Украины Засгийн газар ОХУ-ыг терроризмтой тэмцэх НҮБ-ын олон улсын конвенцийг зөрчсөн хэмээж, Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Тэрбээр “Украины зүүн хязгаарт болж буй зөрчил мөргөөлдөөнийг Орос эхлүүлж, салан тусгаарлагчдыг зэвсгээр хангасан нь хууль бус. Бидэнд хангалттай нотолгоо байгаа” гэж ярьжээ.
Арсений Яценюк “Эхний ээлжинд Оросыг шүүхэд өгөх нотолгоо, баримтаа бүрдүүлэх болно. Дараа нь Орос улс НҮБ-ын конвенцийг хэрхэн зөрчиж буй асуудлаар олон улсын зөвлөхүүдээс зөвлөгөө авна. Бид ухсан нүхэндээ эргэн унахгүйн тулд сайтар бэлдэх шаардлагатай” гэсэн байна. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украины зүүн хязгаарт өрнөж буй асуудалтай ОХУ ямар ч хамааралгүй. Орос буруугүй гэдгээ батлах болно” гэжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Украины Ерөнхийлөгч Петр Порощенко Оросын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдэж байсан юм.