Categories
мэдээ улс-төр

МАН өрийг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй гэв

МАН-ын бүлэг өчигдөр ямар асуудлаар хуралдсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд зарим асуудал дээр байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэхээр оруулж ирснийг дэмжих боломжгүй, харин өнөөгийн төвшинд нь буюу 55.2 хувьд нь хадгалах ёстой хэмээн үзжээ.

Мөн Алдарт эхийн одонгийн мөнгийг 200 мянган ээжид тэгш олгох ёстой гэсэн байр сууринд нэгдсэн байна. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Одонгийн мөнгө нь хүүхдийг урамшуулж байгаа урамшуулал биш, Монгол Улсын хүн амыг өсгөх, ээжүүдийн гавьяаг үнэлсэн урамшуулал учраас үргэлжлүүлж олгох ёстой” гэлээ. Хэрвээ Засгийн газрын оруулсан саналаар хүүхэд нь 18 нас хүрсэн гэдэг зааг гаргаж, ялгаварлавал одонтой ээжүүдийн 90 хувь нь мөнгө авах боломжгүй болох аж.

Түүнчлэн хүүхдийн мөнгийг боломжийн амьдралтай айлын хүүхдэд олгохгүй гэж алаг үзэх нь зөв үү, буруу юу гэдэг дээр нухацтай ярилцах ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг мэдүүлэхдээ хүүхдийн мөнгийг 95 тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн аж. Хүүхдийн мөнгөнд жилд 246 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа гэсэн.

Урамшуулал хэлбэрээр олгож ирсэн дээрх мөнгөн тэтгэлэгт УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын саналыг дэмжихгүй байх шийдэл гаргасан бол зарим төрлийн татварыг нэмэх, шинээр бий болгох саналыг ч хүлээн авах боломжгүй тухайгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэллээ. Тухайлбал, бууны татвар 4000-6000 төгрөг байсныг 50.000-60.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 2 хувь байсныг гурван хувь болгон нэмсэн юм байна. Шинээр нийслэлийн татварыг бий болгосноор бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын шат бүрт нэг хувийн татвар тавигдсаар дөрвөн хувьд хүрч байгаа гэнэ.

Мөн малын хөлийн татварыг хонин толгойд шилжүүлснээр 1000 хүртэл төгрөгийн татвар ногдуулж болох эрхийг орон нутаг дахь ИТХ-д олгох нь хямралыг давах гарц биш гэж МАН-ын бүлэг үзжээ.

Төсвийн тодотголыг хэлэлцэх хүрээнд тус бүлэг хямралаас гарах богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, УИХ-д оруулж ирэх ёстой гэж энэ саналаа хүргүүлэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *