Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг баталлаа

ЗАСГИЙН ГАЗАР 320 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАНА

УИХ-ын чуулган өчигдөр өглөө 09.00 цагт хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэх байсан ч хойшилсон юм.Үдээс хойш 14.00 цагтмөн цугласангүй. Чуулганы ирц хүрэлцэхгүй байсны шалтгаан нь АН, МАН-ынхны дунд үл ойлголцол үүссэнтэй холбоотой гэнэ.Намууд хамтарч Засгийн газар байгуулахдаа 15 дэд сайд томилохоор квотоо хуваасан. Гэтэл Ардчилсан нам бусад нам, эвсэлтэй зөвшилцөлгүйгээр зарим яамыг хоёр дэд сайдтай байлгахаар оруулж ирснээс маргаан дэгдсэн гэх сураг байна.

Түүнчлэн уржигдар болсонЗасгийн газрын хуралдаанаар зарим яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон. Энэ нь ч намуудын хооронд маргаан дэгдээсэн бололтой.Учир нь Ардын намынхан төрийн нарийн бичгийн даргын квотоо нэмж, олон хүний нэр санал болгосон нь бусдынхаа дургүйцлийг төрүүлсэн гэх.Тухайлбал, АН-ынхан “Бүхэл бүтэн долоон дэд сайдын суудал авчихаад одоо төрийн нарийн бичгийн даргын албыг ийм олноор нь авах гэлээ” хэмээн эсэргүүцсэн сураг бий.Үүнээс болж Засгийн газрын хуралдаан дээр ширүүн маргаан өрнөж, зарим нь барьцалдаж авахдаа тулсан гэх жиг жуг ч байна.

Ямар ч байсан Төсвийн тодотгол хэлэлцэх байсан УИХ-ын чуулган өчигдөр 16 цагийн үед эхэлсэн юм. Энэ үед Ардын намынхан хуралд орж ирсэнгүй. Учир нь намын бүлэг нь ээлжит бус хуралдаан зарласан байлаа.Ингээд чуулганаар Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн”Орлого бүрдүүлэлтээ яаж үзэж байгаа юм. Хоёрдугаарт шүүгчдийн цалинг асуумаар байна. Тэд хууль ёсны цалин авч байгаа юу.Тэгээд энэ Ерөнхий сайд хаачсан юм бэ. Ардын намтай хамтраад бойкот зарлачихсан юм уу” гэхэд УИХ-ын дарга “Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйл асуу. Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хурал руу орсон” гээд микрофоныг нь хаав. О.Баасанхүү гишүүн ч чуулганы танхимаас гарсан тул түүний асуултад хариулах шаардлагагүй гэж үзэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Чингэс бондын мөнгийг бид урт богино хугацаанаасаа хамаарч 4.1-5.1 хувийн хүүтэй зээлж авсан. Гэтэл дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд энэ мөнгөө таван хувийн хүүтэй зээлдүүлсэн байх юм. Тэгэхээр чинь алдагдал хүлээнэ шүү дээ. Хоёрдугаарт Анод, Зоос, Хадгаламж гээд гурван банк дампуурсан.Эхний хоёр банкны иргэдийн хадгаламжид төр баталгаа гаргаж, улсын төсвөөс иргэдийг хохиролгүй болгосон. Арилжааны банкуудын найдвартай зээлүүдийг улсын төсөвт оруулна гэж тухайн үед ярьсан. Гэтэл энэ талаар сүүлийн гурван жил ярьсангүй. Энэ мөнгийг төсөвт оруулж ирэх хэрэгтэй. Үүнийг анхаарч байгаа юу” гэж асуув. Тэгэхэд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Чингэс бондын хувьд бүгд ижил мэдээлэлтэй байгаа. Хүүгийн хувьд таны ярьж байгаа үнэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл бондын асуудлууд Сангийн яаманд ирээгүй” гэлээ. Хариуд нь Д.Ганхуяг гишүүн “Дампуурсан арилжааны банкнуудын зээлийн асуудлыг анхаараач” хэмээн сануулаад өнгөрөв. Өөр асуулттай гишүүн байгаагүй учраас зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж бүгд дэмжсэнээр дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Харин дараа нь Засгийн газраас үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Стратегийн ордуудыг ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа төлбөрийг бэлэн мөнгөөр төлөх шаардлага гарсан юм байна. Улсын төсвөөс авсан зээлийг эргүүлэн төлөх, Засгийн газраас гаргасан бондын мөнгийг 2014 онд төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 320 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болжээ. Хэлэлцүүлгийн үеэр Х.Болорчулуун гишүүн “Үнэхээр гайхаж байна. Ардын намынхан засагт орохоосоо өмнө өрийн таазыг нэмж болохгүй гэдэг байлаа.Гэтэл МАНАН-гийн Засгийн газар байгуулчихаар өрийн таазыг нэмж болдог юм уу. Хэрэв үүнийг дэмжвэл Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчинө шүү дээ. Энэ бондыг чинь хэн худалдаж авах юм бэ. Найдваргүй зээл хоёр, гурван дахин нэмэгдчихсэн байхад арилжааны банкууд авахгүй. Явж явж Монголбанк авна.Мөнгө хэвлэх замаар асуудлыг шийдэж, инфляци өсгөнө” хэмээн шүүмжлэв. Хариуд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат “МАНАН-гийн Засгийн газар биш. Бүх нам хамтарч Засгийн газар байгуулсан.Өрийн таазыг нэмэхэд энэ бонд нөлөөлөхгүй” гэв. Х.Болорчулуун нэмж тодруулах цаг авч “Бонд гаргаж байгаа нь таазыг нэмж байгаа хэрэг шүү дээ. Сөрөг хүчин байхгүй, бүгдээрээ нийлсэн учраас хууль зөрчиж болдог гэж ярьж болохгүй” гэлээ.

Мөн С.Ганбаатар гишүүн “МАНАН-гийн Засгийн газар байгуулагдаад улс орон сайхан болно гэж найдаж байна. Одоо л нэг хэдэн сайдын суудал авлаа өөрөөр ажиллах биз дээ. ГэхдээМАНАНболчихоод хууль зөрчиж болно гэж ярьдгаа одоо зогсоо. Наад бонд чинь Монгол Улсын өр. Гэтэл хээвнэг оруулаад ирэх юм. Бондын мөнгийг юунд зарцуулах гэж байгаа юм гэдгээ ерөөсөө ярихгүй байна. Та нар дандаа худлаа ярьдаг. Засагт орохгүй л гэсэн худлаа.Давхар дээлийг хална,төрийг цомхон байлгана ч гэсэн замаа алдлаа” гэв. Тэгэхэд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Худлаа хэлээгүй. Орлогын тасалдлаасаа үүдээд өрөө төлж чадахгүй байгаа юм чинь бонд гаргаад төлчихье гээд байна. Орлогын тасалдлаас үүдээд өрөө төлж чадахгүйд хүрсэн учраас бонд гаргаж байгаа юм. Оюутолгойгоо авсан урьдчилгаа төлбөрийг төлөх хугацаа болсон учраас сая төлсөн. Хоёрдугаарт 2012 онд Хүний хөгжил сан дээр гаргасан бондын төлбөрийг мөн сая төлсөн. Үүнд зориулж 320 тэрбум төгрөгийн бонд гаргахаас аргагүй. Гэхдээ энэ нь өрөн дээр нэмэгдэж байгаа зүйл биш” гэсэн юм.

Тэднээс өөр асуулт асуух гишүүн гараагүй учраас дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүний үгийг сонсохоор болов. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Дэмжиж байна. Гэхдээ Сангийн сайд Оюу толгойн урьдчилгаа төлбөр гэж яриад байх юм. Оюу толгойгоос авсан зээлийг буцааж төлнө гэж ярих хэрэгтэй. Үнэн юмыг үнэнээр нь ярих хэрэгтэй” гэв. Тэгтэл О.Баасанхүү гишүүн “Энэ бондыг хэн авах нь тодорхойгүй байна. Энэ их мөнгөний асуудлыг тодорхой ярих хэрэгтэй. Дээрээс нь баялгийн эзэд байж өөрсдөө өрөнд орчихсон гээд байгаа нь үнэхээр өрөвдөлтэй байна. Ер нь МАНАН байгаа тохиолдолд Оюу толгой явахгүй гэж үнэн юм байна” хэмээн хэлэв.Гишүүдийг үг хэлж дууссаны дараа санал хураахад Үнэт цаас гаргах тухай тогтоолыг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ.

Хэлэлцэх асуудал дууссан учраас чуулганыг түр завсарлуулж, тэр хоо­ронд Төсвийн байнгын хо­роо хуралдаж, Төсвийн то­дотголын гурав дахь хэлэл­цүүлгийг хийгээд орж ирэв. Тиймээс чуулганы хуралдаан үргэлжилж, Төсвийн тодот­голоо үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Энэ үеэр асуулттай гишүүд байсангүй. Тиймээс төсөлд тусгагдсан зүйл бүрээр санал хураалт явуулж бүгдийг нь дэмжсэн юм. Эцэст нь Засгийн газраас өргөн барьсан 2014 оны Төсвийн тодотголыг УИХ-ын гишүүд баталлаа. УИХ-ын дарга “Төслийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлнэ гэдэг заалтыг нэмснийг эс тооцволөөр өөрчлөлт орсонгүй. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар нь тодотголыгбаталлаа” гэсэн юм. Төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэнорлого зургаан их наяд 945.8 тэрбум, нийт зардал ньдолоон их наяд 352.6 тэрбум төгрөг болов. Харин нэгдсэн төсвийн нийт алдагдал нь 407.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцлээ.

Ийнхүү тодотгол хийснээр төсвийн ерөнхийлөн захирагчид дор дурдсан төсвийг зарцуулах нь ээ.(сая төгрөгөөр)

1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга-Найман тэрбум 874.8сая

2.УИХ-ын дарга-23 тэрбум 418.8 сая

3.Ерөнхий сайд- 139 тэрбум 594.2 сая

4.Шадар сайд -119 тэрбум 572 сая

5.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга- 23 тэрбум 490.1 сая

6.БОНХАЖ-ийн сайд- 70 тэрбум 664.2 сая

7.Гадаад хэргийн сайд- 54 тэрбум 125.9 сая

8.Сангийн сайд- Нэг их наяд 888 тэрбум 493.8 сая

9.Хууль зүйн сайд- 373 тэрбум 842.4 сая

10.Аж үйлдвэрийн сайд -40 тэрбум 189.4 сая

11.Барилга хот байгуу­лалтын сайд- 240 тэрбум 732.9 сая Батлан хамгаалахын сайд- 208 тэрбум 509.9 сая

12.БСШУ-ны сайд –Нэг их наяд 307 тэрбум 416.2 сая

13.Зам тээврийн сайд- 314 тэрбум 429.7 сая

14.Уул уурхайн сайд- 20 тэрбум 659.9сая

15.Хөдөлмөрийн сайд- 222 тэрбум 382.3 сая

16.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд-445тэрбум 960.4сая төгрөг

17.Хүнс хөдөө аж ахуйн сайд- 170 тэрбум 644.4 сая

18.Эрүүл мэнд, спортын сайд- 612 тэрбум 281.6 сая төгрөг

19.Эрчим хүчний сайд – 190 тэрбум 75.6 сая

Төсвийн тодотголыг баталсны дараа Засгийн газраас Үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы дундуур Төсвийн байнгын хороо хуралдахдаа энэхүү төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргаснаа танилцуулсан. Үүнийг нь чуулганаар дэмжив. Төслийн талаар асуух, үг хэлэх гишүүн байсангүй, Засгийн газраас үнэт цаас гаргах тогтоолын төслийг гишүүд дэмжиж баталлаа. Өчигдөржин хойшилсон УИХ-ын чуулган үдээс хойш хуралдаж, хоёр цагийн дотор хоёр чухал төслийг баталлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *