Украины зүүн хязгаарын Оросыг дэмжигч зэвсэгт босогчид Донецк мужийн зүүн өмнөд хэсгийн Мариуполь хотод довтолжээ. Энэ үеэр Мариуполь хотноо 30 хүн амь үрэгдэж, 83 хүн гэмтэж шархатсан байна. Зэвсэгт босогчид алсын тусгалын пуужин зэргийг ашиглан довтолжээ. Оросыг дэмжигчдийн довтолгооны улмаас Украины ерөнхийлөгч Пётр Порошенко өнөөдөр /I.25/ Киевт үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулав.
Азов тэнгисийн эрэгт орших 500 мянган хүн амтай Мариуполь нь аж үйлдвэржсэн хот юм. Мариуполь хотоор дамжин ОХУ-ын хилээс Крымын хойгт хүрэх боломжтой байдаг байна. Оросыг дэмжигчид өнгөрсөн есдүгээр сард Киевийн Засгийн газартай энхийн хэлэлцээр хийхээс өмнө тус хотыг эзлэхээр дайралт хийж байсан аж. Крымын хойг өнгөрсөн гуравдугаар сард Украинаас салж, ОХУ-д нэгдсэн юм.
Үүний зэрэгцээ Оросыг дэмжигч салан тусгаарлагчид цаашид Донецк мужийн зүүн хойд хэсэгт орших Дебальцево жижиг хотыг бүслэлтэнд авахаар төлөвлөж буйг босогчдын тэргүүн Александр Захарченко мэдэгджээ.