Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөөврийн шагнал

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Бид уг бүтээлийн “Нүүдэлчид ба урамшууллын тогтолцоо” хэсгээс толилуулж байна.

…Тал нутгийн шагнал урамшил, урамшуулах тогтолцоо нь нүүдэлчин амьдралынх нь онцлогтой бас л холбогдоно. Хүчирхэг эзний өмнө гавьяа байгуулагсдыг сайн морь, эмс охид, бэлчээр нутаг зэргээр урамшуулж болно. Суурин иргэнийг эдэлбэр газар, байшин саваар шагнах аваас айл гэрийн амьдралд наалдаж, үе үе дамжин өвлөгдөнө. Харин нүүдэлчний шагнал маш эмзэг. Цаг агаараас хамааран нутаг бэлчээр солигдож, ган гачгаас үүдэлтэйгээр мал хорогдоно.

Нөгөө талаас нүүдэлчид сайн морь, эр чадал, ид хав ерөнхийдөө ойролцоо. Хүлэг сайн ажнай ядуу эрийн ганц морь байж болно, өнчин хөвүүн ч алдар цуутай баатар явж мэднэ.

Чухам тэдний бусдаасаа ялгарах, бие биеийн дээр гарах боломж чухам, эзэн дээдсийн хайр шагнал, элдэв цол хэргэм болж өгнө. Гэвч хол ойр аялан явахдаа эзэн дээдсийн хайрласан нутаг, мал сүргийг зөөгөөд явж, туугаад үзүүлж болохгүй. Ийм учраас цол хэргэм, биедээ аваад явахад тээргүй гуншин л тал нутагт онцгой зохино. Ийм учраас “хээрийн шагнал” маягийн материаллаг орц, эзлэхүүн багатай цол гуншин давамгайлсан шагнал урамшуулал л тал нутагт зохицож байлаа.

Өөрөө өөртөө нэр цол хайрлахад амархан ч бусад нь тоохгүйн гачлантай. Иймээс хол ойрын аймаг улсын өгсөн элдэв цол гуншинг эрээлэхгүй хэрэглэнэ. Монголын нууц товчоонд дурьдсанаар Алтан улсын тусгай элч Вангин Чин сангаас Тоорил, Чингис хаан нарыг шагнасан аж. Тэгэхдээ Тоорилд “ван” гэдэг цол олгосон нь түүнийг “ван хаан”хэмээн алдаршихад хүргэж. Харин Тэмүүжинд ногдсон”Чаутхари” цолыг хэн ч тоосонгүй тул чамгүй гомдоосон аж.

Чингис хаан цол хэргэм, алдар чимэг хайрлахдаа гар татдаггүй нэгэн байсан ба заримдаа өгчихмөөр бол санаанд орохгүй бол ирээдүйд хийж болох гэмт хэргийг урьдчилан уулзах урамшуулал хүртэл сэднэ.

Төвдийн ламын шашны тэргүүнийг одоо болтол дагаж яваа “Далай лам” цолыг монголчууд сэдэж өгсөн ба хариуд нь Автай хаан “Номын их Очирт хаан” цол хүртжээ. Ойрадын Галдан хаан Төвдөөс хүртсэн шашин суртлын “бошигт” цолоо хэвээр хадгалан дайнд мордож байв.

Мөн ч л нүүдэлчин анчин удамтай Зөрчидүүд нангиадын төрийг барих гүн вангийн олон хэргэмийг монголчуудад харамгүй хүртээх болжээ. Цол хэргэм нь ямбаны хувцас, отго жинсээр ялгарах тул бүхий алдар цолоо аваад айл хэсэх боломжтой. Цол хэргэмийг үе улируулан олгох тул хүүхэд нь ч зүүж болно. Нэг цолыг нэг дор хоёр ширхгийг олгож “хошойчин ван” мэт болгож ч болно.

Ардын засгийн жилүүдэд монголчуудын амьдралын хэвшил өөрчлөгдөж, суурин иргэншилд шилжсэн ч социалист систем нь хувийн өмчтэй байхыг хориглоно. Иймээс шагнал урамшил нь материаллагбус байх хэрэгтэй болно. Энэ утгаараа тал нутгийн шагналын онцлог болсон зөөвөрлөх боломжит “нүүдлийн систем” зөвхөн нэрээ солин, тогтоцын хувьд хэвээрээ үргэлжиллээ.

Ингээд “чаутхари”, “ван”, “гүн”, “бэйл”, “бэйсийн” ХХ зууны хувилбар болох “ударник”, “таван жилийн гавшгайч”, ” улсын гавьяат”, “хөдөлмөрийн баатар” цолууд үргэлжлэн хөвөрч, одон тэмдэг ч үржиж өсөв. Дээр нь диплом, сайшаалын үнэмлэх, гэрчилгээ хэмээх үр ач нь төлжив. Энэ утгаараа социалист тогтолцооны шагналын систем нь нүүдэлчин монголчуудын уламжлалын үргэлжлэл болон хөгжсөн гэмээр тогтоц ажгуу…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *