Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бээжин+20”-ийн өмнө бид юуг ярив?

1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн хурлаас хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд охидын эрхийг дээшлүүлэх тухай Бээжингийн тунхаглал гарч, өнгөрч буй хорь шахам жилийн дотор багагүй ахиц дэвшил гарчээ. Дэлхийнхэн таван жил тутам үр дүнгийнхээ талаар ярьсаар ирсэн бөгөөд ирэх жил нийт 20 жилийнхээ үр дүнг хэлэлцэх “Бээжин+20” хурал болох юм. Хийж бүтээсэн 20 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг хэлэлцэх, хүйсийн тэгш байдлыг хангаж сайн засаглалыг бий болгохын тулд дэлхийн хүмүүс бид юу хийв, цаашид юун дээр анхаарах вэ, охид эмэгтэйчүүдийн хаягдсан эрхийг хамгаалж, тэднийг чадавхижуулахын тулд хэрхэх вэ гэдэг дээр дэлхийн толгой байгууллага болох НҮБ түүний мэргэшсэн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд санаагаа чилээсээр байна. Тийм ч учраас хурал болохоос жилийн өмнө буюу өнгөрсөн сарын дундуур дэлхийн өнцөг булан бүрт улс гүрнүүдийн төлөөлөл бүс бүсээрээ цуглан урьтал хурлуудаа хийсэн билээ. Манай улс хамаарагддаг Ази, Номхон далайн орнуудын хурал Тайландын Бангкок хотноо болсон юм. НҮБ-ын зүгээс энэхүү хуралд асар ач холбогдол өгч буй нь анзаарагдаж байсан. Азийн улс орнуудаас Засгийн газрын түвшинд төлөөлөл оролцож, улс орондоо тулгараад буй асуудал бас өнгөрсөн 19 жилийн хугацаанд шийдэж чадсан ололтууд бас барахгүй байгаа асуудлуудаа нэг нэгтэйгээ илэн далангүй ярилцсан. Түүнээс гадна иргэний нийгмийн төлөөлөл, бас хэвлэл мэдээлэлийнхнийг цуглуулж, сургалтад хамруулсан нь эмэгтэйчүүдийг чадавхижуулах тэдний эрхийг хангахад сэтгэл зүтгэлээрээ ажиллаж ирсэн иргэний нийгмийн төлөөллийнхнийг цэнэглэх маш том хүч болдгийг ойлгосных биз ээ. Бас жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг яриад эхлэхэд нэг том дэмжлэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж таардаг. Сэтгүүлчид өөрсдөө жендерийн мэдрэмжтэй байж гэмээнэ асуудалд зөв зүйтэй хандаж улмаар нийгэм нь өөрөө жендерийн мэдрэмжтэй болж, хүйсийн тэгш байдлыг хангасан нийгмийг байгуулах үндэс суурь нь болж өгдөг билээ. Тийм ч учраас “Бээжин+20”-ийг хэрхэн сурвалжлах, жендерийн тэгшбайдлын талаар ойлголт өгөх, охид залуучуудын асуудалд яаж хандах талаар сэтгүүлчдэд зориулан тусгайлсан сургалтыг явуулсан.

Үнэндээ сэтгүүлчид бидний хувьд жендерийн тухай мэдлэг мэдээлэл, асуудалд хэрхэн хандах талаар ойлголт байдаггүй учраас асуудлыг буруу хандуулчих гээд байх нь бий. Энэ бол ганцхан Мон­голынх гэлтгүй газар газрын сэтгүүлчдийн асуудал ажээ.

Нөгөө талаас манайд жендер гэдэг үгийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал гээд өрөөсгөлөөр бодчихдог. Харин аливаа нийгэм хүйсийн тэгш байдлыг тогтоож байж, эргээд эрүүл, зөв тогтолцоотой, сайн засаглал бүхий төрт улсыг бий болгох боломжтой болно хэмээн үзэцгээдэг. Тэр ч үүднээс НҮБ энэ асуудалд ингэтэл анхаарал тавиад байгаа хэрэг шүү дээ. Ирэх жилийн есдүгээр сард эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы авч хэлэлцэх гол асуудлын нэг нь эмэгтэйчүүдийнх байна гэхээр асуудалд ийн анхаарахаас аргагүй биз.

Тэгээд ч сүүлийн хориод жилийн турш энэ чиглэлд НҮБ хүч тавин ажилласан. Тиймээс ч ирэх жил “Бээжин”-гийн тунхаглал цаасан дээр тунхаглаад өнгөрсөн зүйл байв уу, эсвэл дэлхийн хүмүүсийн амьдралд үнэхээр өөрчлөлтийг авчрав уу гэдгийг нийтээрээ ирэх жил шүүн тунгаах юм. Тэгэхээр энэ талаар мэдээлэх, шүүн хэлэлцэх, цаашдын гаргалгааг гаргах хүмүүсээ эртнээс сургаж чадавхижуулж байгаа нь зөв хэрэг биз ээ. Ази, Номхон далайн орнуудын бүсийн энэ удаагийн хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комисс (ESCAP), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага (UN Women) хамтран зохион байгуулсан юм. Энэхүү хуралд НҮБ-ын ажилтнуудаас гадна 50 гаруй орны төр засаг, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн гээд 700 гаруй хүн цугларсан байсан гэхээр ямархуу нүсэр ажиллагаа болсон нь ойлгогдох байх аа. Тэр дунд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комиссын нарийн бичгийн дарга Шамшад Ахтар, Бутаны эзэн хааны ээж Аши Сангай, Тайландын Ерөнхий сайдын орлогч Чоден Вангчук, Тувалугийн Ерөнхий сайд Энэлэ Сопога, Энэтхэгийн Эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн сайд Манека Ганди нарын олон хүн байсан нь Азийн улс орнууд уг асуудалд хэрхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл биз. Манайхаас Жендерийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга М.Болормаа, тус хорооны зөвлөх О.Оюунцэцэг, Хууль Зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцсон бөгөөд өөрийн орны нөхцөл байдлын үнэлгээг бусдын адил сонирхуулсан билээ.

Ерөнхийдөө тэнд өрнөж байгаа хурлын үйл явцыг харахад манай Засгийн газрын төлөөлөл болж дандаа бүсгүйчүүд явсан шиг гадны орнуудаас хүүхнүүд л түлхүү ирсэн нь ажиглагдана. Жендерийн тэгш байдлыг ярихаар эмэгтэйчүүдийн асуудал яах аргагүй яригддаг. Дэлхийн олон газар эмэгтэйчүүдийн эрх нөгөө хүйсийнхтэйгээ адил тэгш байдаггүй учраас тэнцүүлэх явдлыг ярьж эхлэхээс аргагүй болдог. Тэгэхээр л үүнийг эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг яриад байна гэж эгдүүцэх гээд байдаг. Үнэндээ нийгэм, улс төрийн амьдралд хүйсийн тэгш байдал хангагдаад ирэх нь сайн засаглал төлөвшиж бий болох үндэс болдог нь нэгэнт тодорхой болчихсон. Бас дайн самуунтай газар эмэгтэй хүний оролцоо, дуу хоолой ороод ирэхэд энх тайван байдал тогтдог гэдэг нь ч тогтоогдчихсон. Олон сая хүнээ хомроглон алж, дайн тулааны үүр болоод байсан Руандад эмэгтэйчүүд нь эрчүүдийнхээ эсрэг бойкот гаргаж байлаа. Тэд “Энэ дайн самуунаа зогсоохгүй бол эмэгтэйчүүд бид та нартай бэлгийн харьцаанд орохгүй” гэж байж энэ улсад дайны гал зогсч байв. Мэдээж, олон улсын байгууллагууд энэ орны асуудалд анхаарсан. Өдгөө энэ улсын парламентын 63,8 хувь нь эмэгтэй гишүүд гэж байгаа. Энэ нь дайн дажинд нэрвэгдэж гүйцсэн тус улсын иргэд эмэгтэйчүүдийн оролцоог үнэлдэг болсных биз. Ер нь улс орон бүрт л өөр, өөрийн асуудал байдаг нь олон зүйлээс харагдаж байсан. Ялангуяа НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комисс (ESCAP), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас (UN Women) сэтгүүлч бидэнд зориулсан тусгайлсан сургалт улс орнуудын ялгаа ямар байгааг илүүтэй ойлгуулсан билээ. Бидний хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа тэгж асуудал болдоггүй. Хэн чадвартай нь илүү цалингаа аваад явдаг. Тэгвэл Азийн ихэнх оронд хүйсийн ялгаанаас болсон цалингийн зөрүү асуудал болж байдаг. Бас хүүхэд насанд нь гэрлүүлдэг, шашны асуудлаас болж эмэгтэй хүнийхээ хувьд эрүүл мэндийн тусламж авдаггүй гэсэн бидний ойлгохгүй асуудлууд бусдад том зовлон болж байдаг ажээ.

Э.ЭНЭРЭЛ

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *