Хэрэглээний урлал блогийн хөтлөөч Э.Цэцгээ гэх энэ бүсгүйг даган дуурайдаг, түүнээс үлгэр авдаг олон зуун эмэгтэй байдаг. Түүнтэй хороолол дахь “Цох” дэлгүүрт нь уулзаж ярилцсан юм.
–Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Э.Цэцгээ гэдэг. Нөхөр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хэрэглээний урлал блогийг хөтөлдөг. Мөн гар урлалын “Урлаг ин” бүлгийн үүсгэн байгуулагч. Ер нь гар урлалд дуртай энгийн нэгэн ийм нэг хүн байна даа.
–Хэзээнээс гар урлал сонирхож эхэлсэн бэ?
-Бүр жаахан байхаасаа л оёж сурсан. Бусад охидын адил ээжийнхээ хувцсыг эвдэлж, өөртөө таарсан загвартай юм оёж өмсөх гэсэн хүсэлтэй, хөдөлмөрийн хичээлдээ дуртай охин байлаа. Гэвч би мэргэжлээ буруу сонгочихсон юм. Надад ирээдүйд ямар мэргэжил хэрэг болох вэ гэдэг талаасаа сонгосноос би юунд дуртай билээ гэдгээ анхаараагүй юм билээ. Нягтлан бодогч мэргэжлээр сурч төгсөөд хэсэг ажилласан. Тэгээд гэр бүлтэй болж хөл хүнд болсон. Эмэгтэйчүүд чинь ингээд л нэг хэсэг завсарлага авч гэртээ суудаг шүү дээ. Гэтэл эхний гурав дөрвөн сар хийх юм олдоггүй үнэхээр хэцүү байсан. Гэрт суухаар хийх юм захаасаа аваад олдоно. Оёж шидэх юм гарч ирнэ. Гэртээ гоё хөшиг авъя гэхээр загварын сонголт муутай хэрнээ өндөр үнэтэй. Тавилга энэ тэртэйгээ зохицуулаад оёчихъё гэхээр тохирох материал олдохгүй. Гэсэн ч энд тэндээс материалуудаа түүгээд юм оёж эхэлсэн. Гурван хүүхдэдээ аавынх нь хуучин хувцсыг эвдэлж гоё загвартай цамц, өмд оёж өгөхөөс эхлүүлээд ажил ундарсан. Тэгээд л ер нь энэ бүхэн надад их урам зориг өгсөн л дөө. Энэ их гоё юм байна. Гэрийн эзэгтэй, эмэгтэй хүний хийдэг энэ ажил чинь сонирхолтой юм, энэ бүхнээ бусадтай хуваалцъя гэсэн хүсэл төрсөн. Хүн дуртай юмаа хийж байж л аз жаргалтай байдаг шүү дээ. Эрчүүд гэлтгүй ялангуяа эмэгтэйчүүд дуртай юмаа хийгээсэй гэж хүсдэг. Ингээд 2010 оны арваннэгдүгээр сард блогоо нээгээд 8-ны өдөр нь анхныхаа бичлэгээ оруулж байлаа. Сая блогийн маань дөрвөн жилийн ой болсон.
-“Урлаг ин” бүлгийг хэрхэн байгуулж байв?
-Гар урлал сонирхдог хүмүүсийг нэгтгэе, хамтарч үйл ажиллагаа явуулъя гээд 2012 онд байгуулсан. Манайд мундаг охид, бүсгүйчүүл байдаг. Бид сар болгон тогтмол уулзаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм. Урланд маань гар урлал хийх сурах сонирхолтой хүмүүс очдог. Манай бүлгийн фэйсбүүк хуудсанд 15 мянган хүн нэгдсэн байдаг юм. Идэвхитэй гишүүд гэвэл 100-200. Уулзалтдаа ажил төрөл, заваасаа хамаарч 20, 30, 50, 60гээд янз янз ирдэг.
Бид сар бүр гар урлалтайгаа холбоотой үйл ажиллагаа зохиодог юм. Хийсэн бүтээснээ төрөлжүүлээд хоорондоо өрсөлдөнө. Цагаан сараар хүмүүст зөвхөн өөрсдийнхөө хийсэн бүтээлээ бэлэглэж, хятад бэлгийг халахыг уриалдаг. Хүмүүс нэг бол үнэтэй, нэг бол хямдхан юм хайгаад байдаг. Үнэндээ гараар хийсэн бүтээл хамгийн үнэтэй бэлэг болдог юм шүү гэдгийг манай бүлгийнхэн ойлгоод эхэлчихсэн гэж болно.
–Дэлгүүрийн тань нэр “Цох”. Энэ нэр сонирхол татлаа л даа. Дэлгүүр тань хаа сайгүй л гараар урласан цохнууд “сууж” байх юм?
-Гар урлал хийхэд зарим материал нь эндээс олдохгүй болохоор Японд байдаг найздаа захиж авчруулдаг байсан. Гэтэл тэр найзын маань зав зай нь болоогүй. Би энэ тухайгаа блогтоо биччихсэн байтал блогийн маань уншигч Оюуномин гэх охин “Би тантай хамтарч ажиллая. Би Японоос тан руу материалуудыг тань явуулж байя” гэсэн юм. Ингэж бид танилцаад түүний илгээсэн зүйлсийг би блогоороо дамжуулан зардаг боллоо. Хүмүүс ч их дуртай байсан. Урландаа сургалт явуулахын зэрэгцээ японоос ирсэн гар урлалын зүйлс, материалуудаа зардаг байсан. Тэр үед би дахиад хөл хүнд болсон. Тэгээд урлангаа түр хаачихсан чбараагаа зарахаас өөр аргагүй болсон. Бараа материал асууж сурагладаг хүмүүс олон байсан болохоор яалтгүй ч дэлгүүр нээхгүй бол болохгүй нь гэсэн асуудал тулгарсан. Ингээд Оюуноминтойгоо хамтраад лангуу ч болтугай ажиллуулъя гээд дэлгүүрээ анх нээж байлаа. Нэрийн тухайд “ЦОХ” гэдэг нэр чинь уг нь “Цэцгээ, Оюуномин хоёр” гэсэн өгүүлбэрийн товчлол л доо (инээв). Цох чинь хөөрхөн амьтан ш дээ. Ер нь цох, зөгий, эрвээхэй зэрэг жижиг амьтад чинь хөөрхөн. Гар урлалын бүтээлд хамгийн их дүрслэгддэг амьтад шүү дээ. Ууль шувуу бас их дурслэгдэнэ. Зөгий нь ажилсаг, хөдөлмөрч, баян байхын бэлгэдэл бол ууль шувуу эрдэм ном, мэргэн цэцэн ухааны бэлгэдэл гэгддэг.
–Танай дэлгүүрт оёж шидэх, хайчлах, наах гээд гар аргаар юм урлахад юу л хэрэгтэй байна, тэр бүгд дүүрэн байх юм. Зүү, утас, тууз, шүр, товч, шошго, эсгий, таар, нэхмэлийн утаснаас эхлүүлээд олон үйлдэлтэй оёдлын машин хүртэл байна?
-Ерөнхийд нь базаад хэлбэл туузан урлал, шүр сувс, цаасан урлал, цаасан хуйлбар, нугалбар, даавууны будаг, даавуун дээр зурдаг харандаа, цүнхний хэрэглэлүүд, хөдрөг буюу зүүмэл даавуун урлалын хэрэглэгдэхүүнүүд, нимгэн нийлэг эсгийнүүд, оёдлын бүх төрлийн машинууд, гар урлалын сурах бичгүүд, товчнууд, нэхмэлийн утаснууд гээд нэрлэвэл олон зүйл байна.
–Янз бүрийн урлал бий. Хэрэглээний урлал гэдгээ тайлбарлавал?
-Урлалыг хэрхэн яаж өдөр тутмын амьдралдаа холбож хэрэглэх вэ, урлал гэхээр сувинерийн эд зүйлс, ойр зуурын арьс ширэн эдлэлийн хэмжээнд ойлгодог. Хүн ер нь гараар хийсэн юмаа хэрэглэж байж илүү гоё таашаал, мэдрэмж авна. Тэр хэрээр түүнийгээ илүү хөгжүүлдэг. Өөрийнхөө хийсэн юмыг хэрэглэж байгаа хүн чинь дараа нь “Энийг ингэж хийвэл илүү гоё байна” гэж сэтгэж эхэлдэг. Миний хувьд л лав тэгдэг юм. Хүүхдүүддээ гэрийн хувцас гэж авч өгдөггүй,өөрөө оёод өмсүүлчихдэг. Тэр утгаараа энэ чинь давхар эдийн засгийн хэмнэлттэй байхгүй юу. Дэлхий нийтээрээ идэх юм маань органик байх ёстой гэцгээдэг. Амьдрал бол урлал юм. Урлалыг амьдралтай холбож өгвөл бидний амьдрал илүү утга учиртай, аз жаргалтай байна гэдгийг хүмүүст ойлуулахыг их хичээдэг. Би өөрөө тэр бүхнийг өдөр тутмынхаа амьдралд мэдрээд явж байгаа болохоороо үүнийгээ улам дэлгэрүүлье гэж боддог.
–Одооны охид бүсгүйчүүлийн дунд товч хадаж чаддаггүй, юм оёх, хасуулах шаардлага гарвал хувцас захиалга, засварын газрыг зорьдог нь олон болжээ?
-Хүмүүст чи үүнийг оё, ингэ тэг гэж тулгахгүйгээр зүгээр л гоё үзүүлээд үлгэрлэн дуурайлгуулах нь зөв байдаг байхгүй юу. Блогоо нээснээс жилийн дараагаар байнгын уншигчтай болж, өдөрт 200-300 хүн тогтмол ордог болж, бичлэг оруулсан өдөр мянга гаруй хүн орох нь энгийн үзэгдэл болсон л доо. Хүмүүс надад ингэж хэлдэг юм “Би өглөө ажилдаа ирээд компьютерээ асаагаад чиний блог руу ороод бичлэгийг чинь уншчихаад ажилдаа ордог. Би ерөөсөө оёж шидэх талаар бодож байгаагүй. Гэтэл чиний бичлэгүүдийг чинь уншаад өөрөө мэдэлгүй оёдлын машин аваад юм оёод эхэлсэн. Би өмнө нь гэртээ яг л зочид буудалд амьдардаг хүн шиг л байжээ. Товч маань унахад энийг хадаад өгөх хүн байна уу гэж хайгаад явдаг байлаа. Гэтэл одоо чамайг хараад өөрөөсөө үнэхээр ичиж байна. Эмэгтэй хүн гэдгээ мэдэрч байна. Би өмнө нь хаана байсан юм бэ. Миний өмнө нэгэн шинэ ертөнц нээгдлээ” гэж. Иймэрхүү үгнүүдийг зөндөө сонсоод ирсэн чинь нэг зүйл бодогдсон. Учир зүггүй үглээд хажуунаас нь угзраад ингээч ээ, тэгээч ээ гэж шүүмжлэхээсээ илүүтэй юм хийж байгаа хүнийг харуулах хэрэгтэй юм байна гэж бодсон.
Зарим хүний хувьд сонирхолгүй зүйл нь ч байж болно л доо. Гэхдээ манай монголчууд чинь эрт дээр үеэсээ л охид, хүүхнүүдээ заавал ч үгүй оёулж шидүүлж сургадаг байсан шүү дээ. Ардын аман зохиол, сургаалуудыг уншиж суухад оёж чаддаггүй эмийг нэг нүдээрээ ч харж чаддаггүй юм билээ. Оёдолгүй эм утасны бармал, уншлагагүй лам олбогны бармал гэдэг ч юм уу. Ертөнцийн гурван шившигт хүртэл үйлгүй эм нэг шившиг гэх мэтээр сургасан байдаг юм билээ. Ингэж л хүүхдүүдээ хүмүүжүүлж ирсэн байдаг. Оёж чаддаггүй, дургүй, би хэзээ ч оёж үзээгүй гэж бодож байгаа эмэгтэйчүүд байж болно. Гэвч бүгд цаг нь ирвэл оёж чадна.
–Гараар юм урлаад сууж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Аз жаргалтай болдог. Үнэхээр аз жаргалтай байж чаддаг юм. Би бусад эмэгтэйчүүдийг ч тийм байгаасай гэж хүсдэг. Гараас юм гарна, хийсэн юмаа дараа нь хараад суух мэдрэмж их гоё ш дээ. Би жижиг ч бай, том ч бай гүйцэтгэл сайтай юм хийхийг хүсдэг.
Нөхөр маань намайг их дэмждэг. Бусад бүсгүйчүүдийн нөхрийг ч манай хүн шиг ингэж эхнэрээ дэмжээд өгөөсэй гэж хүсдэг. Би өөрийгөө том амжилтад хүрсэн гэж хэлэхгүй ч мөрөөдлийнхөө зах зухаас нь атгаад авчихлаа. Хань ижил гэдэг их чухал. Ханьдаа маш их баярладаг шүү гэж хэлье. Нөхөр маань их эмч. Одоогоор хувиараа хөдөлмөр эрхлээд явж байгаа л даа. Удахгүй мөрөөдөлдөө хүрнэ гэдэгт нь итгэдэг. Хүүхдүүд маань хийж байгаа юманд маань их урам өгнө өө. “Ээж ээ, яасан гоё юм бэ” гээд л магтана. Би тэдэндээ юм хийж өгөх дуртай. Ямар ч завгүй байсан хүүхдүүддээ цаг гаргаад ямар нэг юм хийж өгдөг. Үгүй ядаж өмднийх нь өвдгийг нөхөж өгдөг. Охиндоо үсний боолтыг нь хийгээд өгчихнө. Хүүдээ цүнх, үзэг харандааны савыг нь хийгээд өгчихдөг юм. Хамтдаа суугаад юм хийх үе ч бий.
–Даалин оёх гэж байгаа, даалингийн бэлэн эсгүүр хайсан бүсгүйчүүд их орж байна, дэлгүүрт тань?
-Цагаан сар, наадмаар бүсгүйчүүд маань аав, нөхөртөө даалин оёж өгцгөөдөг болсон. Ялангуяа цагаан сарын өмнө даалин оёх гэсэн бүсгүйчүүд их ирдэг юм.
–Та хэдэн настайдаа юм оёж сурч байсан юм бэ?
-Таван настай байхдаа оёсон хатгамал юм маань одоо хүртэл надад байдаг ш дээ. Эмээ маань зааж өгч байсан. Гэтэл миний охин одоо таван настай мөртлөө оёж чаддаггүй. Миний тэр үед оёж сурсан маань эмээгийн маань л ач тус байж дээ гэж боддог юм. Манай эмээ их айхавтар нягт нямбай хүн байсан юм билээ?
–Та аль нутаг усны хүн бэ?
-Төв аймаг.
–Аль сумынх вэ?
-Бүрэн. Эмээгийн маань ээж буюу миний элэнц эмээ Долгор гэж уран хүнбайсан гэдэг. Зэргэлдээ сумынхан нь хүртэл ирж юм оёулдаг байсан гэлцдэг. Гадна нь наадам болж байгаа юм шиг л морь мал багшралдаад л, хүмүүс дугаарлаад суучихна. Зөвхөн оёдол хийгээд зогсохгүй, бүтээлч санаачилга гаргадаг хүн байсан гэсэн. Аагим зуны халуунд гэрээ халаахгүйгээр яаж тогоо нэрэх вэ, хатад, охидын малгайг яаж гоё хийх вэ гээд загвар, эсгүүр гаргана. Тэр хавийнхаа хүмүүст мэддэгээ зааж өгнө. Их мундаг, нэр хүндтэй хүн байсан. Тэр тухай манай эмээ ярина. “Ээж маань орой унтахад л оёод сууж байдаг, өглөө босоход л мөн оёод сууж байдаг байж билээ. Би гэрийнхээ ажлыг бараг бүгдийг нь хийж нугалдаг байсан болохоор ээжийнхээ үйл үртэснээс олигтой сурч чадаагүй” гэж дурсч билээ. Гэхдээ л тэр мундаг хүний хажууд байсан гэхэд эмээ маань хэнээр ч юугаа ч гуйхгүй өөрөө оёчихдог хүн байсан. Би багаасаа эмээтэйгээ өссөн, эмээгийн хүүхэд л дээ.
Д.ГАНСАРУУЛ
Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ