Categories
мэдээ нийгэм

Төвөнхийн хорт хавдар нэмэгдэх болжээ

Сүүлийн үед төвөнхийн хорт хавдар нэмэгдэх болжээ. Төвөнхийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй зүйлсийг жагсаая.

Тамхи: Удаан хугацаагаар татах тусам хавдар үүсэх эрсдэл төдий их байна. Судалгаагаар өдөрт 25 ширхэг тамхи татдаг эсвэл 40 жил түүнээс дээш хугацаагаар татсан хүнд хорт хавдар үүсэх эрсдэл татдаггүй хүнээс 40 дахин их байдаг байна. Тамхичин хүн өөрөөсөө гадна хажууд нь байгаа хүнээ мөн эрсдэлт байдалд оруулж байдаг. Дам тамхидалтад өртөж байгаа хүн татаж байгаа хүнтэй адилхан найрлагатай агаараар амьсгалж байдаг. Тамхи архи хоёр бие биенийхээ өвчин үүсгэх хорт нөлөөг дэмжин ихэсгэж байдаг.

Архи: Архи уудаггүй хүмүүстэй харьцуулахад ихээр уудаг хүмүүст төвөнхийн хорт хавдар үүсэх эрсдэл гурав дахин их байдаг байна. Архаг архичдад зөв хооллолтын горим байдаггүй ба иймээс аминдэмийн дутагдалтай байдаг нь үүнтэй холбоотой байж болзошгүй гэж таамагладаг.

Хүний хөхлөг вирусын халдвар: Энэ вирусын олон хэлбэр байдаг. Арьснаас арьсанд болон бэлгийн замаар халдварладаг. Төвөнхийн хоргүй хавдрыг зарим хэлбэр нь үүсгэдэг ба төвөнхийн хорт хавдартай өвчтөнүүдийн 25 хувьд нь хөхлөг вирус илэрдэг.

Хоол тэжээл: Шинэ жимс ногоогоор дутмаг хоол хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь аминдэм эрдсийн дутагдалтай холбоотой.

Нас: 40-өөс дээш насанд хортой хавдар ихэвчлэн үүсдэг ба залуу насанд их ховор.

Удмын хүчин зүйл: Төрсөн эцэг эх, ах эгч , дүү, хүүхдэд нь хорт хавдраар өвдсөн хүн байдаг хүмүүс бусад хүмүүсийг бодвол хавдар үүсэх эрсдэл арай өндөр байна.

Дархлаа буурах: ДОХ-ын халдвартай эсвэл эрхтэн шилжүүлэн суулгуулсны дараа дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүст эрсдэл илүү байна.

Тодорхой химийн бодис: Хэдэн жилийн турш модны болон нүүсний тоос тортог, утаа, хүхрийн хүчлийн уур, дизелийн шаталтын утаа зэргийн нөлөөнд байх нь хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнтэй холбоотой тодорхой ажил мэргэжлийн хүмүүст төвөнхийн хавдар илүү тохиолдоод байгаа нь ажиглагддаг. Жишээ нь: багш, жолооч гм. Гэртээ нүүрс олон жилийн турш түлэх нь эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг.

-Ходоод гэдэсний сөөргөөтэй хүмүүст ходоодны хүчил цөсөөр гулгих нь улаан хоолойг гэмтээж дээд хэсгийн ийм өөрчлөлт нь улмаар төвөнхөд мөн нөлөөлж хавдар үүсэх эрсдэлийг нэмдэг.

Шинж тэмдэг:

-Дуу хоолой сөөх – хоолой сөөх нь олон эмгэгийн үед тохиолддог. Ханиад томуу, гэмтэл, хэт хүчтэй чангаар орилж хашгирснаас гм олон шалтгаантай. Тиймээс хоолой сөөнгүүт хавдар гэж айж сандрах хэрэггүй ч энэ шинж тэмдэг 3-4 долоо хоног, сараас илүү үргэлжилбэл мэргэжлийн эмчээр шалгуулах нь зүйтэй. Төвөнхийн дууны нугалааснаас дээшхи болон доошхи хэсгийн хавдрын үед дууны өөрчлөлт эрт илрэхгүй бөгөөд хавдар үүссэн газраасаа хальж дууны нугалаасыг гэмтээсэн үед л хоолойн өнгө өөрчлөгддөгөөс дээрх хэсгүүдийн хавдрын үед хавдар оройтож илрэх нь элбэг.

-Залгихад хүндрэлтэй тээглээд байх мэт болох: энэ нь мөн л дан ганц хавдрын үед гардаг шинж биш тул хоол тээглээд байх мэт болох, гадны биет байгаа мэт болох, залгихад хорсох өвдөх гэх мэт шинжүүд илрээд намдахгүй байвал эмчид үзүүлж шалтгааныг нь тодруулаарай.

-Ханиах, хоол цайндаа хахаж цацаад байх

-Турах: өөр ямар нэг шалтгаангүйгээр богино хугацаанд 4-5 кг турсан бол шалтгааныг тодруулна. Хорт хавдрын үед турж эцэн сульдаж ядрах шинж гардаг.

-Чих уруу өвдөх

-Хүзүүнд овгор үүсвэр булчирхай гарах

-Амьсгал муухай үнэртэй гарах, амьсгал бачуурах, хяхтнаж шуугиж амьсгалах

Оношлогоо эмчилгээ:

Дээрх сэжигтэй шинжүүд илэрсэн бол толгой хүзүүний хавдрын эмчид үзүүлж онош тодруулах шинжилгээ хийлгэнэ. Гол нь дурангаар төвөнхийг дурандаж хавдрын сэжигтэй үүсвэр байвал түүнээс эдийн шинжилгээ авч оношийг тогтоодог. Хавдар оношлогдсон бол хавдрын хэмжээ тархацыг тогтоож цаашдын эмчилгээний тактик, мэс заслын цар хүрээг тодорхойлохын тулд компьютер томографи, MRI, рентген, дотор цуллаг эрхтэний болон хүзүүний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг бусад цус, шээсний шинжилгээний хамт хийдэг.

Эмчилгээ нь хавдрын хэмжээ үе шат, өвчтөний биеийн байдал хавсарсан бусад эмгэг зэрэг олон хүчин зүйлээс хамааран мэс засал, туяа эмчилгээг хослуулан эсвэл дангаар хэрэглэн эмчилдэг. Зарим тохиолдолд химийн эмчилгээг мөн хийнэ.

Урьдчилан сэргийлэлт:

-Эрсдэлт хүчин зүйлсээс аль болох зайлсхийх бууруулах: Архи тамхины найрлагад хорт хавдар үүсгэгч бодис байдаг. 13 судалгааны үр дүнгээр архи уухаа больсон хүмүүст 5-10 жилийн хугацаанд хавдар үүсэх эрсдэл эрс буурч цаашид аажим буурсаар 20-30 жил болоход архи огт уудаггүй хүмүүсийнхтэй адил болдог байна. Нэгэн судалгаагаар төвөнхийн хорт хавдартай хүмүүсийн 80 хувь нь эрүүл амьдралын хэвшилтэй байсан бол өвдөхгүй байх боломжтой байсан гэж гарчээ. Өөрөөр хэлбэл 80 хувь нь урьдчилан сэргийлж болох байсан байна.

-Эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөнд байдаг бол, ойрын удамдаа толгой хүзүүний ялангуяа төвөнхийн хорт хавдраар өвдсөн хүнтэй бол сэжигтэй шинж тэмдэг мэдэгдэнгүүт хугацаа алдалгүй эмчид үзүүлж байх нь эмчлэгдэх шатанд нь өвчнийг илрүүлж бүрэн эдгэх нөхцөлийг бүрдүүлнэ. Дашрамд хэлэхэд манай өвчтөнүүд хожуу шатанд ирсэний улмаас төвөнх тайрагдаж дуу хоолой гаргаж чадахгүй бичгээр харьцдаг болдогоос үүдэн эмчилгээнээс зугтан алга болох тохиолдол гардаг. Хэдийгээр хавдар ургаж амьсгал бачуурч боогдон нас барах аюул байгааг сануулсан ч үл хайхран эмчилгээг хаян явж эмчлэгдэх боломж байхгүй болсон хойно амьсгал боогдон бачуурч түргэнээр ирэх тохиолдол гардаг. Үүнд манай хүмүүсийн дунд нийтлэг байдаг хавдарт мэс хүргэж болдоггүй гэсэн маш буруу ойлголт бас нөлөөтэй. Хэдийгээр төвөнх тайрагдахад өөрийн дуу хоолойгоор ярих боломжгүй болдог ч хиймэл дуу гаргах төхөөрөмж түүнчлэн дуу гаргах протез ч байдаг. Гэхдээ үүнд хиймэл хөл гараа ашиглаж сурахын тулд хүн өөрөө олон хоног сараар хичээн зүтгэж даддагтай адилаар ердийнхөөс өөр механизмаар дуу авиа гаргаж сурах, дадах хэрэгтэй болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *