Олон улсын автомашин, мотоциклийн бартаат замын “Дакар ралли-2015” уралдаан Аргентин, Боливи, Чили улсад амжилттай зохиогдон өчигдөр хаалтаа хийлээ. Энэ уралдаанд Монголын тамирчид гурав дахь жилдээ оролцож байгаа юм. Өнөө жил мотоциклийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Дамдинхорлоогийн Болдбаатар, Ч.Анар, жийп машины төрөлд ОУХМ Н.Лхамаа нар оролцлоо.
Нийт 13 өдрийн турш 9000 орчим км замыг туулсан энэ уралдааны мотоциклийн төрөлд 182 тамирчин гараанаас гарснаас 79 нь бариандаа оров. Манай тамирчин Д.Болдбаатар 45-д орж, өмнөх жилийн амжилтаа ахиулсан баяртай мэдээ байна. Ч.Анарын хувьд ч энэ уралдаанд анх удаа оролцоод бариандаа амжилттай орсон бөгөөд тэрбээр тэмцээний нээлтийн өдрөөс л “Дакар ралли”-г сонирхогчдын анхаарлыг татаж чадсан юм.
Учир нь түүний үндэснийхээ онцлогийг илтгэн өмссөн үнэгэн лоовууз 38 градусын халуунд амь тэмцэж зогссон олны харцыг эрхгүй татаж, бүр “Дакар ралли”-ийн албан ёсны вэб хуудас дээр онцолж байв. Энэ бол түүний талын Монголын эрчүүд цөлийн халуунд ч хүчтэй өрсөлдөгч байна гэдгээ илтгэсэн нэгэн илэрхийлэл гэмээр байж, үзэгч сонирхогчдын дунд шуугиан тариад амжсан билээ. Жил бүрийн “Дакар ралли”-д гараанаас гарсан тамирчдын ердөө гуравны нэг орчим нь л бариандаа орж чаддаг, хүнд замыг туулдаг тул Монголын тамирчдын ямар нэгэн гэмтэл осолгүй бариандаа орсон дээрх амжилтыг зайлшгүй онцлох ёстой болов уу.
Харин автомашины жийп машины уралдаанд 68 тамирчин уралдсанаас манай тамирчин, ОУХМ Н.Лхамаа 62 дугаар байранд орж, бариа хийж чадав. Тэрбээр энэ жил Монгол, Унгарын багийг ахалж энэ уралдаанд орсон юм. Тодруулбал, Унгарын талаас техникийн асуудлыг хариуцаж, манай тамирчид замд уралдах, замыг чиглүүлэх ажлыг хариуцсан.
Дашрамд дурдахад, “Доктор” авто сүлжээний тамирчин, ОУХМ Д.Болдбаатар, Ч.Анар, Н.Лхамаа нар нь дотооддоо болон олон улсад зохиогддог бусад төрлийн уралдааны олон удаагийн аваргууд бөгөөд автомашин, мотоциклийн манай шилдэг тамирчид билээ.
Ц.БУЛГАН