Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Супер лиг супер болж байна

Сагсан бөмбөгийн спорт хүссэн ч эс хүссэн ч дэлхийн спорт болж чадсан. Монголчууд бөмбөрцөгийн спорттой танилцаад хагас зууныг үдсэн ч халхын хавтгайдаа хаймран бөмбөг залсаар саяхныг хүртэл явж ирлээ. Энэ удаагийн супер лигийн онцлог нь анх удаа АНУ-ын Нью-Йорк хотноо лигт тоглох легионер тамирчдыг сонгон шалгаруулсан. 100 гаруй легионер тамирчид сонгон шалгаруулалтад оролцож, 20 гаруй тамирчныг лигийн багууд сонгон аваад байгаа. Улиг болсон гэгддэг Монголын сагсан бөмбөгт эргэн ирэлтийг хийж, Азийн наадамд өрсөлдсөн манай баг шилдэг наймд шалгарч байсныг мартаагүй байх. Уг амжилтыг легионер тамирчдын ур чадвар, өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж болно. Энэ удаагийн супер лигийн тэмцээнд эмэгтэй таван баг буюу СБЛ Хасын Хүлэгүүд, Баянгол Фалконс, Дорноговь Таван дохио, ШУТИС Шаркс, МУИС Ирвэсүүд гэсэн багууд лигийн талбайд анх удаа гарсан нь сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Монголд өдгөө Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх хоёр ТББ үйл ажиллагаагаа явуулж байна. Сагсан бөмбөгийн спорт хамгийн өндөр хөгжсөн АНУ-д гэхэд нэлээд хэдэн холбоо үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэднээс Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь НБА-гээ зохион байгуулдаг. Тэгвэл Монгол Улсад Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь МНБА-гээ зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. “Хас”-ын Ч.Ганхуяг, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нарын удирддаг Монголын сагсан бөмбөгийн холбоо өнөө жил лигийн тэмцээнээ зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. Харин ХАХНХ-ын сайд Содномзундуйн Эрдэнийн тэргүүлдэг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн тоглолт өнгөрөгч сарын 19-нд нээлтээ хийж нэгдүгээр тойргийн тоглолтууд ид дундаа үргэлжилж байгаа юм. Нэгдүгээр тойргийн тоглолт ирэх оны нэгдүгээр сарын 9-нд өндөрлөнө. Сагсан бөмбөг сонирхогч залуусын хамгийн ихээр хүсэн хүлээж байсан “Харцага”, “Хасын хүлгүүд”, “Танан гарьд” зэрэг таван баг Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигт тоглоно гэж байсан ч төд удалгүй эгнээндээ нэгдэж лигийг улам сонирхолтой болгож байна.

Монголын сагсан бөмбөгийн түүхэн амжилт Инчоны Азийн наадамд шинээр бичигдсэнийг бид мартаагүй байна. Тэр дундаа Тунгалагийн Санчир хэмээх залуугаа Азид таниулж Японы лигээс урилга хүртэл ирүүлээд амжсан. Сагсан бөмбөг бидний мэдэхээр Ц.Шаравжамц, Тагарваагийн Түвшинбаяр, Майбаяраар хязгаарлагддаг байсан бол Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш эдгээр лидерүүдийн халааг авч гарч ирсэн залуус Монголын сагсан бөмбөгийг хоёр жилийн хугацаанд мэргэжлийн болгож чадсан юм. Азийн наадамд оролцсон орнууд Монголын багийн талаар уулга алдацгааж байсан. Монголын сагсчдын талаар Азийн “шар хорхой”-нууд амаа ангайлгаж байгаа нь нууц биш. Бид Азид биш дэлхийд тоглох цаг ирсний ганцхан баталгаа нь Азийн наадам байлаа.

Хэдэн жилийн өмнө бол таван баг лигийн тэмцээнд хүч үзэхэд Хараагийн Харцага, Хасын хүлгүүд ноёрхлоо тогтоодог байлаа. Харин өнөө жил анх удаа 11 баг Үндэсний супер лигт хүч үзэж, хүчний тэнцвэр ижил, залуу үе хүч түрэн гарч ирж байгаа тул аль ч баг дээшээ гарах бүрэн боломжтой болоод байна. Үнэндээ энэ муу гээд хэлчих баг даанч алга. Бид ганцаарчилсан спортын төрөлд аль ч орны тамирчдаас дутахгүй гэдгээ харуулсан. Одоо багийн тоглолтоор олон улсад танигдаад эхэллээ. Угаасаа монголчууд багийн тоглолттой гэдгээ аль хэдийнэ баталчихсан улс. Чингэс хааны цэргүүд аравтын системээр тулаанд орж ялалт байгуулдаг байсныг түүх гэрчилнэ. Тиймээс багийн тоглолтыг спортын төрөлд одоо л гялалзтал харуулах хэрэгтэй.

Өмнө нь дээд лигийн тэмцээн хөрөнгө санхүүгийн гачаалаас болоод хоёр гурван жил завсарлаж байсан бол одоо тэр тал дээр санаа зоволтгүй болжээ. Сагсан бөмбөгийн шинэ холбоо шинэ менежментээр ажиллаж байна. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд байгаагүй 70 сая төгрөгийн шагналын сантайгаар эхлүүлж түрүүлсэн баг 40 сая, хоёрдугаар байрт шалгарсан баг 20 сая, гутгаар байрт шалгарсан багт 10 сая төгрөгийн шагналыг өгч байгаа. Өнөө жил ч мөн шагналын сан хэвээрээ аж. Супер лигийн тоглолтуудын дундуур хоёр үзэгчийг талбайд гарган зооны бүсээс бөмбөг шидүүлээд оруулж чадсан хүнд хагас сая төгрөг өгдөг уламжлалтай. Өнгөрөгч улиралд нэг залуу хагас сая төгрөгийн эзэн болсон бол өнгөрөгч баасан гаригт аз нь атгандаа багтсан Э.Анхбаяр гэдэг залуу зооны бүсээс бөмбөг оруулж хагас сая төгрөг халааслан, бүтэн жилийн турш лигийн тэмцээн үнэгүй үзэх эрхээр шагнуулсан юм.

Одоогоор лигийн багууд 5-6 тоглолт хийгээд байна. Д.Доржпүрэв эзэнтэй Төв аймгийн Төв ургац баг дөрвөн хожил нэг хожигдолтойгоор лигийг тэргүүлж байгаа бөгөөд тус багт 192 см өндөр, 90 кг жинтэй Бүүни Жуниор, 208 см өндөр, 110 кг жинтэй Холмес Жуниор нар гарцаагүй багаа хожилд хөтөлж байгаа юм. Хашир туршлагатай Ц.Мэргэний хувьд Харцага багтайгаа лигийн цом өргөж байсан бол Төв ургац багийн хамтаар дахин лигийн аварга болохоор зүтгэх нь гарцаагүй. Д.Мөнхтөр, Ц.Ганболд нар ч багтаа үнэтэй цэнтэй үүрэг гүйцэтгэж байна. Бүүнийн цагираган дээрээс довтлолт, хамгаалалт хууралт гээд бүхий л талаараа жигд тоглогч гэдгээ харуулаад байгаа бол легионер тамирчид дунджаар 20-оос дээш, 10-ээс дээш самбараас бөмбөг авсан статистик гарчээ.

Өнгөрөгч долоо хоногийн тоглолтуудаас онцлох тоглолт гэвэл лигийн дөрвөн удаагийн аварга Харцага, лигийн аваргын хүрэл медальт Эрдэнэдрийлинг Ригсийн тоглолт байв. Тоглолтын эхнээс Ригсийн довтолгоо бүр цагирагт орж тэргүүллийг авч ирсэн бол Харцага багаас Олон улсын хэмжээний мастер Ганболдын Баттөр, Золзаяа нарын ээлжит довтолгоонууд оноо болж чадсангүй. Харцагууд хоёр, гуравдугаар үед ч эргэн эрэлтийг төдий л хийж чадаагүй. Харцагуудын төвийн тоглогч, багийн ахлагч самбарын “хаан” Бат-Очирын Одбаяр Австрали улсад сурахаар явсан болохоор багт нь түүний орон зай илт үгүйлэгдэж байсан юм. Харцагуудын хувьд өнгөрөгч улиралд Маркус Хэммондсыг багтаа нэгтгэн “хар ажил”-даа зүтгүүлж байлаа. Б.Одбаяр Хэммондс нар өдгөө байхгүй байгаа ч тэднийг 198 см өндөр П.Болортулга болон 207 см өндөр Эндрю Браун нар нөхөж тоглож байгаа. Ихэр цамхагууд үүргээ амжилттай гүйцэтгэж Ригсийн М.Батжавхлан, С.Өрнүүнбилэг нар дээр ээлж дараалан блокдож үзэгчдийг босгоод ирсэн юм. Андре Брауны уран тохолтын эсрэг Ригсийн Алвин Брауны хүчирхэг тохолтууд хариуг нь барьсан юм. Харцага багийн Андре Брауны хувьд НБА-гийн “Мемфис Гриззлис”, “Шарлотт Бобкатс”, “Сиэтл Суперсоникс” багуудад 2007-2008 оны улиралд тоглож байсан шилдэг тоглогчдын нэг юм. Түүний хувьд хамгаалалт довтолгоо, самбартаа аль альдаа хүчирхэг гэдгээ тоглолтуудын туршид харуулаад байгаа. Тэгвэл тоглолтын гуравдугаар үеийн хоёр дахь минутад Ригст сарын гурван мянган ногооноор ирсэн МакКойгийн цагираг дээрээс довтолсон шилдэг довтолгоо супер байж чадсан. Цагирагт бөмбөг орсны дараа тэрбээр цагирагаас зүүгдэн савлуулсан нь Дэвон Кларкын самбар нураасан тохолтыг санагдуулсан юм. Уг тохолт энэ өдрийн шилдэг довтолгоонуудын нэгээр шалгарлаа.

Харцагуудын тоглолт төдий л гарахгүй байсан тул А.Алтан-Очир дасгалжуулагч сэлгээнээс холын зайн шидэлтийн аварга Нэмэхбаярыг оруулсан ч тусыг эс олов. Харцагын 176 см өндөр Энхцогтын Дөлгөөн 190 гаруй см өндөртэй Золжаргалын эсрэг уран довтолгоо хийж багтаа сэргэлт авчирсан. Түүнээс хойш Э.Дөлгөөний холын зайн гурван ч довтолгоо амжилттай болж эргэн эрэлтийг хийж эхлэв. Ригсийн Батжавхлангийн холын зайн шидэлт амжилтгүй болж бөмбөг ойн гарахад МакКой самбарын цаад талаас хоёр метр орчим газар үсэрч ирээд л нам тохов. Уг довтолгоо Харцагуудыг хэсэг дарж авахад хэрэг боллоо. Тоглолтын дөрөвдүгээр үеийн сүүлийн гурван минут ажиллаж эхлэхэд Ригс 84, Харцага 83 оноотой байв. Ригсийнхэн холын зайн шидэлтээ давгүй гүйцэтгэдэг Золжаргал руу бөмбөг дамжуулахад Э.Дөлгөөн дундуур нь орж таслан бөмбөгөө залсаар өөрийн самбарт оноо болгож чадсан нь лиг үзэхээр ирсэн тамирчдаас өөрийн эрхгүй алга ташилт, уухайн түрлэгийг авлаа. Энэ тоглолтод Энхцогтын Дөлгөөнийг зогсоочих сагсчин Эрдэнэдрийлинг Ригсээс гарсангүй. Э.Дөлгөөний хувьд энэ өдрийн шилдэг довтолгоо хийснийг хүргэе. Самбарын баруун талаас довтолгоогоо эхлүүлсэн Дөлгөөнийг самбарын зүүн зах хүртэл үсрэхэд МакКой, Золжаргал нар блокдох гэсэн ч тэдний суган доогуур шахам үсэрч НБА-д харагддаг довтолгоог гүйцэтгэн багтаа хоёр оноо авч ирлээ. Түүний гайхалтай тоглолтоороо авсан 29 оноо багтаа дөрөв дэх хожлыг нь авч ирсэн юм. Харцагын фанатуудад хандаж хэлэхэд багийн лидер Б.Одбаяр улирлын дундуур ирж багтаа хүчин зүтгэж магадгүй гэсэн сураг байна.

Супер лигийн тэмцээний үеэр өөрийгөө нээсэн залуу тоглогч бол лигийн аварга “Хасын Хүлэг”-үүдийн Д.Батбаясгалан юм. Өдгөө 18 настай Монголын ирээдүй болсон тоглогч хэмээн үнэлээд буй тэрбээр ухаалаг тоглолтоороо гайхшируулж байгаа.

Супер лигийн өнгөрсөн улирлын аварга СБЛ Хасын Хүлэгүүд баг лигийн гурав дахь тоглолтоо өнгөрөгч бямба гаригт Шихтулга эзэнтэй Эрдэнэдрийлинг Ригс багийн эсрэг хийлээ. Энэ удаагийн тоглолтонд Хүлэгүүдээс довтлогч А.Бямбадорж багаа тэргүүлж 28 оноо авсан. Тэрбээр өмнөх тоглолтод алсын зайн шидэлт, хурдтай довтолгоонуудаараа буудаж 26 оноо авч байсан. А.Бямбадорж цаашид ч, энэ улиралд багийн гол тоглогчдын нэг байна гэдэг нь энэ тоглолтоос харагдаж байлаа. Харин багийн лидер болох Б.Билгүүнийг багийн дасгалжуулагч Одонбаярын Баярцогт тоглолтын сүүлийн хагаст талбайд огт гаргасангүй. Б.Билгүүн талбай дээр есөн минут тоглохдоо оноо авч чадаагүй нь багт шийдэх зүйл их байгааг харууллаа. Харин Хүлэгүүдийн болон Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч О.Сэргэлэн мөн л сүүлийн хагаст талбай дээр гараагүй. Тэрээр 11 оноо, зургаан бөмбөг таслалтаар энэ тоглолтыг дуусгасан бол шигшээ багийн довтлогч М.Отгонмөнх фанатуудаа багагүй гомдоон ердөө 10 оноо авсан юм. О.Сэргэлэнгийн хувьд Барс зах дээр худалдаа эрхэлдэг бөгөөд их ажлынхаа хажуугаар ийн лигтээ хүч үзэж байна. Үзэгчдийн хүлээлтийг өөртөө үүрээд байсан Хүлэгүүдийн хоёр дахь легионер Пилл Жонс энэ тоглолтонд багтайгаа нэгдэж ердөө гурван оноо, 12 самбар авсан юм. Харин үзэгчид өнгөрөгч улирлын тоглолтод цагираган дээрээс довтлохдоо самбар нураасан Девон Кларкыг хүсэн хүлээж байснаа нуухгүй байна. Түүнчлэн НБА-гийн драфтын 2011 оны сонголт Нигерийн Чуквудиебере Мадуамбум өнгөрөгч улиралд Хүлэгүүдийн эгнээнээс хамгаалалт довтолгоо аль алийг нь чадварлаг гүйцэтгэж байсан. Түүнийг зайлшгүй ирэх байх гэсэн ч харамсалтай нь ирээгүй. Ригс багаас Хүлэгүүдийн эсрэг, багийн лидер С.Өрнүүнбилэг 23 оноо, 10 самбар авлаа. Ригс ноднин Деан Хадлей, давхар иргэншил олговол Монголын иргэн болоход бэлэн гэдгээ зарлаж байсан Маркус Скиннер нарын оронд Вилл Гиддингсийг авсан нь үр дүнгээ өгч эхэллээ. АНУ-д суралцаж байгаад ирсэн Н.Золжаргал онгоцноос буусныхаа дараа шууд тоглолтдоо оролцож 22 оноо авч байсан бол энэ удаа ердөө найман оноо, долоон самбар авлаа. Ингэснээр Эрдэнэдрийлинг Ригс баг улирлын эхний тоглолтондоо Төв Ургац багт хожигдсон ч, ийнхүү гурван тоглолт дараалан ялалт байгуулсан бол Супер лигийн хамгийн хүчирхэг баг гэгддэг өнгөрөгч оны лигийн аварга Хүлэгүүд баг хоёр дахь хожигдлоо хүлээлээ.

Супер лигийн эргэн тойрон дахь үйл явдлуулаас толилуулахад, Харцага багийн бүрэлдэхүүнээс сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн Гарьдуудын О.Ууганбаяр оноо авалтаар гайхалтай байгаа бол Ц.Азбаяр Ригсийн эсрэг трибль дабль хийгээд байсан юм. Мөн сарын 2500 ам.доллараар Лидерүүдэд ирсэн гэх самбарын “мангас” Жонатан Блэк 20 оноо дунджилж, Гамбл 10 оноо, зургаан самбар, Японы легионер Икэда Ёшифүми төдийлөн үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна. Үзэгчдээс “трактор” хэмээх нэрийг хүртээд байгаа самбар доор хүчний тоглолт хийдэг М.Дорждагва 15 оноо дунджилж, 10 самбар авч байгаа бол АНУ-ын Мэрилэндийн их сургуульд од болон гялалзаж байсан холбон тоглогч Жон Гилкрист 20 орчим оноо дунджилж байгаа аж. Жон Гилкрист сарын 2000 ам.доллараар ирсэн гэнэ. Түүний хувьд Умард Каролина, Дьюк зэрэг их сургуулиудыг нэгтгэдэг АСС конференцийн 2004 оны улирлын шувтаргын МВП шагналыг хүртэж байсан юм. Харин үйлдэл бүрээрээ олны анхаарлын төвд байдаг багийн лидер Батаагийн Мөнхболд төдий л идэвхтэй тоглолтуудыг үзүүлэхгүй байгаа ч “чоно бороо”-ноор гэдэг шиг бас мэдрүүлж байна. “Ирвэсүүд” багт сагсан бөмбөг сонирхогчдын хэдийнэ сайн танил болсон Тресси Жойнер тоглож байгаа бөгөөд жинхэнэ утгаараа хурд хүчийг мэдрүүлж алсын зайн довтолгоонуудаараа багтаа ялалт авчирсаар байна. Тэрбээр өнгөрөгч улиралд Монголд буусан өдрөө тоглолтод оролцож, 45 оноо авч байсан юм. Түүний хувьд хэдэн ам.доллараар ирсэн нь одоогоор нууц байгаа бөгөөд сагсан бөмбөг сонирхогчид 4000 орчим доллараар ирсэн байх гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

НБА буюу Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нэw Орлэанс Хорнэц” багт хүчин зүтгэж байсан мэргэжлийн тоглогч Карлделл Жонсон, Монголын Үндэсний Супер Лигт тоглож байна. Жонсон 2006 онд НЦАА-н нэгдүгээр дивизионы эхний багт нэрлэгдэж байснаас гадна, тухайн жилдээ конференцийнхоо шилдэг хамгаалан тоглогчоор тодорч байсан, шилдэг тоглогч гэнэ. Супер лигт гурав дахь жилдээ тоглож буй бие жижиг ч хүчний тоглолтоор самбар доор илүү байж чаддаг бидний эчнээ танил Крис Лавсон Сентоза Арслангууд буюу хуучнаар Монторх багт хүчин зүтгэж байна. Түүний хувьд энэ зуны турш бэлтгэлээ сайн базаасан бөгөөд 10 гаруй кг жин хаясан гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Крис Лавсоны тоглолтуудыг үзэх дуртай манайхан аль хэдийнэ түүнд Лувсан гэдэг монгол нэр хайрлаад буй.

Лувсан ч үүргээ тун сайн биелүүлж Азийн шилдэг тоглогчдын нэг Т.Санчиртай тун сайн гар нийлж байгаа. Онооны мангаа гэгддэг Тунгалагийн Санчирын хувьд Хүлэгүүдээс Шонхорт ирээд байгаа бөгөөд тоглолт бүртээ 30-аас дээш оноо авч багаа тэргүүлж байгаа. Тэгвэл Арслангууд дээр хүч нэмж өнгөрсөн улиралд НБА-гийн Филаделфиа 76 багийн хөгжлийн лигийн багт тоглосон Дарин Мэнси нараар хүчээ зузаатгасан. Тэдний хувьд багаа тун сайн бүрдүүлсэн ч ердөө хоёр хожилтой дөрвөн хожигдолтойгоор нэгдүгээр тойргийн сүүлээсээ гуравт бичигдэж байгаа.

Хүүхэд залуусын хамгийн ихээр үзэж буй Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн тоглолтууд үнэхээр супер болж байна.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *