Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслүүдийг төрийн өмчид шилжүүллээ

Нийслэлийн өмчид бүртгэлтэй тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдийг төрийн өмчид шилжүүллээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэн авах тухай, барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, төрийн өмчид шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан нийт 28 тэрбум 125 сая төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгө, барилга байгууламж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байрлаж буй “Моннис” ХХК-ийн 9 давхар орон сууцны барилгын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 1, 2 дугаар давхрын 606 м2 талбайтай барилга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Доржийн гудамжинд байрлах ашиглалтгүй байгаа стадионы эд хөрөнгийг нийт 8 сая 681 мянган төгрөгийн бүртгэлийн үнээр нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Энэхүү стадионыг 1975 оны үед Зөвлөлт Холбоот Улсын хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ.

Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан 6 халуун усны өрөөтэй 100 м2 талбайтай 60 сая төгрөгийн үнэ бүхий халуун усны барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалтыг нь Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд хариуцуулав. Мөн тус дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн балансад бүртгэлтэй нийт 1 тэрбум 488 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийг шинээр байгуулж буй 193 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа дүүргүүд дэх Онцгой байдлын хэлтсийн балансанд бүртгэлтэй нийт 205 сая 311 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий аврах гал унтраах тусгай зориулалтын 10 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, төрийн өмчид шилжүүлэв.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй нийт 159 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий автогражийн барилга, байгууламжийг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын балансад шилжүүллээ. Тус барилга нь 2003 онд автомашины гараж, засварын зориулалтаар ашиглалтад оржээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *