Categories
мэдээ нийгэм

Осол гэмтлээс сэргийлэх гурван сарын аянг эхлүүллээ

Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийг “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” өдөр болгон зарласан. Тус өдрийг тохиолдуулан 2015 онд “Аюулгүй байдлыг хангая-Анхаарал болгоомжийг нэмэгдүүлье” уриан дор 3 сарын аяныг эхлүүлжээ. Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, Дүүргийн ЗДТГ, Нийслэлийн тээврийн газар, МУЗН, МОХ, ГССҮТ, Нийслэлийн яаралтай түргэн тусламж болон бусад байгууллагуудын оролцоотойгоор 1 дүгээр сарын 15-наас 03 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд дээрхи аяныг зохион байгуулах юм байна.

Энэхүү нийтийг хамарсан 3 сарын аяны хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан мэдээлэл сурталчилгааг хүргэх, олон нийтэд мэдээлэл түгээх, дүүргийн эмнэлэг, төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд осол гэмтлийн үед үзүүлэх тусламжийн талаар сургалт зохион байгуулах аж. Мөн сонгож авсан дүүргүүдэд байрлалтай сургууль, цэцэрлэгийн орчмын хар цэгийг тодорхойлж хальтиргаа гулгаа үүсгэж буй орчныг аюулгүй болгох ажлыг өрх, хороодын СӨХ, Оюутны холбоо болон их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Сүүлийн 5 жилийн дунджаар хүүхдийн осол гэмтлийн тохиолдлын голлох шалтгаан бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл/43,2%/, зам тээврийн осол гэмтэл/13,7%/, түлэгдэлт/11,8%/ эзэлж байгаа аж. 2013 оны байдлаар нас барсан 6 хүний нэг нь осол гэмтлийн шалтгааны улмаас нас барсан байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг хэлбэрээр авч үзвэл 19,7 хувь нь зам тээврийн осол, 19,2 хувь нь архины хордлого, 15,7 хувь нь амиа хорлох, 8,5 хувь бусдад хорлогдсон, 36,9 хувь нь бусад ослын шалтгаанаар нас барсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *