заадаг, ямар түвшнийх болохыг нь сонирхох хүн ховор доо. Хойно сурч байгаа сэргэлэн охид л МГИМО-оос ирээдүйн нөхөр сугалах гэж өрсөлддөг байлаа. Чадсан нэг нь Лаосоос Нью-Йоркт хүртэл амьдарч найз нарынхаа атаархлыг олон жил хүртсэн. За, ямарчиг л байсан дипломат бэлддэг сургууль. Дипломат гэж хэн бэ? Гадаад улс төрийн бодлоготон. Юутай ч толь бичигт ингэж тодорхойлжээ. МГИМО төгсөөд гадаад улс төрийн бодлоготон болдог юм бол бид чинь аль 90 он гэхэд 500 гаруй луглагар бодлоготонтой болсон юм байна шүү дээ. Елүй Чуцайгаас авахуулаад орчин үед да лам Цэрэнчимэд, Ширнэндамдин, Цэрэндорж, Амар гээд л, саяхныхнаас нь гэвэл сургуульд огт сураагүй Самбуу, КУТВ төгссөн Жаргалсайхан, малын эмч Ёндон, намын ажилтан Дамбадаржаа, математикч Банзар, хэвлэлийн инжинер Гомбосүрэн гэхчлэн жинхэнэ гадаад бодлогын бодлоготонгуут тэр сургуулиас нь тэс гадуур явсан байх юм.
МГИМО-д социализмын үед эрхзүй, эдийн засгаар мэргэжилтэн бэлддэг байжээ. Мэдээж тэр нь нуль үзэл сурталжсан, цаад капиталистууд чинь тэгнэ шүү, тэгэнгүүт нь урдаас нь ингэж мадлаарай гэсэн ерөнхий санаатай. Капиталист империалистуудтай үзэлцэх нүүрэн эгнээний дайчид! Мэдээж хөрөнгөтний хэл сурна. Гадаад хэл бол чаддаг хүндээ ертөнц рүү гарах түлхүүр болохоос мэргэжил биш л дээ. Жаргалсайханы Энхсайхан, Стратеги судлалын хуульч Ганбат, Ардчиллын анхдагч эмч Бошгот, Үндэсний аюулгүйн зөвлөлийн физикч Даваадорж, хурандаа Дашдаваа, сайд асан вируслогич Нямдаваа, үйлдвэрчний Лу.Болд гээд 5-6 хэл мэддэг хүн цөөнгүй бий. Одоогийн залуус дунд олон хэлтэй хүн цөөнгүй болсон. Ер нь монголчууд цөөхүүл болохоор гадаад хэл их чухал байж. Лам нарыг хядахын өмнө хүн амын 30 хувь нь түвдтэй байж. Социализм ид мандаж байхад 60 хувь нь аль нэг түвшний оростой байж. Аргал түүж явсан чавганцаас жуулчин “инглиш?” гэж асуухад “нөү шүү дээ” гэж хариулсан гэх. Өнөөдөр солонгос хэлээр ойлгох монголчууд 100 мянгад хүрчээ. Ингэхээр тэд юугаараа ялгарах вэ? Асгаж цутгалгүй хоолоо зөв халбагадах тухай хичээл ордог гэсэн, ихэнх нь тэрийг дажгүй сураад авсан боловч зарим нь ч найгүй шүү дээ. Насаараа гадаадад суучихаад хүлээн авалт болгонд очиж тасартлаа уугаад тэнд нь бөөлжин шившгээ хутгаж өргүүлж тэврүүлж хөөгддөг мгимочин нэг биш байсныг сайн мэдэх юм байна. Ийм, ийм болоод л “Много Гордости И Мало Образования” гэж шоолдог биз. Дүгэрсүрэн, Хосбаяр, Оросоо, Энхсайхан, Бэхбат гээд мундаг дипломатууд мгимог дамжсан боловч тэр нь сургуулийн гэхээсээ цаад хүний төрөлх цөлх авьяас ухааных биз ээ.
Социализмын үед Гадаад яамыг хов, матаасаар дүүрсэн, өөрсдийгөө нийгмийн элит гээд ойлгочихсон бэртэгчдийн үүр гэцгээдэг байсан нь атаархлаас ундраатай ч байж магадгүй л дээ. Гэхдээ л олон жил цугларсан матаас бичгийг устгахад хэдэн шкаф болж байсан гэдэг. Ардчиллын эхэнд “цус ойртсон” гэж шүүмжлүүлж байсан нь үнэний хувьтай байх. Цаашаагаа ч гоё болсон доо, дандаа “өөрийн командууд”, хоёр жил тутамд үндсэн бүрэлдэхүүнээрээ солигдоно. Гадагшаа явснуудын хагас нь тамхи, хар тамхины наймаа хийж хөөгдөж ирнэ. Монголд зуд боллоо гэж мөнгө бадарчлаад хувьдаа шамшигдуулсан хэрэг ч гарсан. Ер нь л бөгс улаймаар. Визний хэрэгт хэд нь ч холбогдов доо. Нэг л өлссөн амьтад! Харин матаасын уламжлалаа орхиогүй, “ховч хар” хоч биендээ яг онож өгнө. Дээр үед ЮНЭСКО-д сууж байсан төлөөлөгч тэндээ нэлээд том даргад дэвшжээ. Мань эр баярлаад зөвшөөрчихөж. Тэгсэн тэрнийг нь харлуулаад нааш “мэдээлчихсэн” чинь тэндээсээ хөөгдөөд, асуулгүй дураараа загнасан хэмээн шийтгүүлсэн байдаг. XXI зуун гараад НҮБ-ын Ерөнхийн нарийн Азиас сонгогдох ээлж иржээ. Монголын төлөөлөгчийн нэр дэвшив. Харин манай Гадаад сайд ихэд хилэгнэн, эрс эсэргүүцэж байгаагаа яаран илэрхийлсэн гэх. Ийм газраас чадалтай тэнхээтэйнүүд нь бүгд зугтаад арилсан. Хувийн салбарт хүч чадлаа үзэх тэд олсон мэдлэгээ зөв ашиглаж яваа. Нэг үгэндээ чадах ажлаа олсон гэсэн үг. Чөлөөт нийгэм хүн болгонд бололцоо олгодог, түүнийг ухаантай нэг нь л ашиглаж чаддаг. Өнөөгийн залуус мгимочин болох гэж үхэлдэхээ ч больсон. Шинэ нийгэм тэдэнд илүү бололцоо, илүү ирээдүй амлаж байгаа юм. Чадалтай, боловсролтой, сүүхээтэй бол шүү дээ.
Дипломат буюу гадаад бодлоготон болоход ямар сургуульд сурав гэдгээсээ ямар хүн болж төрөв, төлөвшив гэдгээс хамаардаг бололтой. Талэран, Бисмарк, Ришөлье нарыг хэлэхээ больё, ердөө л Жаргалсайхан гуайн амьдрал, ажил үйлсийн намтрыг эргэж харахад хангалттай. Энэ хүн аль 1915 онд одоогийн Дорнод аймагт буюу хоцрогдсон Монголын хамгийн алслагдсан нутагт төржээ. Гэрээр монгол бичиг дөрвөн аргын тоотой болсон аж. Сонирхолтой нь тэр үед Манжуурын нутгаар Дорнод Хятадын төмөр зам тавигдсан тул Монголын дорнод хэсэгт гадаадын хөрөнгө оруулагчид үзэгдэх болж, англи, америк, орос, европ хүмүүс харагдах болсон учир нутгийн ардууд тэдэнтэй наймаа хийх болсон байна. Монголчууд анх удаа Хятад Оросын бус бараа худалдан авах нь их болжээ. Ялангуяа хурдан буу, дуран, хачин чамин боодолтой хүнс гэх мэт. Өдгөө ч Дорнод, Сүхбаатар аймгийнхан зүү утасны хайрцгаа “хээз” гэж нэрлэдэг гэнэ. Энэ нь англи хэлний caseбуюу хайрцаг гэсэн үг. Хэргийн мөрөөр хөөвөл нутгийн ардууд төмөр хайрцагтай жигнэмэг, шокалад америкчуудаас худалдан авч саванд нь зүү утсаа хадгалдаг байсан бололтой.
Жаргалсайхан гуай нутагтаа эвлэл, захиргааны ажил хийж байгаад Улаанбаатарт дэвшин иржээ. Уран зохиол оролддог учир Буяннэмэхийн туслах хийж байснаа Ерөнхий сайд Амарын гарын нарийн бичиг болж. Төрийн зүтгэлтэн, дипломат, гадаад бодлоготон энэ аугаа хүний дэргэд байснаар тэрээр тухайн үед их хядлагаас болж тасарч байсан уламжлалт төрийн бодлогын нарийн ширийнтэй танилцжээ. Тэрээр өмнөхөн нь Улаан-Үдэд Рабфакт хоёр жил сурсан тул орос хэлтэй болоод авсан. Хар залуугаараа байсан болохоор их хядлагад өртсөнгүй, харин ч мэргэжилтэй боловсон хүчин алагдаад дууссан болохоор мань залууг Москвад Элчин сайдын яаманд ажиллуулахаар томилжээ. Дайны турш тэндээ ажилласан. Сайд нь Монголын уламжлалт төрийн хүний бүхий л шинж төлөвийг авч үлдсэн хашир туршлагатай Самбуу хэмээх нэгэн байсан нь залуу хархүүд ихийг сургажээ. Энэ хооронд тэрээр бие даан англи хэл сурсан байна.
Дайны дараа Жаргалсайхан гуайг Зохиолчдын хороон дарга, Энхтайваны хороон дарга зэрэг албанд томилжээ. Монгол Улсын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдөж, гадаад харилцааг хөгжүүлэх шаардлага гарчээ. Гэтэл хамаг сэхээтэн боловсон хүчнээ хядаад дууссан, шинэ үеийн сэхээтнүүд төрж амжаагүй байсан тэр цагт Жаргалсайхан гуай шиг хүн олдошгүй эрдэнэ байлаа. Нутгийн хүн нь болох маршал Чойбалсан ч түүнд итгэнэ. Дайны дараа хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улс янз бүрийн олон улсын арга хэмжээ, хурал хуй, зөвлөлгөөнд уригдах боллоо. Ийм юманд Жаргалсайхан гуайг явуулна.
1946 онд Тусгаар тогтносон Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө өглөө. Маршал Чойбалсангийн гарын үсэгтэй бичгийг авч далай гатлан Нью-Йоркт аваачих эхний итгэлт хүнээр Жаргалсайхан гуай нэрлэгдсэн юм. ЗХУ-ын элчин Приходовын шахалтаар намын ерөнхий Цэдэнбал төлөөлөгчдийг ахлах болов. Нэгэнт намын дарга очих нь зохимжгүй учир яг мордохынх нь өмнө өдөр Цэдэнбалыг Ерөнхий сайдын орлогчоор томилох тушаал гарчээ. Дагалдуулаад түүний бие хамгаалагч Дамбасүрэн, Дашдаваа нарыг нэмж явуулав. Гишүүн болохыг байнгын гишүүн Хятад дэмжсэн боловч АНУ ба ЗХУ хоорондоо тохироогүйгээс болж тэр жил Монгол НҮБ-д орж чадсангүй. Хэт их гүрнүүдийн хоорондын тохиролцоо, тэр дунд жижиг гүрний байр суурь ба үүнийг хэрхэн гэтлэн давах талаар эндээс Жаргалсайхан гуай асар их туршлага олж мэдсэн гэх.
Чойбалсан, дараа нь Цэдэнбал гадаад харилцааны аль л эмзэг маргаантай асуудлыг олон жилийн турш Жаргалсайхан гуайд даатгаж байжээ. Түүнийг Хятадад суух анхны Элчин сайдаар тавьсан нь үүний илэрхийлэл. Дараа нь Монголоос НҮБ-д суух анхны байнгын төлөөлөгч болсон. Мөн Африк тивд суух анхны элчин болж байлаа. Дэлхийн коммунист орнуудын уулзалт 1960-аад оноос нэн төвөгтэй байдалд орсон нь энэ ертөнцийг Хятад, ЗХУ-ын аль нь толгойлох талаархи маргаан. Энэ хоёр хүчирхэг орны завсар хавчуулагдсан жижиг Монголын байр суурийг эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй илэрхийлнэ гэдэг чухамдаа жинхэнэ дипломат хүний ур ухаан билээ. Энэ төвөгтэй ажилд мөн л Жаргалсайхан гуайг илгээж, хэлэх үгийн эхийг түүгээр хийлгэжээ. Үзэл суртлын хурц үгээр дайрч хувьсгалчирхдаг намын хэнхэгүүд түүний бэлдсэн үгийг хэт мохоо, бөөрөнхий хэмээн зэмлэж байсан гэдэг. Дипломат хүн “үгүй” гэсэн санаагаа ч “за”, “тийм” гэсэн үгээр орлуулан байр сууриа илэрхийлж чадах ёстой. Дипломат хүн гэдэг юутай ч төлөөлж буй орныхоо байр суурь, эрх ашгийг эцсийн бүлэгт аваад гарах чадвартан л байх ёстой. Матаачин, ховчин болоод төрчихсөн бол яая гэхэв гэхэд “хална хөөнө, ална шудна” гэсэн дөвчигнүүр байж болохгүй л дээ, дипломат. Ерөнхий сайд асан Гэндэн, ГЯЯ-ы сайд асан Аварзэд нар бол тууштай эх оронч, Монголын ард түмний үнэнч хөвүүд гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч тэд дипломат байж чадаагүй учраас л эрх ашгаа хамгаалан авч гарч чадаагүй ялагдсан юм. Улс оронд гадаад бодлоготон дипломат мөн ч хэрэгтэй байна даа. Тэр дундаа манайх шиг жижиг орон эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаа дипломат арга замаар л хамгаалж авч үлдэнэ шүү дээ.
Дипломат бодлогод уламжлал маш чухал. Урьдын гэрээ, тохирооны гэрч нарыг наснаас үл хамааран байлгаж, галзуу хүн шиг өнөөдөр нэгийг маргааш өөрийг яриад байх алдаанаас сэргийлдэг. Энэ чанар Жаргалсайхан гуайд гойд байжээ. Тэрээр Монголын дипломат бодлогын хагас зууны амьд толь байсан юм. Ийм “амьд толь”-гүйгээр гадаад бодлого үргэлжлэх бололцоогүй. Иймээс л бусад газраас ялгаатай нь гадаад бодлогын аппаратыг нэг амьсгаагаар сольж өөрчлөн орвонгоор нь эргүүлэх, гэнэт бөөнөөр нь “залуужуулах” нь төрдөө дайсагнаж буй хэрэг. Монголоор дүүрэн Монголын дайсан!
2014.1.23