Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Ханбүрэгдэй худалдааны төвийн аравдугаар давхарт болох юм байна. Тус хуралдаанаар өнгөрсөн оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тайлан мэдээг сонсох, 2015 оны төлөвлөгөөг батлах аж.
Гэмт хэрэг харанхуй орчинд их гардагийг судалж өнгөрсөн онд гэр хорооллыг 100 хувь гэрэлтэй болгох ажлыг хийжээ. Мөн 130 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслээр хангасан аж.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн холбоо” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хоёр дугаар шат болох ” Сайн хөрш” болзолт уралдааныг зарлаж дүгнэсэн байна. Харин энэ онд дүүргийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог хангахад хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг хөрөнгийн хэлбэр харгалзахгүйгээр татан оролцуулж, тэдний идэвхитэй үйл ажиллагаа болон санал санаачлагыг дэмжин хамтран ажиллах зорилготой байгаа гэнэ.