Categories
мэдээ нийгэм

Зөв ёс зүйг төлөвшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлжээ

“Соёлоор гийгүүлэхүй” ашгийн бус бүлгэмээс Гандантэгчинлэн хийд, Богдын ногоон ордон музейтэй хамтран “Дээдийн номын гайхамшигт соёл” үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд Бурхан багшийн сургаал номлол бүхий эрдэнийн судар бичгүүдийг дэлгэсэн бөгөөд “Эрүүл биетэй, саруул ухаантай, сайн зан чанартай, зөв ёс зүйт хүүхдийн хэвшүүлэх 9 дадал” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулсан юм.

Эл хөтөлбөрт нийслэлийн дөрвөн ЕБС-ийн 40 гаруй хүүхэд хамрагдсан байна. Хүүхдүүд эрүүл биетэй байхын тулд зөв хувцаслаж, зөв хооллон, хөдөлмөр, амралтыг зөв хослуулахаас гадна саруул ухаантай байхын тулд даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх гэсэн гурван дадалд суралцжээ. Мөн сайн зан чанартай байхын тулд мэндлэх, хүндлэх, талархах уучлах, ширүүн үг хэллэг болон худал хэлэхгүй байхаас гадна бусдад туслах зэрэг сайн дадлыг хэвшүүлж эхэлжээ.

Ингээд долоо хоногийн турш “Би чадсан” гэх инээмсэглэл бүхий өнхрүүшээр өөрсдөө болон аав ээжээсээ үнэлгээ авч тэмдэглэгээ хийсэн аж.

Хөтөлбөр санаачлагчдын зүгээс хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад зөв зан үйлийг хүүхдүүд ээж ааваасаа үлгэрлэн суралцдаг гэж хариулсан байжээ. Тиймээс ээж ааваасаа суралцахаас гадна үе тэнгийнхэндээ үлгэрлэх, бурханы сургаал, судар номлолыг бодитоор хэрэгжүүлэх боломж олгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *