Categories
мэдээ нийгэм

Бөхөнгийн тоо толгой өсчээ

Монголын нэн ховор амьтны нэг болох бөхөн гөрөөсний тоо толгой сүүлийн жилүүдэд өсөж, 13,800 хүрчээ.

Энэ талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн (ДБХС) Монгол дахь хөтөлбөрийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан менежер Б.Чимэддорж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Бөхөнгийн тоо толгой 13.800 болтлоо өссөн ч гэлээ нутаглаж буй хязгаарлагдмал хэмжээтэй тухайн газарт ган, зуд тохиолдвол сүргээрээ устаж үгүй болох аюул заналхийлж байна. Дэлхийд зөвхөн Монголд байдаг энэ төрөл зүйлийг устаж үгүй болохоос нь өмнө тоо толгойг нь өсгөх цаасан дээрх хамгаалалыг бэхжүүлэх, хөрсөнд нь буулгах шаардлагатай. 1980-аад оны сүүлчээр ОХУ болон Монгол улсын эрдэмтэн, судлаачид Шаргын говьд өргөн хүрээтэй судалгаа хийж, монгол бөхөн 700 орчим тоо толгой байгааг тогтоож энэ зүйл амьтныг хамгаалах шаардлагатайг дурдсан байдаг. ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос байгаль хамгаалагч, малчид, нутгийн ард иргэдтэй хамтарч Монгол бөхөн хамгаалах төслийг эхлүүлж тухайн зүйл амьтны тоо нөөцийн судалгаа хийх, хууль бус агнуур, худалдааны эсрэг тэмцэх шуурхай баг ажиллуулах, түүнчлэн амьдрах орчныг хамгаалах ялангуяа бэлчээрийн зохистой ашиглалтыг бий болгох тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.Тоо нөөцийн мониторинг, тооллого судалгааг жил бүр хийж байна. Энэ ажлын үр дүнд монгол бөхөн 2000 онд 5200 тоо толгой болж өсч үржсэн. Гэвч 2002 оны өвөл болсон байгалийн гамшигт үзэгдлээс болж 750 болтлоо цөөрсөн юм. Харин хамгааллын ажлыг цогц байдлаар хийсний ачаар энэ жил 13.800 болж өслөө” гэжээ.

Бөхөн нь ганцхан Монголд тэр дундаа зөвхөн Говь-Алтай, Ховд аймгийн монгол бөхөнгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд 12.000 км нутагт зарим сумын нутагт тархсан амьтан говийн гөрөөс юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *