Categories
мэдээ цаг-үе

Тэнгэр мэт сүрлэг “Алтайн уулс”

Төрийн шагналт, ардын зураач Лувсангийн Гаваагийн “Алтайн уулс” бол Монголын дүрслэх урлагийн сонгодог бүтээл юм.Л.Гаваа гуай энэ бүтээлээ 1958 онд туурвижээ. 200×400см-ийн хэмжээтэй. Үзэл санаа, өгүүлэмж, дүрслэлийн хэлээрээ асар өргөн цар хүрээг илэрхийлсэн туульсын уран зураг юм. Байгалийн уран зургийн гол онцлог нь өнгө бичилтдээ байдаг. Байгаль ертөнц дээр байгалиас өөрөөс нь өөр төгс бүтээл үгүй учраас тэр. Байгалийн бодит төгс төгөлдрийг уран сайхны сэтгэлгээнд буулгахдаа өнгөний хэллэгээрээ хэр зэрэг өргөн орон зайг бүтээн бий болгоход хэргийн учир байна. Хөгжмөөр зүйрлэн үзвэл, симфони хөгжимд дээд зэргийн өндөр нарийвчлалтай оркестровкыг(найралжуулга) бүтээнэ гэсэн үг юм.Үүгээрээ сонгодог бүтээл нь хүний оюуны мөнхийн тэжээл болдог. Л.Гаваа гуай “Алтайн уулс” бүтээлдээ Монгол Алтайн нуруудын байгалийн төгс үзэсгэлэнг хүүрнэн өгүүлэхдээ өнгөнүүдийн найралжуулгыг тийм өндөр нарийвчлалтайгаар бичсэн харагдана. Одоо та эл агуу уран зургийн өнгөний найралжуулгыг харна уу. Байгалийн уран зургийн сод бүтээл дэх өргөн дэлгэр утга, гүн санааг өгүүлсэн баян тансаг хэллэгийг “өнгөний зохицол” гэх төдийгөөр илэрхийлэх аргагүй. Өнгө зохицох төдийгүй найрал үүсгэж байж хүүрнэн өгүүлэх өргөн цар хүрээнд хүрч очдог. Тиймээс “өнгөний найралжуулга” нь зураачийн туурвих зарчмыг, мастерствог илүү тодорхой ойлгомжтой харуулж чадах юм.

“Алтайн уулс”-ын зохиомж дахь симфони маягийн өнгө бичилт нь түүнд багтаасан өгүүлэмжийнхээ хамт оршихуйн тухай монголчуудын гүн ухааны үзэл дээр төвлөрч байна. Манай монголчууд эрэгтэй хүүхдийг “Уул шиг өндөр эр болоорой” гэж ерөөдөг. Ялангуяа хүүхдийн даахь үргээхдээ. Хуруун чинээ бяцхан хөвгүүдээ ийн ерөөсөөр ирсэн нь өндөр нуруутай болоорой гэсэн утга биш гэж бүгд мэднэ. Мянга мянган жил хөвгүүддээ хандан хэлж ирсэн энэ үгс өнгөн дээрээ жирийн л сонсдох боловч өрх гэр хийгээд улс гэрээ залж авч явах ноён нуруу, ухаан саруул, сэтгэл уужуу, эрдэм чадал төгс эр хүн болоорой гэсэн утгыг агуулж байдаг ажээ. Амьдралын ноён нуруу болоорой л гэсэн үг юм. Үр хүүхдээ “уул шиг өндөр эр болоорой” хэмээсэн энэ хэдхэн үгэнд монголчууд амьдралынхаа гүн ухааныг шингээжээ. Яагаад тал шиг уужуу эр болоорой гэж ерөөгөөгүй вэ.

Байгаль ертөнцтэйгөө зэрэгцэн оршигч монгол хүний сэтгэлгээгээр бол уулс нь ямагт алслан тэлэх уудам орон зайг илэрхийлдэг. Чухамдаа уудам орон зайд л амьдрал өргөн дэлгэр бөгөөд цаглашгүй оршдог байна. Монголчууд оршихуйн мөн чанарыг ингэж үзжээ. Энэ үзэл санааны хамгийн тод илэрхийлэл нь “Алтайн магтаал” хэмээх туульсын хөгжим байна. “Алтайн уулс” сонгодог зураг, “Алтайн магтаал” туульсын хөгжим хоёр үзэл санаагаараа агаар нэг. Санаагаа илэрхийлсэн туульсын хэл, уран сайхны сэтгэлгээгээрээ ч нэгдмэл юм. Гаваа гуайн сонгодог зургийг хармагц үзэгчийн сэтгэлд “Алтайн магтаал” сонсогдох шиг болдог билээ. Энэ бол уг хоёр бүтээлийг сонгодог хэв шинжээрээ төрөлсөж буйг нотолно. “Алтайн магтаал”-ыг сонсоогүй юм уу мэдэхгүй монгол хүн нэгээхэн бээр ч үгүй биз. Хүний сэтгэлийг соронзон мэт татаж, уярах, хайрлах, бахархах, алмайран гайхах, бишрэх, сүрдэх гээд бүхий л мэдрэмжийг өдөөж сэтгэл хөдлөлийн туйлд хүргэгч “Алтайн магтаал”-аар монгол хөгжмийн сэтгэлгээ төлөвшин тогтсон болов уу. Алтайн магтаалыг сонсч байхад цаг хугацаа зогсчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Улмаар цаг хугацааны вакуум орчноос гараад гадна талд нь буйгаа мэдэрдэг. Ихэнх хөгжим сонсогчоо урагшаа хурдлуулаад л байдаг бол Алтайн магтаал хүнийг цаг хугацааны “лонх”-ны дотроос хөтөлж гаргаад мөнхөд оршигч ертөнцтэй нэгдмэл нэгэн эс болгож орхидог ид шидтэй. Тэгээд хөгжим өндөрлөхөд сонсогч бээр мөнөөхөн ид шидээсээ аажмаар гарч цаг хугацааныхаа “лонх”-нд эргэн газарддаг билээ. Тэнгэр баганадан оршигч баян тансаг Алтайн уулсын бэл хормойноос зүүгдэн төрж, бэлийнх нь чулуунд бүдэрч, унаж босон хөлд орсон түмэн олны оюун сэтгэлээс энэ шидэт хөгжим дуурьссан бол “Алтайн уулс” сонгодог зургийг бүтээн туурвигч нь говь нутагт төрж өссөн байх аж.

Зураач энэ бүтээлээ туурвихдаа олон жилээ зориулж, олон ч судалбар зурсан гэдэг. Тэрбээр 1953 онд Ховд аймгийн Булган суманд очиж судалгаа хийжээ. Нутгийн оршин суугчидтай танилцаж, өвгөд настнуудтай байнга ярилцаж, угсаатнуудын аж байдал, зан заншилтай танилцаж явсан байна. Ийнхүү бараг гурван жил судалгаа хийж, өдрийн бодол, шөнийн зүүдэндээ амилуулсаар сэтгэл оюундаа их уулсын дүрийг бүтээн босгосон гэдэг.Алтайн уулсыг заримдаа эрдэнэсийн өнгөөр зүүдэлж байсан тухайгаа ингэж ярьжээ. “Аялж явах хугацаанд Цаст цагаан Алтай байн байн зүүдэнд үзэгдэж, нүдгүй исгэрсэн салхи шуурган дунд сарьдаг орой нь торолзоод л, заримдаа тувт эрдэнийн чулуугаар бүтсэн болохоор түүнээс нь түүж өвөртлөөд их л таатай өег байтал гэнэт нойр цэлмэж, бахь байдаг төмөр орныхоо толгойг тас атгачихсанаа мэдэрнэ. Зүүд нойрондоо мөнөөх л Алтайн сүр жавхааг усанд туссан үзэсгэлэнт байдлаар харж, түүнийгээ зурах гэж оролдоно. Ховд аймагт уран бүтээлийн томилолтоор ажиллаж явахдаа сэтгэлд уяатай нэгэн дүртэй болчихжээ. Хүссэн бүхэн санаснаар бүтдэггүй хорвоод харин ч санамсаргүй байтал мөнөөх л дүрүүд эрээлжлэн үзэгдэж, Алтайн уулс сэтгэлд зурсхийн бууж, бийрээ аван зурж татлаад эхэлнэ. Ингэж хэдхэн хормын дотор хар зураг татагдаж, уулсын дүр дүрслэл нүднээ тодорч, өнгө зүс, хүүшилсэн сүүдрийг хэрхэн гаргаснаа ч өөрөө анзаараагүй. Нэг л мэдэхэд энэ зураг бэлэн болсон байлаа” гэж уран бүтээлийн нөхдөдөө ярьсныг зураачийн тухай Л.Батчулууны номд тэмдэглэн үлдээсэн байх юм. Нэрт зураач Л.Гаваа гуай амьдралынхаа ихэнх цаг хугацааг театр урлагт зориулсан. Орчин үеийн театрын урлагийг үндэслэгчдийн нэг тэрбээр хөгжимт драмын театрууд, Дуурь, бүжгийн эрдмийн театрынурын сангийн жүжгүүдийн тайзыг хийсэн. ДБЭТ-ын Ерөнхий зураачаар ажиллаж байсныг нь хүмүүс илүү сайн мэдэх байх. Тэрбээр 150 гаруй жүжгийн тайз, хувцас чимэглэл, 20-иод киноны зураачаар ажиллан 300 гаруй уран зураг туурвисан. Ховд, Баян-Өлгий аймгийн театруудад томилолтоор очиж ажиллах бүртээ “Алтайн уулс”-ынхаа судалгааг уйгагүй хийж явсан байдаг. Хожим ньЛ.Гаваа гуай ингэж бичжээ. “Алтайн уулын том зураг миний сэтгэлд хадаатай явсан болохоор зураач М.Амгалангийн хамтаар ердийн уналга хувийн боломжоор Алтай Таван богд ууланд гарахаар зориглов. Холбоо нуурын чигээс зүүн тийш ташиж, Алтай хангайг тойрон аялж, Потийн даваа, мөсөн гол хүртэл аялж, үнэнхүү гайхамшигт бишрэн явах зуураа уран сэтгэмж, үнэн бодит амьдрал хоёрын мөн ялгааг биеэр туулж, нүдээр үзэж сэтгэгдэл өндөртэй цаст Алтайгаас бууж ирээд зургаа зурсан ч Алтайдаа дахин авиран мацсан юм. Ингэж явах зуураа цаг ямагт зургийн хоёр дахь хувилбарыг бодсоор Таван богд, Алтайн дүрийг гэрэл зурагт янз бүрийн байдлаар буулгаж байлаа. Миний зурсан зураг илүү сайхан тод томруун аятай байв. Эцсийн эцэст асар өндөр ууланд хэт ойртож тулсан харцаар зурахад зөвхөн сарьдгийн оргил харагдаж, уран дүрслэлийн гол гогцоог ерөнхийлөн урлах зөв хараа чухал байв. Алтайн ууланд үзсэн харсан бүгдийг сэтгэл зүрхэндээ тогтоон ирж, зургаа дуусгах ажилд орлоо. Алсад хэцрэн манарах их уулсын цуваа, түүний ам, салаа бүрийн айсуй тогтоц бидэнд тулж, их хавцлын эрс тэсийн ялгавар, бэл хормой дахь ой модод, дүнсгэр нуруу, нуга, гол ус эд бүгдийг ялган зааглах, эсвэл уран сайхны ерөнхийлөлд хүргэхэд манан будангийн өнгө төрхийн дагавар, хөнгөн бичлэг, таталбарлалт бүгд нь уулыг уулс болгох, толгодыг уулс болгох, байгаль хорвоогийн өнгө үзэмжийг уран зураг болгох, будаг шунхыг хөг аялгуунд хувьсгаж, их дүрслэлийн байц тогтоцыг хийсвэрлэл, айзам хөдөлгөөнөөр нийлүүлэн, яруу тунгалаг найрлын зэрэгтхүргэж, хүн олны ой тойнд нэвтрэн орших үлэмжийн чанарт хүргэх хүслийг өвөртлөн зургаа дуусгав” гэж бичжээ.

Яг л тэнгэр мэт сүрлэг энэ бүтээлээрээ зураач 1958 онд Москвад нээгдсэн социалист орнуудын урлагийн үзэсгэлэнгийн шагнал хүртсэн. Л.Гаваа гуайн “Алтайн уулс” бол дэлхийн сонгодог урлагт монголчуудын нэмсэн байгаль ертөнц, хүний амьдралын сүр жавхлант дүр, амьдралыг үзэх гүн сэтгэлгээ, урлагийн сод туурвил юм.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *