Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим асуултад хариулт авлаа.
-Гурван сая дахь иргэнийг урамшуулах ажил хэзээнээс эхлэх вэ. Засгийн газраас гурван өрөө байр гардуулна гэсэн мэдээлэл байна?
-Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнаар тодорсон иргэдийг урамшуулах мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Тухайн өдөр төрсөн гурван сая дахь хүүхэддээ 70 сая төгрөг олгоно. Мөн гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн эхний гучин хүүхдэд тухайн аймаг, дүүргийн ИТХ-аас нь 70 сая төгрөг олгох эрхийг олгоод байгаа.
-Гурван сая дахь иргэнийг яг хэзээнээс алдаршуулах вэ. Байр болон 70 сая төгрөгийг хэзээ өгөх юм бэ?
-Дөнгөж төрсөн хүүхэд учраас хамаагүй мэдээллийг нь дэлгээд байж болохгүй. Эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан үед буюу аль тохиромжтой үед алдаршуулах ажлаа хийнэ. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно. Уг хуралдаанаар энэ ажлыг хэрхэн, яаж зохион байгуулах талаар ярилцаж шийдвэр гаргана.