35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүсэн ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ.
Улсын яллагч хуралд шинжээч нарыг, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах хүсэлт тавьсан байна. Мөн Жастин Капла нь орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьжээ. Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд энэ сарын 28-ныг хүртэл хойшлууллаа.
Энэ хэрэгт “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татаад байгаа юм.
Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ. Мөн энэ хэрэгт “Саусгоби сэндс” ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс” ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь тогтоогджээ.
Одоогоор “Саусгоби сэндс” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилсэн байна.
Дашрамд, гурван шүүгдэгч нь нэг орчуулагчтай байсан учраас багагүй хүндрэл үүссэн гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.