Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Буянт-Ухаа-1” хорооллын гүйцэтгэгчид оршин суугчдынхаа тав тухыг бүрэн хангажээ

Манай сонины энэ сарын 4-ний дугаарт “Буянт-Ухаа-1″ хорооллын оршин суугчид хүйтэнд зутруухан сууж байна” гэсэн сурвалжлага гарсан билээ. Тодруулбал, тус хороолол энэ жил шинээр ашиглалтад орсон ч байрнуудын халаалт доголддог, цонх нь цантдаг тухай зарим оршин суугч гомдоллож байсан юм. Бид ч энэхүү сурвалжлагаа ингээд орхихыг хүссэнгүй. Төрийн орон сууцны корпораци (ТОСК)-аас нийгмийн зорилтот бүлгийнхэнд зориулж ашиглалтад оруулсан тус хорооллын хариуцагч эзэд манай сурвалжлага гарснаас хойш ямар арга хэмжээ авсан талаар тодруулахаар долоо хоногийн дараа тус хорооллыг дахин зорилоо.

Сурвалжлах баг эхлээд байрнуудын голд байрлах хоёр давхар байшинд орлоо. Энд тус хорооллын борлуулалт, ашиглалт хариуцсан ТОСК-ийн баг, хорооллын ерөнхий гүйцэтгэгч Үндэсний бүтээн байгуулалтын корпораци (ҮББК)-аас томилсон ашиглалтын үеийн баг болон СӨХ буюу “Опен хаус өнө” компани, харуул хамгаалалт гэсэн байгууллагууд байрладаг юм байна. Хаалга нь дэлгээстэй өрөө рүү ороход ҮББК-ийн инженерүүд сууж байлаа. Биднийг хаанаас явааг дуулаад бүгд мэнд мэдэж, өмнөх сурвалжлагын талаар хэсэг зуур ярилцав. Тэгснээ “Бид танай сурвалжлагад гарсан айлуудаар орж юу нь болохгүй байна, бүгдийг нь зассан. Ер нь ч манайх байнга айлуудаар явж санал гомдлыг нь авдаг. Гэхдээ бид сэтгэлээ гаргаж, чанартай барьсан болохоор тийм ч их гомдол ирдэггүй. Та нар оршин суугчдаас асуугаарай” гэв.

Ингээд бид 726 дугаар байрыг зорилоо. Өмнөх дугаарт байрных нь халаалт муу, цонх нь цантдаг, агааржуулалт ажилладаггүй гэж байсан Ц.Шижирийнд орохоор явж байгаа нь энэ. Есөн давхарт гарч хаалгыг нь нэлээд тогшсоны дараа настай эмэгтэй онгойлгож байна. Өөрсдийгөө танилцуулж, хэрэг зоригоо хэлээд орлоо. Өөдөөс пүн хийсэн дулаан агаар биднийг угтав. Гэрийн эзний ээж нь хэмээн өөрийгөө танилцуулсан Нэргүй гуай “Танай сурвалжлага гарсны дараа орон сууцны ашиглалт хариуцсан ажилтнууд манайд ирж хаалга, цонх, тагт гээд бүгдийг шалгасан. Бас угаалгын өрөөнд агааржуулалтын сэнс хийж өгсөн.

Одоо их дулаахан.Цонх цантах асуудалгүй болсон. Ер нь шинэ байр болохоор чийгтэй байдаг юм билээ. Тиймээс өдөрт нэг удаа 3-5 минут агаар сэлгэлт хийвэл цан цохидоггүй гэнэ. Бид үүнийг мэдэхгүй байж л дээ” гэлээ. Тэрээр цааш ярихдаа “Манайх байрандаа ороод удаагүй байгаа. Анхнаасаа их сайхан дулаахан байр байсан. Бид анх орохдоо ямар халуун юм бэ гэцгээдэг байсан юм. Сая огцом хүйтрэхэд л жаахан сандарчихлаа. Бусад айлууд ч тэгсэн байх. Түүнээс биш ерөнхийдөө дулаахан шүү. Бид энэ сайхан хороололд амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Гадаах тохижуулалт ч сайхан” гэлээ.

Биднийг ийн яриа өрнүүлж байх зуур 726 дугаар байрны гүйцэтгэгч компани болох “И Cи Cи” компанийн менежер Лхагваа дулааныг нь хэмжиж хэвийн байна гэв. Хоёр өрөө байрны хувьд 18 градус байвал хэвийн аж. Ц.Шижирийнхээс духанд хөлс бурзайчихсан гарч ирсэн шүү.

Бидний дараагийн зорьсон айл Ц.Шижирийнхтэй адилхан бэрхшээл тоочиж байсан 724 дүгээр байрны Г.Цэцэгээ гуайнх. Тэднийх наймдугаар давхарт оршин суудаг бөгөөд охин Дэлгэрмаа нь ганцаараа байв. Мөн л дулаан агаар биднийг угтлаа. Дэлгэрмаа охин өмнө нь сурвалжлагч ирээд сонинд бичсэнийг огт мэдээгүй гэнэ. “Манайх дулаахан байдаг ш дээ. Сая нэг хэсэг цонх жаахан цантсан. Түүнээс биш ямар нэг асуудал байхгүй” гэж байна. Танай агааржуулагч ажилладаггүй гэсэн гэхэд “Зүгээр л байдаг даа. Өмнө нь сантехникийн хүмүүс ирээд шалгаж үзээд ажиллаж байна гэсэн” хэмээв. Бид ч газар дээр нь шалгаж үзэхээр болж, шүдэнз зуран агааржуулалтын өмнө барихад дөлийг сорж байлаа. Мөн цонхнуудыг нь харахад цан цохисон зүйл ажиглагдсангүй, гадаах орчин тунгалаг харагдаж байв.

ҮББК-иас томилсон ашиглалтын үеийн “Скай проп инженеринг” компанийн ерөнхий захирал Э.Цогбадрах “Буянт-Ухаа 1″ хорооллын барилгуудын агааржуулалтын систем энгийн соролттой. Салхины урсгалаар буюу механик аргаар ажилладаг. Ерөнхийдөө бүх есөн давхар барилгын агааржуулалт ингэж ажилладаг” гэсэн юм. Тэрбээр оршин суугчдад хандан цонхоо онгойлгож агаар сэлгэлт хийж байхыг санууллаа.

Мөн сурвалжлах багийн бүрэлдэхүүн орон сууцны ажилтнуудын зөвлөснөөр 713 дугаар байрны хоёр давхрын айлыг зорьсон юм. “Аавтайгаа цуг амьдардаг залуухан гэр бүл. Аав нь хүүхдийг нь харж өөрсдөө ажил хийдэг. Харин аавыг нь халамцуу байхад нь news.mn сайтынхан ярилцлага авсан байна лээ” гэж тэд тайлбарласан юм. Учир нь барилга хариуцагч инженерүүд дээр хүүхдүүд нь ирээд аавыг нь халамцуу байхад сэтгүүлч гуйвуулсан утгатай ярилцлага авсан болохыг хэлж л дээ. Ингээд ташаа ярилцлага өгсөн хөгшинтэй уулзлаа. “Сайхан өвөлжиж байна уу. Байр нь хэр байна даа” хэмээн асуухад “Сайхан өвөлжиж байна. Байр дулаахан сайхан байна. Тийм байгаа биз дээ. Хэд хоногийн өмнө хүмүүс ирж хаалга, цонх дулаалж өгсөн. Урьд нь хоол хийхэд жаахан цан цохидог байсан нь үнэн. Одоо бол зүгээрээ. Хүүхдүүд бүгдийг засч өгсөн” гээд нүдээрээ инээв.

Үнэхээр манай сонины сурвалжлагын мөрөөр “Буянт-Ухаа 1” хорооллын хариуцагч байгууллагууд сонор сэргэг ажилласанд оршин суугчид ам сайтай байлаа. Тус хорооллыг ТОСК-ийн захиалгаар ҮББК гүйцэтгэжээ.

ҮББК бол Монголын шилдэг барилга угсралтын таван компанийн нэгдэл бөгөөд 3000-аад ажилтан, 200 гаруй инженер техникийн ажилтантайгаар тус хорооллыг богино хугацаанд хүлээлгэн өгсөн үндэсний тэргүүлэгч корпораци юм. 25 байрыг жилийн хугацаанд ашиглалтад оруулсан тэд барьсан байр бүрээ тус тусдаа хариуцаж ажилладаг юм байна.

Өнөөгийн нийгэмд зөвхөн ашиг олохын төлөө барилгын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага олон бий. Он дамжсан, төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгууд бидэнд хэдийнэ дасал болжээ. Тэгвэл ҮББК барилгуудаа хамгийн богино хугацаанд, хамгийн хямд үнэтэйгээр хүлээлгэн өгөөд зогсохгүй оршин суугчидтай эргэх холбоотой ажиллаж, санал хүсэлтийг нь нэг бүрчлэн биелүүлж байгаа нь сайшаалтай. Тэд барилгын салбарт анхдагч гэж болохоор үйлчилгээг санаачлан ажиллаж байгаа. Юу гэвэл “Буянт-Ухаа-1” хорооллын бүх барилгыг хариуцаж, гүйцэтгэгч компаниас шалтгаалсан эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүйгээр засаж өгдөг байхаар “Скай проп инженеринг” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Бидний сурвалжлагын багт цуг явж байгаа “Скай проп инженернг” компаний ерөнхий захирал Э.Цогбадрах “Манай компани 20-иод хүний бүрэлдэхүүнтэй долоо хоногийн долоон өдөр энд байрлаж байнгын үйл ажиллагаа явуулдаг. Бидний хийх ажил бол айлууд анх байранд ороход бүх зүйл бүрэн бүтэн байна уу, цахилгаан хэрэгслүүд нь хэвийн ажиллаж байна уу гэдгийг шалгаад түлхүүрийг нь хүлээлгэх явдал. Хэрвээ барилгын бүтээцээс үүдэлтэй эвдрэл гэмтэл байвал түүнийг нь үнэгүй засаж өгнө. Шинээр байр худалдаж авсан иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажилладаг гэсэн үг л дээ. Харин оршин суугчид асуудлын мөн чанарыг сайн ойлголгүй ашиглалтаас үүдэлтэй эвдрэлээ биднээр засуулах гээд зүтгэчихдэг. Угаалгын машинаа буруу холбосноос болж үүссэн ус алдалт, цахилгааны монтажийг өөрсдөө оролдож байгаад богино холболт үүсэх зэрэгтээ бидэнд ханддаг. Гэхдээ бид иргэдээ тав тухтай амьдраасай гэсэн үүднээс ихэнхдээ янзлаад л өгдөг. Түүнээс биш ашиглалтын үеийн доголдлыг СӨХ хариуцах ёстой шүү дээ. “Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчид “Опен хаус өнө” компанид сар бүр СӨХ-ийн мөнгө төлдөг. Үүнийхээ үйлчилгээг авдаг байх хэрэгтэй” хэмээн ярилаа.

Ийн ярилцах зуур бусад ажилчид нь ч энэ талаар яриа өрнүүлж бага хэмжээний хэлэлцүүлэг өрнөв. Тэд ярихдаа энэ удаагийн асуудал бол хэдхэн айлын шинэ байрны ашиглалтыг сайн мэдэхгүйгээс үүдэлтэй гэнэ. Хорооллын хэмжээний 1764 айлаас цөөн айлд л асуудал гарсан аж. Гэхдээ иргэдийн өөрсдийнх нь буруу ашиглалтаас үүдсэн гэмтэл зонхилдог байна. Шинэ байранд орчихоод агаар сэлгэлт хийдэггүй, дээрээс нь цонхоо таг битүүлчихээд, пааран дээрээ угаасан хувцсаа дэлгээд тавьчихсан тохиолдолд хоол хийхээр яаж цонх цантахгүй байхав гэцгээнэ.

Ерөнхийдөө тасалгааны температур 18-20 градус байвал хэвийн дулаантай гэж үздэг бол “хүйтэн байна” гээд дуудлага өгсөн айлуудад хэмжилт хийхэд дулаан нь хэвийн байх жишээтэй. Тус хороолол зорилтот бүлгийнхэнд зориулсан болохоор зарим нь насаараа төрд ажилласан ч байранд амьдарч байгаагүй хүмүүс байдаг. Тэд өрөө тасалгаагаа яг гэрт гал түлчихсэн юм шиг төөнөж байх ёстой гэж үздэг. Тэгээд л хүйтэн байна гээд байнга ярьдаг хүмүүс ч байдаг. Гэхдээ бид иргэддээ энэ болгонд нь зөвлөгөө өгөөд туслаад л явж байна” хэмээсэн яриа хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж байлаа.

СӨХ-оор нь ороод гаръя гээд оффис руу нь ортол өндөр настан Д.Санжжав гуай байрныхаа иргэдийг “Эд хогшилдоо гамтай хандъя. Байрандаа боловсон амьдаръя” хэмээн уриалга биччихсэн орцнуудад наах гэж байна гээд сууж байв. “Иргэд нийтийн эзэмшилд гамгүй хандаж байна. Өнөөдөр гэхэд хэд хэдэн орцны хаалга эвдэрчихсэн засварчид засах гээд явлаа. Би “Буянт-Ухаа 1″ хорооллын талаар цацагдаад байгаа ташаа мэдээллийг сонссон. Манай иргэдийн буруу үйл ажиллагаа үүнд их нөлөөлж байгаа шүү. Асуудал юунаас болж үүсэв, засч залруулах ямар боломж байна гэж судлахын оронд шууд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараадаг болсон байна. Үнэндээ манай хороололд асуудал байхгүй. Шинэ жилдээ бэлтгээд баярын уур амьсгал орчихсон сайхан байна” хэмээв. Тэрбээр байрнууд дундаа оршин суугчидтайгаа нийлж гацуур мод засах гэж байгаа аж. Үнэхээр байрны жижиг сажиг асуудлууд ард хоцорсныг дулаан байрандаа өнтэй өвөлжихөөр зэхэж байгаа тус хорооллынхон шинэ жилийн мод засах гээд баярлан хөөрч байгаа нь харуулж байсан юм.

Б.Энхбаяр: МАНАЙ БАРИЛГАЧИД АЖИЛДАА ӨӨРИЙМСӨГ СЭТГЭЛЭЭР ХАНДДАГ

“Буянт-Ухаа 1” хороол­лын барилгын чанарын талаар ҮББК-ийн ерөнхий инженер Б.Энхбаяртай яриа өрнүүллээ.

-Та “Буянт-Ухаа-1” хороол­лыг өөрийн гараар барьсан инженерийн хувьд барилгынхаа чанарын талаар тайлбарлахгүй юу?

-Манай “Буянт-Ухаа-1” хороолол хамгийн сүүлийн үеийн бүрэн цутгамал технологиор баригдсан. Газар хөдлөлтөд тэсвэртэй. Бид хурдан хугацаанд сэтгэлээ гарган чанартай барилгууд барьж иргэддээ хүлээлгэж өгсөн. Энэ байруудад хүн ардын энхийн манаанд зогсдог жирийн цагдаа, эрүүл мэндийг сахин хамгаалагч эмч, миний хүүхдэд хичээл заадаг багш гээд олон буянтай хүн амьдрах учраас бид бүх зүйлийг сэтгэл гарган хийсэн. Нэгэнт ингэж их сэтгэлээ гаргаж барьчихаад иргэдээ тав тухтай байлгахыг хичээн гүйцэтгэл хариуцсан компани хүртэл ажиллуулж байгаа нь бидний зүтгэлийг илтгэх байх.

-“Буянт-Ухаа 1” хорооллыг нийгмийн зорилтот бүлгийнхэнд зориулан зах зээлийн үнээс хямдаар борлуулсан. Үнэ хямд байгаа нь чанарт нөлөөлөх үү?

-Үндэсний компаниуд нэгдэж боломж бололцоогоо нэгтгэж ажилласны үр дүнд орон сууцны үнийн хөөсрөлийг бууруулсан юм. Чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй. Ах нь барилгын салбарт 35 жил ажилласан хүн. Энэ хугацаанд Улаанбаатар хотын хамгийн тансаг, дээд зэрэглэлийн гэгдэх “Кристал таун”, “Эмбасси таун”, “Эмиралд ресиденс”, “Кореа таун” хотхонуудыг барьсан. “Буянт-Ухаа 1” хороолол яг л эдгээр тансаг зэрэглэлийн хорооллуудын жишгээр баригдсан. Өөрөөр хэлбэл тансаг зэрэглэлийн хорооллуудыг босголцсон инженерүүд “Буянт-Ухаа 1” хорооллыг барьсан юм. Барилга гэдэг өөрөө урлаг. Бүх зүйл нь зохицож байж сайхан харагдана. Оршин суугчид ч тав тухтай амьдарна. Манай хороолол бол дулаан граж, цэцэрлэг, үйлчилгээний төв гээд бүх зүйлийг нарийн бодож төлөвлөсөн орчин үеийн зохион байгуулалттай.

-Барилгачин хүн барьсан барилгадаа сэтгэлээ шингээж ажилладаг гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Гадаадад боловсрол эзэмшсэн олон залуус энэ корпорацид ажиллаж байна. Гадны техник технологи, ур хийцийг энд шингээсэн гэсэн үг. Бид “Буянт-Ухаа 1” хорооллыг барьсан ажлын туршлага, урамдаа тулгуурлан ирэх онд “Буянт-Ухаа-2” хорооллыг ашиглалтад өгөхөөр шаргуу ажиллаж байна. Энэ нь “Буянт-Ухаа 1” хорооллоос гурав дахин том төсөл. 2592 айл оршин суух уг хороолол хоёр сургууль, дөрвөн цэцэрлэг, долоон давхар хоёр гражтай байх юм. Барилгачин хүмүүс үргэлж дээшээ босгож, өөдөө тэмүүлэн бүтээж байдаг болохоор сэтгэл зүрх нь ч өөдрөг дэврүүн байдаг.Тиймээс ч бидний бүтээлийг буянтай сайхан хороолол хэмээн нэрийдсэн байх. Манай корпорацийн удирдлагууд ажилтнууддаа ингэж хэлдэг. “Чиний барьж байгаа барилгаас хамгийн сэтгэлд хүрэхгүй байгаа байрыг чамд өгнө шүү” гэж. Учир нь манай барилгачдын дийлэнх нь залуучууд. Манай залуучуудаас төрөөс залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогын хүрээнд “Буянт-Ухаа 1” хороололд байр авсан олон хүн бий. Тиймээс хүн бүр өөрийн амьдрах байраа барьж байгаа мэт ажилдаа өөриймсөг сэтгэлээр ханддаг. Гэр орон бол айл гэрийн аз жаргал. Иргэдээ аз жаргалтай сайхан амьдраасай хэмээн сэтгэлдээ тангараг өргөсөн хүмүүс бол барилгачид юм.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *