Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Алтантуяаг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноожээ

Малайзын Дээд шүүхээс өнөөдөр /Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг буруутган ялын дээд хэмжээ оноожээ. Азилах Хадри болон Сирул Азхар Умар нар 2006 онд 28 настай Ш.Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ цаазаар авах ял сонсчээ. Ш.Алтантуяаг хөнөөсөн залуус бол Малайзын сайд, дарга нарын бие хамгаалагчаар ажилладаг цагдаагийн элит ангийн гишүүд юм. Өмнө нь 2009 онд анхан шүүхээс тэдэнд цаазаар авах ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх ялын тогтоолыг хүчингүй болгосон байжээ.

Ш.Алтантуяагийн хэрэг нь Малайзын улс төрийн дээд тушаалтнуудтай холбогдож, томоохон дуулиан тарьсан юм. Мөн энэ нь 2002 онд Францаас “Scorpene” шумбагч онгоц худалдан авсан 1.1 тэрбум ам.долларын гэрээтэй холбоотой асар том авлигын хэргийн сэжүүр болжээ. Шумбагч онгоц худалдан авах гэрээнд оролцсон Ш.Алтантуяагийн цогцос Куалу Лумпур хотын ойролцоох ойгоос олдсон билээ. Гэмт этгээдүүд түүнийг буудаж амь насыг нь хөнөөгөөд биед нь тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн аж.

Малайзын улстөрч А.Р.Багинда Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдож 2006 онд ял сонссон ч 2008 онд цагаатгасан юм. Францын төрийн өмчит “DCNS” компани Малайзын Батлан хамгаалах яаманд “Scorpene” шумбагч хөлөг худалдаалах гэрээ бай­гуу­лахын тулд Абдул Разак Багиндад 114 сая гаруй еврогийн /142 сая орчим ам.доллар/ хахууль өгсөн хэмээн сэжиглэгдэж буй аж. Тухайн үед одоогийн ерөнхий сайд Нажиб Разак Батлан хамгаалахын сайд байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *