Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн оролцоо Монголын Парламентат ёсны өлгий нутагт

Хэнтий аймгийн Бин­дэр сумын Орон нут­гийн зохицуулагч Г.Нарман­дахтай ярилцлаа.

-Орон нутгийн зохицуулагч гэж ямар албан тушаал вэ. Та хэзээнээс энэ ажлыг хийж эхлэв?

-Орон нутгийн зохицуулагч нь төрийн болон орон нутгийн хэмжээний бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, иргэн болон төрийн байгууллагын хоорондын мэдээллийн гүүр болж ажиллах үүрэгтэй хүн гэж боддог. Манай суманд энэ төсөл 2014 оны гурван сараас эхлэн хэрэгжсэн. Тэр цагаас эхлэн би орон нутгийн зохицуулагчаар ажиллаж байна. Биндэр сумын иргэд нь ажилсаг, идэвхтэй, сумын удирдлага нь иргэдийн оролцооны бодлогыг маш их дэмждэг учраас ЕТГ-аас дэмжиж, Монгол Улсын хэмжээнд иргэдийн оролцоо, шууд ардчиллын загвар бий болгох төсөлд хамруулсан. Удирдлага нь дэмждэггүй газар ийм чухал бодлого хэрэгжинэ гэдэг бэрхшээлтэй байдаг талаар бусад сумын иргэдээс дуулж байсан. Ер нь иргэдийн оролцооны ажлыг зохицуулах ажилтан ИТХ-ын дэргэд ажиллуулмаар гэж бусад загвар сумдынхан ч мөн ярьж байна. Төсөл гэдэг богино хугацаанд хэрэгжээд дуусна. Харин төсөл дуусахад иргэдийн оролцоо дагаад дуусах ёсгүй. Иймээс зохицуулагч нар үйл ажиллагааг Иргэний танхимын зохицуулагч хэлбэрээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж бид ярилцаж байгаа. Манай сумын удирдлага иргэдийн оролцооны ач холбогдлыг ойлгож дэмжиж явдаг учраас иргэдээ идэвхтэй болгож, оролцоог дэмжиж чадна. Энэ төсөл нь сумын бодитой асуудлуудыг иргэдийн оролцоотой шийдэхэд тус дэм болно гэж найдаж байна.

-Таны ажлын хамрах хүрээ, үүрэг юу вэ?

-Иргэний танхимын үйл­чил­гээг чанартай, хүртээмж­тэй байдлаар иргэдэд хүргэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн мэд­лэгийг дээшлүүлж, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилго тавин ажилладаг. Иргэдийн оролцооны хуулийг УИХ-аар батлуулахын төлөө иргэдэд агуулгыг нь ойлгуулан таниулж ажиллах болно. Иргэддээ зар мэдээ хүргэж, ИНХ ба олон нийтийн хэлэлцүүлгүүдийг шинэ аргаар хөтөлснөөр үр дүнд хүрч эхэлж байна.

-Танай Биндэр сумын Иргэдийн оролцоо өмнө нь ямар байсан бэ. Энэ төсөл хэрэгжсэнээр оролцоо хэр­хэн нэмэгдэж байна вэ?

-Ер нь манай сумын иргэд их идэвхитэй л дээ. Иргэдийн оролцоотойгоор маш олон ажлууд хийгдсэн. Энэ утгаараа ч төслийг их дэмжиж байгаа. Төсөл хэрэгжсэний үр дүнд гол нь сумынхаа асуудлыг оролцооны олон арга хэрэглэн шийдээд сурчихвал энэ төслийн зорилго биелэгдлээ гэсэн үг.

-Энэ ажлынхаа арга барил, туршлагад хэрхэн суралцаж байна вэ?

-Ямар ч байсан анх эхэлж байснаа бодвол их зүйл сурч мэдэж байна. Манай төсөл орон нутгийн зохицуулагч нарыг байнгын сургалтанд хамруулж, харилцан суралцах семинар явуулдаг. Тиймээс бид бусдаасаа туршлага солилцох зэргээр сайн суралцаж байгаа. www.shuud-ardchilal.mn цахим хуудас дээр бид туршлагуудаасаа нийтлүүлж, санал солилцож байх болно.

-Сумын сайн туршлага болон анхаарах асуудлын жишээнээс ярина уу?

-Манай сумынсайн туршлага гэвэл удирдлагууд өөрсдөө биш иргэдийн оролцоотойгоор 2014-2030 оны сумынхаа хэтийн хөгжлийн төлөвлөгөөг зургаан сарын турш иргэдээсээ санал хүсэлтийг нь авч гаргасан. Энэ ажил иргэдийн сэтгэлд маш их нийцсэн. Мөн 2015 онд манай суманд хуваарилагдаж ирэх ёстой Орон нутгийн хөгжлийн санд ирүүлсэн иргэдийн саналыг багуудын ИНХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, иргэдээр өөрсдөөр нь саналыг нь эрэмбэлүүлж чадсан. Иргэд ба сумын удирдлага маш сайхан хүлээж авсан. Иргэдийн гаргасан саналуудыг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар Засаг дарга тэр даруй иргэддээ тайлбарлаж өгсөн. Иргэд хамгийн чухал асуудлуудаа сумын шийдвэрт тусгуулахаар эрэмбэлж, өөрсдөө гар өргөн шийдсэн нь давуу тал болсон.

-Ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?

-“Сайны хажуугаар саар” гэгчээр бас бэрхшээл гарахгүй байна гэж юу байх вэ. Хэлэлцүүлэг сургалт хийгээд зар хүргээд, урилга өгөөд байхад зарим үед иргэд ирж оролцохгүй үе их гардаг. Энэ үед хэцүү иргэдийг яаж оролцуулах вэ гэх мэт асуудал гардаг даа. Оролцоо гэдэг нөгөө талаас сайн дурын хэрэг. Гэхдээ бид зараа бэлтгэх, хэлэлцүүлгийн хөтөлбөрөө илүү сонирхолтой болгох, өдрөө тогтмол болгоод, хурал хэлэлцүүлэг хийх хаягаа тогтмол болгож эхэлж байна. Өөрсдөд нь хамаатай асуудал хэлэлцэхэд иргэд аяндаа ирж хэвшдэг талаар зарим загвар сумынхан ярьж байна.

-Та өөрийн сумыг арван жилийн дараа ямар болно гэж төсөөлдөг вэ?

-Би ирээдүйг их өөдрөгөөр харж байгаа. Иргэдийн амьдрах орчин улам сайжирсаар байна. Иргэд маань шийдвэр гаргах түвшинд бүрэн хүрсэн томоохон бүтээн байгуулалт үйлдвэрлэл явагдсан Монгол улсад дээгүүр орох тийм жишиг сум болно гэж бодож байна. Биндэр сумынхан ажилсаг, амьдрал нь боломжийн, байгаль нь сайхан, мал олонтой. Мөн Чингис хааны төрсөн нутаг, Монголын анхны Их Хурилдай энд чуулж, парламентын засаг энд анх тулгын галаа бадраасан,Дэлүүн болдог, Онон мөрөн гээд “Монголын нууц товчоо”-ны түүхийн нутаг болохоор иргэдийнхээ санал санаачлагыг сонсож, дэмжиж, хамтаараа зүтгээд хамгийн сайхан нутаг болно гэж итгэж байна.

-Хэлэлцүүлгүүдийн мөрөөр ямар ажлууд хийж, ямар үр дүнд хүрсэн бэ?

-Ер нь нэлээд олон хэлэлцүүлэг, сургалт хийсэн. Үүний дотроос иргэдийн сэтгэлд хүрч үр дүнд хүрсэн ажлууд гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах, айл өрхүүдийн эгнээ гудамжийг цэгцлэх, жишиг эгнээ гудамж, малын хулгайтай тэмцэх зэрэг олон ажлууд хийгдээд, үр дүнтэй явж байна.

-Холбогдох шийдвэр, хэрэгжилтийн байдлаас…Танай суманд олгогдсон тэтгэлгийн хэмжээ болон энэ хөрөнгийн эх үүсвэрээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн тухайд…

-Иргэдээс гарсан саналыг дэмжиж, ажил болгохын тулд манай удирдлагууд хичээн ажилладаг. Эн тэргүүнд иргэний танхимдаа шаардлагатай тоног төхөөрөмжийг авсан. Иргэний танхим бол манай сумын уураг тархи болох ёстой гэсэн утгаараа ийм сайн дэмжиж өгч байгаа юм. Мөн сумуудад хийгдэж байгаа ажлын талаар иргэдэд мэдээлэл түгээх, сурталчлах зорилгоор сонин сэтгүүл, гарын авлага, зургийн цомог хийж байна. Иргэний танхимынхаа талаар нэмээд ганц үг хэлмээр байна. Иргэний танхим дээр “Жижүүрийн дэвтэр” тогтмол ажиллуулдаг. Энэ дэвтэр дээр иргэд санал, хүсэлтээ бичиж үлдээдэг. ИТХ-ын төлөөлөгч нар долоо хоног тутам ээлжлэн Иргэний танхим дээр ажиллаж, иргэдийнхээ саналтай танилцаж тэдний саналыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа. Иргэд ч энэ дэвтэртэй танилцаж, бусдынхаа санал бодлыг уншиж болно. Энэ хугацаанд нэлээд хэдэн зузаан дэвтэр дүүрчихээд байгаа. Аль болох хүнд сурталгүйгээр иргэдийнхээ үгийг сонсох нь чухал юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *