УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.26/ нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хороо 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм. Байнгын хороо Ажлын хэсгээс гарсан саналыг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Төслийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтыг “гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.” хэмээн өөрчлөх санал дэмжигдсэн. Түүнчлэн “Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно. Төрийн болон бусад байгууллага үйл ажиллагаандаа зөвхөн хуулийн этгээдийн цахим гэрчилгээг ашиглана.” гэсэн заалт дэмжлэг авсан.
Хуулийн төсөлд “Хуулийн этгээд энэ хуулийн 11.3-т заасан хугацаанд өөрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол шүүгч, эсхүл эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь хуулийг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх заалт мөн дэмжлэг авсан юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа.
Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв.
УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, О.Содбилэг нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.