Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн мэдээлэл буурчээ

НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах сан, Хэвлэлийн хүрээлэн, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн үр дүнг танилцууллаа. Дээрх байгууллагууд 2006 оноос эхлэн уг судалгааг явуулж эхэлсэн байна. Энэ жил таван телевиз, гурван өдөр тутмын сонин, нэг веб сайтын нийтлэлж буй мэдээ мэдээлэлд хүүхийн эрх, хамгааллын талаарх асуудал хэрхэн тусч буйг судалжээ. Тодруулбал, МҮОНТ, Монгол HD, Боловсрол, TV9, Eagle, өдөр тутмын сониноос “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” багтсан бол вэб сайтаас News.mn судалгаанд хамрагдсан байна.

Судалгаанд хамрагдсан 10 мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгт анализ хийхдээ Хүүхдийн тухай мэдээллээр хангах, Хүүхдийг мэдээллийн харилцаанд оролцуулах, Аюултай, эрсдэлтэй мэдээллээс хүүхдийг хамгаалах гэсэн үндсэн гурван зарчимд төвлөрч, дүгнэлтээ гаргажээ.

Судалгаанаас үзэхэд, сонинд нийтлэгдэж буй хүүхэд хамгааллын талаарх мэдээ нийтлэл 2010 онд 3 хувь байсан бол 2011 он 8.3 хувь болж өсч, 2014 онд 4 хувь болж буурсан байна. Харин телевизийн хувьд 2010 онд 13 хувь байсан бол 2011 онд 13.4 хувь, 2014 онд 24.7 хувь болж огцом өсчээ.

Телевизээр гарч буй хүүхдийн нэвтрүүлэг 0-13 насныханд хандаж байгаа бол, сонины нийтлэл 0-18 насныхныг хамардаг аж. 2014 онд “Боловсрол” суваг телевиз хүүхэд рүү чиглэсэн нийтлэл нэвтрүүлгийг хамгийн ихээр үзүүлсэн байна. Харин үүний дараа Монгол HD телевиз орсон бол удаах байранд TV9, MҮОНТ, Eagle оржээ.

Мөн дараах судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн сенсаци, гэмт хэрэгтэй холбоотойгоор хүүхдийн асуудлыг хөндөж тавьж буй сул тал ч ажиглагджээ. Хүүхдэд чиглэсэн мэдээллийн 52 хувь эерэг бол 26 хувь нь сөрөг хандлагатай мэдээлэл байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *