Categories
мэдээ эдийн-засаг

Оюу толгой ирэх онд 195 мянган тонн зэс үйлдвэрлэнэ

“Туркойз хилл ресурс” компани өнөөдөр Оюу толгойн үйлдвэрлэлийн ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг танилцууллаа. Оюу толгойн баяжуулах үйлдвэрт гал гарснаас хойш гурван хоногийн дараа буюу энэ сарын 6-нд үйлдвэрлэлийн ажиллагаа нь дахин эхэлж, хагас өөрөө нунтаглах тээрэм хоёулаа, дөрвөн бөмбөлөгт тээрмээс гурав нь одоо хэвийн байдлаар ажиллаж байгаа аж. Баяжуулах үйлдвэрийн усан ангилагчийн хэсгийг засварлах ажил эрчимтэй явагдаж байгаа гэнэ. Гурваас дөрвөн долоо хоногийн дотор дуусах төлөвтэй байна гэж тус компаниас мэдээллээ. “Туркойз хилл” компани энэ оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Ирэх онд Оюу толгой 175.000 – 195.000 тонн зэс, 600.000 -700.000 унц алт үйлдвэрлэх төлөвлөгөө гаргажээ. Энэ оны Оюу толгойн техникийн тайлангаас хэмжээний хувьд хэлбэлзэлтэй байгаа нь цаг хугацааны шалтгааны улмаас уурхайн үйлдвэрлэлийн хуваарьт болон уурхайн зураг төсөлд бага зэрэг өөрчлөлт гарснаас болжээ. Үйл ажиллагааны зардал нь ойролцоогоор 900 сая ам.доллар байх нь. Хөрөнгө оруулалтын зардал нь 230 сая ам.доллар байх аж. Үүнээс 185 сая ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байх юм байна. “Оюу толгой компани мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, санхүүгийн гүйцэтгэлээ сайжруулахад чиглэсэн зардлаа бууруулах, бүтээмжээ дээшлүүлэх шинэ санаачилга хэрэгжүүлэн үйл ажиллагааны үр ашигтаа анхаарлаа төвлөрүүлэн ажилласаар байна. Үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын зардлын мэдээллийг Олон улсын санхүүгийн тайлагналын стандартын дагуу хийсэн. Манай компани ирэх оноос санхүүгийн тайлангаа энэ стандартын дагуу хийх болно” гэж Туркойз хилл ресурс компанийн мэдэгдэлд дурджээ.

Ц.БИЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *