Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакүхо түүхэн амжилтын эзэн болоход долоон даваа үлдлээ

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё Токио хотын “Кокүгикан” спортын ордонд үргэлжилсээр байна. Башёг долоон өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо М.Даваажаргал ганцаараа нэг ч унаагүй тэргүүлж байна. Эхний зургаан өдрийн дараа түүнтэй хамть зуузай харшуулан явсан ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр унаснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд шилжээд байна. Отгон ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Котошёогикү болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Токитэнкү А.Хүчитбаатар нарын найман бөх таван даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн араас нэхэж яваа юм.

Өнөөдөр ёкозүна Хакүхо Аминишикитэй, ёкозүна Харүмафүжи Кайсэйтэй оноолт таарсан бол ёкозүна Какүрюү сэкивакэ Аойяматай барилдахаар болоод байна. Энэ башёд Хакүхо түрүүлж чадвал Японы мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтын эзэн болох учиртай. Тэрбээр өмнөх башёд түрүүлснээр 32 удаа түрүүлж түүхэн амжилтын нэгдүгээрт бичигдэж байсан Тайхо аваргын амжилттай мөр зэрэгцсэн юм. Хацү башёд түрүүлж чадвал түүний энэ түүхэн амжилтыг эвдэх бөх бараг гарахгүй хэмээн сүмо бөх сонирхогчид хэлж байна. М.Даваажаргалын хувьд сүмогийн түүхийн нэгдүгээрт эрэмбэлэгдэхийн тулд долоон барилдаан хийх шаардлагатай байгаа билээ. Залуу аваргын хувьд цаашид олон жил барилдаж сүмогийн түүхэнд өөрийн зам мөрөө үлдээх биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *