Засгийн газрын хуралдаанаас Зам тээврийн яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргасан. Түүгээр ч барахгүй яамыг нэн даруй нүүлгэн шилжүүлжэмнэлгийн үйл ажиллагааг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний дотор бэлэн болгосон байхыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болголоо. Өвчин зовлондоо шаналж буй хүүхэд багачууд асрагчтайгаа шалан дээр халат дэвсэн хэвтэж буй нүд хальтрам дүр төрхийг бодохоор дээрх шийдвэр нүдээ олсон явдал боллоо гэж баярлах хүн олон байгаа. Ядаж л гаднаа машин зогсоход зай талбай сайтай гээд хаа хаанаа ам сайтай байна. Харин эмнэлгийн зориулалттай болгож засвар үйлчилгээ хийхэд 6.5 тэрбум төгрөгийн зардал шаардагдана гэсэн тооцоо судалгаа гарсан байна.
Эмнэлэг, тэр дундаа хүүхдийн эмнэлэг гэдэг өрөө бүхэнд угаалтуур, хэвтрийн өвчтөнд бие засах өрөө хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ л ийм их хэмжээний мөнгө яасан ч орохгүй гэж барилга, дулааны сүлжээний мэргэжлийн инженерүүд хэлж байна. Тэр ч бүү хэл 6.5 тэрбум төгрөгөөр 100 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг канад технологиор барих төсөв гэж байгаа. Баригдаад гуч орчим жил болчихсон хуучин байрыг янзалж 150-хан ортой эмнэлэг болгож байснаас шинээр хоёр зуун хүүхдийн ортой эмнэлэг байгуулбал улсын эдийн засагт хэмнэлттэй. Эмнэлгийн хүйтэн шалан дээр үр хүүхдээ тэврэн суугаа хөөрхий олонд ч нэмэр тустай баймаар. Гэвч, хамгийн гол зүйл төрийн мөнгө идээд сурчихсан түшмэдүүдийн мөнгө угаагаад сурчихсан арга мэхтэй холбоотой санагдаад байх юм.
Улсын мөнгөний авдар дундуурхан, эдийн засгийн хямрал хаа сайгүй үргэлжилсэн сиймхийгээр төрд алба хашигч эрхмүүд ард түмний татварын мөнгөөр хэтэвчээ түнтийлгэх арга саам зохиож байж ч мэдэх юм. 150 ортой эмнэлэгтэй болно гэдэг хэн хүний чихэнд чимэгтэй сайхан л сонсогдож байна. Албан контор байсан барилга байгууламжийг эмнэлгийн зориулалттай болгоход тодорхой хэмжээний төсөв шаардагдаж л таараа. Харин засварт 6.5 тэрбум төгрөгшаардагдана гэдэг дэндүү өндөр тоо, бүр нугалсан их үнэлгээ. Үнэнийг шулуухан хэлэхэд төрийн түшмэдийн шунал хэрээс хэтрээд байгаа юм байна. Аливаа төсвийг хэт зарлагадаж тэлэхээс илүү агшаах бодлого барихаас аргагүй байдалд ороод байхад хүүхдийн шаналангаар шоудаж мөнгө угаахыг оролдогсод иддэг, иддэг гэхэд цагаандаа гарчихсан юм биш үү.
Л.ЦЭНГЭЛ