Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ийнгаа миний хээр тал

Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаярын хайр, эрх чөлөө, бусдад сэтгэлийн их амар амгалан, сайн сайхны ундарга бүхнийг бэлэглэхийн их тэмүүлэл, хүмүүний өөртөө хийгээд өрөөлд үнэн байхын жаргалыг мэдрүүлдэг нэгэн сайхан бүтээлээс төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байна.

Эрдэм шинжилгээний ажилдаа дарагдсан Анар өөрөө хайрлаж, өөрийг нь хайрлах эмэгтэйг битүүхэн эрэвч, санаанд нийцэх нь үл олдоно. Гэхдээ энэ эрэлдээ цаг зав зарцуулахгүй байгаа нь түүний сэтгэл атраараа байгааг илтгэх шиг. Анарын сэтгэл зүрхээ зориулан, дурладаг зүйлсийн нэг нь морь унах. Энэ нь магадгүй сэтгэл зүрхээ зориулж, үнэн голоосоо хийдэг цөөхөн зүйлсийн нэг байсан биз. Тиймдээ ч хүсэлдээ хөтлөгдөн наадмын морьд харахаар, болж л өгвөл морь унахаар Хүй долоон худагийг зорьдог. Дуртай зүйлдээ хөтлөгдөн очсон Анар морь унасан бүсгүйтэй танилцсанаар өөрийнхөө хийгээд амьдралынхаа хээр талыг нээх боломж эхэлдэг. Гэхдээ мэдээж тэр боломжийг Анар болоод Ийнгаа хэрхэн таамаглах билээ. Анар, Ийнгаа хоёр бол уншигч таныг дотоод сэтгэлийн хүч хийгээд бусдад сэтгэлийн гэрэл гэгээг бэлэглэх эрх чөлөө рүү хөтлөгчид. Дөнгөж танилцсан Анарт Ийнгаа унаж явсан морио өгч, хүссэн зүгтээ давхихыг зөвшөөрснөөр үүний эхлэлийг тавьдаг. Ийнгаагийн Анарт морио өгч, өчнөөн хол давхисан ч үл зовних сэтгэл, танилцаж амжаагүй шахам байж дуртай зүйлээ хийх эрх чөлөөг өмнө нь хэн ч өгч байгаагүйгээр олгосон нь Анарыг бүсгүйтэй дахин уулзах, бүр гэрт нь очно гэж эрхгүй амлахад хүргэнэ. Морио унуулсных нь хариуд, өөртэй нь сайхан харилцсанд ч бус тэр эрхгүй л сарын дараа гэрийг нь олоод очно хэмээн амласан биз ээ.

Дотнын найзаасаа зөрж, өдөр шөнөгүй хийсэн эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг хүлээлгүй Ийнгаад амласан амлалтаа л биелүүлэхийн төлөө Анар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Дун уулын Талим өвгөнийхийг, үнэндээ бол Ийнгааг зорино. Өөрийг нь танихгүй байх вий гэхээс эмээж зогссон Анарыг удтал хүлээсэн Ийнгаа угтана.

Анар нэг удаа “Бурханд тус болох юмсан” гэж боддогоо Талим өвгөнтэй хуваалцсанаар дун мэт дотогшоо өвгөний гүн их амьдралын далайгаас хүр­тэх боломжоо нээнэ. Бурханд тус болохыг хүснэ гэдэг чухам Талим өвгөний хийгээд зохиогчийн бусдыг хайрлах, өөрөөсөө гэгээрлийг эрэх, олоххүсэлтэй агаар нэг юм. Тиймдээ ч хааяа нэг үг солилцохдоо амьдралын нарийн ширийний учгийг тайлж өгөх нь Анарт тэдний гэрт удах нэг шалтаг болдог. Гэхдээ хамгийн эрхэм шалт­гаан нь Ийнгаа билээ.

Анарын хувьд эрх чөлөөг өөртөө нээсэн нэгэн томоохон үйл явдал Ийнгаагийн өдөр тутмын энгийн нэг дэггүйтэл байж таарна. Ийнгаа чулуун гэрээ үзүүлж, хүссэн цагтаа тоглодгоо жаахан охин шиг тог­лож суухдаа ярьсан нь Анарт хийгээд олон зуун уншигч Анарт мартагдсан хийгээд байж боломгүй эрх чөлөө, аз жаргал өгнө. Мөн Дун уулын өвөр дэх хүн төрөлхтний ч хүсэл, нууцыг хадгалж чадах чулуужсан дунгууд дунд авчир­сан ньАнарын хувьд өөр нэгэннээлт байв. Зохиолд Анарын энэ бол нээлт, тэр бол ололт хэмээн тунхагласан нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин зохиол цааш хөврөх тусам Анар­тай хамт уншигчийн дотоод ертөнц хөгжиж, амьдралаас үүссэн гав гинжийг тасчин хая­даг билээ. Тиймдээ ч тэр бугуйн цагныхаа зайг эргэлзэх юмгүй авч хаяад цаг хугацааг чөлөөлдөг. Бас өөрийгөө цаг хуга­цаанаас ангижруулдаг. Үүнийг уншсан хэн бүхэн цаг хуга­цаа хэмээх хүлээснээс өөрий­гөө чөлөөлөхийг ямар нэгэн байдлаар оролддог биз ээ.

Их хотын дуу чимээ, чөлөө завгүй ажил, хэмнэлээс хэсэгтээ тасарч, цаг хугацааг чөлөөлсөн Анар гэнэтхэн буцахаар болно. Ийнгаа үлдээхийг хэчнээн хүсэж байсан ч явахад нь бит­гий гэж хэлэлгүй, үүц базааж өгөөд, үднэ. Магадгүй энэ л уужуу сэтгэл Анарыг энд анх авчирч, үүрд үлдэх шалтгаан болсон биз. Буцахаар гарсан ч явж чадаагүй Анар найздаа дахин захидал бичнэ. Тэр “Чи намайг том нээлт хийж дэлхийд данстай эрдэмтэн болохыг хүсдэг гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ түүнээс ч илүү бас нэгэн хүсэл байдаг маань бурханы төлөө ямар нэг үйл хийх юм. Гэхдээ энэ хугацаанд би хэрхэн яаж бурханд тус хүргэхээ мэддэггүй байсан. Яг одоо би хариултыг нь олчих шиг боллоо. Энэ бол хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах юм байна. Тиймээс би Ийнгааг бүх насаараа хайрлан хамгаалж, түүнийг аз жаргалтай байлгахын төлөө өөрийн зорилгоо хойш тавьж байна. Тэд нүүдэл хийхэд бэлдэнэ. Энэ нь зөвхөн гэрийнхээ буурийг сэлгэж, эсвэл хаа нэгтээ нүүдэллэх нүүдэл төдий зүйл биш юм. Энэ бол Анарын сэтгэл зүрх, дотоод мөн чанарын хэннүүдэл. Бэсрэг романыг уншигч бүхний нүүдэл. Гэхдээ энэ нь мэдээж уншигч танаас, эндээс нээсэн нээлтүүдээс тань хамаарах билээ. Үг, өгүүлбэр бүрт нь ухаарал, тэмүүлэл шингэсэн уг бүтээлээс миний дурдаагүй олон зүйл уншигч таныг хүлээж байгааг хэлэх нь зөв байх.

Шүр, сувдаас ч үнэтэй ухаарал, бясалгал, энэрэл, хайр­ласаар л дуусахын чин үнэн хүслэнг надад бэлэглэсэн энэхүү бэсрэг романыг уншаад та ч бас өөрийн тааллаараа ямар нэг ухаарлыг олох биз ээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *