Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мобиком корпараци болон Соунд оф Монголиатай хамтран стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засч эхэллээ. Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 30х60 хэмжээтэй, эрэгтэй, эмэгтэй гэж тусдаа 2 хувцас солих байртай, кофе шоп ажиллах бөгөөд энэ сарын 28-наас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Талбайн ашиглалтыг Монголын хоккейн холбооны мэргэжлийн залуус хариуцаж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.