Categories
мэдээ цаг-үе

Баастын ЗОЛБАЯР: “Бүтэн” бол бийр бэхтэй холбогдсон миний овог бүтээл юм

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Баастын Золбаяртай ярилцлаа. Бүтээлээрээ “Утгын чимэг-2014” наадамд тэргүүн байрт шалгарсан энэ эрхэм Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” санд зөвлөхөөр ажилладаг.

-Сэнгийн Эрдэнийн нэрэмжит “Утгын чимэг” наадмын тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд ихэвчлэн айрагдаж байгаад өнөө жил түрүүллээ. “Цоожны нэг шүдлэн” монгол ахуй ханхалсан сайхан бүтээл байна лээ?

-Баярлалаа. Би энэ наадамд хоёр дахиа оролцлоо. Өгүүллэгийн тухайд, онцгой гайхалтай зүйл хийсэн гэж нэмэр хачир бодох зүйл алга аа. Ер нь монголоороо, яруу сайхан бичихийг, уламжлалт өгүүллэгийн хэв шинжийг хадгалахыг эрмэлзсэн. Ур чадвар, зохиомж, хэлсэн санаа, хандлага нь муугүй байлаа гэж дүгнээд шалгаруулсан болов уу гэж бодож байна. Жинхэнэ монголоороо зүйл их ховордож байна. Нийгэм их цэвдэгшиж байна. Бас хүний тулх, чанар, амьдрах шалгарал үлэмжхэн доройтож байна. Ийм зүйлсийг хөндөхийг хичээсэн. Хамгийн гол нь монголоороо байх үндэстний хэв соёл алдагдаж байгаа нь уран бүтээлчдийн нийтлэг эмзэглэл байгаа болов уу гэж хэлэхийг хүсч байна. Машины цонхоор морь хөтөлсөн, хоёр дугуйтай мотортоор хонь хариулж яваа дүр зураг нийтлэг боллоо. Энэ бол яавч монголлог явдал биш байх аа.

-Үнэхээр тийм шүү. Нээрээ, машин дотроос морь хөтөлсөн зураг цахимаас нэг бус харсан шүү…

-Алив улс үндэстний оршихуйн дархлаа нь хэл, соёл гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл үүнийхээ эсрэг үйлдэл хөдөлгөөн, тэрслэл өдөр бүр тохиолдохыг гаслан харж байна. Үүнийг анагаахын тулд л, алив үндэстэн шалгарч үлдэхийн тулд л өөрийн гэсэн хэл, соёлоо манах, түүнд нь зохиолч нар үргэлж үүргээ гүйцэтгэж ирсэн гэж ойлгодог. Тиймээс энэ хандлага, үүргийн үүднээс Монголоо гэсэн алив соён гэгээрүүлэгч бүхэн тэмцэх ёстой байх. Энэ нь надад хамаарч байгаа гэж боддог.

-“Буянт голын хөвөө, баруун Алтайн уулсаас ийм нэг монгол зохиолч тодрох учиртай байж” гэж Д.Урианхай зохиолч нэгэнтээ дуу алдсан нь бий дээ?

-Хэнд ч сайхан үг сонсох таатай л байдаг. Утга зохиол, сэтгүүл зүйн хүрээнийхэн надад хүнддэхээр сайхан тодотгол, сайшаалыг харамгүй хүртээсэн. Тэдний нэг Д.Урианхай ах. Итгэл хүндлэлийг нь даах гэж лут ачаа бий. Энэ ачаандаа тэнцэхийг л хичээх хэрэгтэй. Ачааг нь даалгахын тулд алгадах ч бас хэрэгтэй байх. Түүнийг нь бас хүртэх тэнхээтэй байж зохиолч гэдэг алдрыг үүрнэ байх аа.

-Таны анхны ном “Бүтэн” нэртэй хэвлэгдсэн. Чойжилжавын Билигсайхан багш тань өмнөтгөл бичсэн санагдана. “Энэхүү бүтээл нь үргэлжилсэн үгийн төрөлд нэгэн шинэчлэл авчирлаа” гээд л…

-Миний гурав дөрөвхөн жаахан ном бий. Эхнийх нь “Бүтэн” л дээ. Билэгээ багшаас үлдээсэн үг сануулга, урам ташуур үргэлж бодогддог. Уран зохиолд их үнэн, туйлбартай ханддаг хүн байсан. Дурсах бүрт “Ухаарахуй” номыг нь авч хардаг. Их ухаантай хүн байсан даа, хөөрхий. Надад зориулсан сайн сайхан үг баримтат эсээ, мөнөөх монголоороо байхад эвтэй юм гэдэг агуулгаар байсан. Миний шинэчлэл хийгээд гавих юу байхав, өөдрөг мөрөөдөл, өөрт нь байгаа боломжийг нь илүү асааж өгье гэдэг алсын ухаантай хүний гэгээн сэтгэл байсан нь тэр ээ.

-“Бүтэн” өгүүллэг тань “Монголын сонгомол өгүүллэг” номонд багтсан. Г.Аюурзана Монголын сонгомол бүтээлүүдийн нэг гэж орчин үеийн зохиолчдын бүтээлээс “Бүтэн”-ийг онцолсон байдаг?

-Энэ антологиуд, ер эдгээр үндэстний уран зохиолын бүтээлийг шигшиж байр багцааг нь гаргасан Г.Аюурзана ах болоод яруу найрагч Л.Өлзийтөгс нарт талархах учиртай. Сонгомол бүтээлийг ялгаж, салгаж уншигчдын ойлголтыг цэгцэлж өгнө гэдэг бол маш чухал ажил, эр зориг. Арван хоёр жилийн өмнө бичсэн миний анхны номд багтсан “Бүтэн” өгүүллэгээр тэр антологид багтаасан бүтээлүүдээ отголсон байдаг. Антологийн эхний өгүүллэг их Д.Нацагдоржийн “Харанхуй хад”. Энэ нь сайхан санагддаг. Энэ түвшинд сонгогдож итгэл үнэмшлийг нь олгосон тэдний сонголтыг үргэлж хүндэтгэнэ. “Бүтэн” бол бийр бэхтэй холбогдсон миний овог бүтээл юм даа.

-Та бол “Өдрийн сонин”-ы бүтээгдэхүүн. Энэ гал тогоонд орсон үеэ дурсахгүй юу?

-Ажил амьдралаа эндээс эхэлсэн, олсон. 2000 онд МУИС-ийн сэтгүүл зүйн анги төгсөөд, хавар нь энэ сонинд дадлага хийх үед өөриймссөн хүмүүс дээрээ шууд л яваад очсон нь тэр. Зунжин, намаржин бичсэн жаахан мэдээ энэ тэрхнийхээ шагналд урамшаад таваргасан. Тэр зун би овоо гүйсэн шиг байгаа юм. Зургадугаар сарын хорьдоор өмссөн, авга ахын хонхны баярын бэлэг болгож өгсөн жигтэйхэн гоё, бас ч итали шаахай намар аравдугаар сарын эхээр улнаасаа цоорсон. Дотроосоо хөлийн илч, гаднаасаа Улаанбаатарын цардмал замд илүүлсээр тэр сайхан гутал ердөө гуравхан сар миний эдэлгээнд байсныг бодохоор тэр зун миний гүйсэн харайсны багцаа тодорч байгаа юм. Мэдээ олж, бусдаас өрсөх шалгаралд явсан нь тэр. Сэтгүүл зүйд хөлөөр явж хоолоо олж идэх, өрсөх гэдэг зарчим угаас эхний баримтлал шүү дээ. Ингээд оны адгаар цалинтай болж, энэ сонины эгнээнд орсон юм. Жилийн дараа Мягаа эрхлэгч надад итгэл хүлээлгэж хэлтсийн дарга болгосон. Ингээд түүнээс хойш бараг бүх хэлтсийнхээ даргыг тойрч хийгээд 2009 онд өөр ажилд шилжтэлээ есөн жил ажилласан. Амжилт ч гаргасан гэж боддог. Энэ цаг хугацаанд тулж түшсэн энэ хамт олонд баярлаж явдаг аа. Уран бүтээлийн, эрх чөлөөлөг, хийсэн ажлын нь үр дүн маргааш өглөө нийгэмд толилогдож байдаг сайхан мэргэжил дээ, сэтгүүлч гэдэг.

-Эрээнцав орж Данзангийн Нямсүрэн агсны тухай бичсэн “Бүлээн” эсээ нийтлэл тань Монголын сэтгүүл зүйд шуугиан тарьж байсан даа. Дараа нь уг бүтээлээрээ нэрлэсэн ном ч гарч байлаа?

-Миний сайхан дурсамжийн нэг. 2004 оны өвөл. Он дуусах дөхөж байсан цаг. Нэг л сайхан юм бичмээр санагдаад байдаг. Тэр үед л үл мэдэгдэх нэгэн хүч онгод “Эрээнцав яв” гэж надад шивнэсэн болов уу гэж боддог. Дорнодоор дүүрэн цастай, ерөөс тэр их тал тэр чигээр цасан давалгаанд оршиж байхад буугаад, П.Хашчулуун маань тосоод, тэгээд л яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн ахуй байгалийн өв дээр очсоноо бичсэн нь тэр өвлийн гэгээн дулаан, амжилт итгэлийн, хайр талархлын шагналыг надад авчирсан юм аа. Ер бусын яруу гоо сайхан цаг арван жилийн өмнө нэгэнтээ тийнхүү намайг олж, би мөнхүү цагийн эрхшээлд “Бүлээн”-ийг бичжээ. Миний бичсэнүүдээс хамгийн их уншигдаж, намайг мэдүүлсэн нь энэ бүтээл. “Бүлээн”-ээрээ хоёр дахь бяцхан номоо нэрлэсээн. Заяалт нэр нь л дээ.

-Та “Бүтэн”, “Бүлээн”, “Бүгээн”, “Хүмүүн” гэх ганц ганц үгээр номоо нэрлэсэн нь их содон, цаанаа утга агуулгатай санагддаг. Таны бүтээлүүдээс монгол хэлний яруу сайхан айзам, хүн байгалийн зохилдлогоо, энгийн сайхан монгол ахуй бүгд найрсан нийлсэн нь мэдрэгддэг?

-Номын нэр гэдэг уран бүтээлчийн нэр, итгэл үнэмшил, агуулга илэрхийлэл. Товч тодорхой байна гэдэг л чухал гэдэг дээ. Бас энгийн, тэгээд цул. Миний номууд бол утга зохиол, сэтгүүл зүйд арван жил мэтгэсэн Золбаярын илэрхийлэл. Цаашдын өсөлт, лавшралын илрэл гэж ойлговол буруугүй. Би өмнөхөн хэлсэн, надад сайхан үг хэлсэн хүмүүс эдгээр үгсийг хамааруулдаг гэж. Үг бол хамгийн дээд хүч. Ертөнцийн эхэнд чухамдаа үг л байсан гэж батлагсад бий. Би мөн чигээр ойлгодог. Энэ дэлхийн хамгийн сайхан, ид шидэт, утга уянгат, илэрхийлэл төгс хэл бол монгол хэл. Тиймээс үүнийхээ чадамж, бололцоог дайчилж бичихийг эрмэлзэх нь өөрийгөө хүндэтгэхийг хүсдэг ямар ч уран бүтээлчийн зорилт болов уу. Агуулгын, зохиомжийн төгөлдөр найралт, цаг хугацаа туулах бүтээл туурвия гэвэл эхлээд хэлээ, баримлаа жинхэнэ утгаар эзэмшиж, эвийг нь олсон байх учиртай. Ингэж ширхэглэж байж л бүтээлийн тухай жинхэнэ утгаараа ажиллах шаардлагатай гэж ойлгодог.

-Ингэхэд таны шимтэн уншиж, хайрлан хүндэтгэдэг зохиолчид хэн бол оо?

-Унших бол уран бүтээлчийн, ер нь ухаант хүний үргэлжийн ажил байх учиртай. Гэхдээ сонгох гэж чухал ойлголт байна. Энэ талаар надад зөвлөдөг олон буянтан бий. Урианхай ах, Батбаяр ах, Галаа багш гээд сэтгэл дэвсэх хүн цөөнгүй. Миний “Бүлээн”-д гардаг даа, Нямсүрэнгийн уншдаг номууд гээд. Хэдхээн ном байдаг. Миний хувьд бол яахав дээ, үндэстнийхээ сонгомол өвүүдийг уншина, за тэгээд Чехов, Толстой, Набаков, Шолохов гээд нэлээд хэдэн нэр дурдах болох байх. Гэхдээ жинхэнэ утгаар уншиж доторлохын тулд бас ч цаг хугацаа, сэрэл мэдрэмж хэрэгтэй юм шиг билээ дээ.

-Таныг утга зохиол, сэтгүүл зүйд хөл тавьж байсан эхэн үед зохиолч Бөхийн Бааст гуайн хүү гэж андуурах тохиолдол байдаг байсан. Ижий аав болоод ус нутгийнхаа тухай ярихгүй юу?

-Ийм тохиолдлууд гарна аа. Хэрэв би түүний хүү байсан бол ардын уран зохиолч эрхмийн 60 гаруй насан дээр мэндэлсэн байх шаардлагатай болдог. Миний аав Ховд аймгийн Чандмань сумын сургууль, Ховдын багшийн дээд сургуульд багшилж байгаад бурхан болсон, эгэл жирийн сэхээтэн, эрдэм ном шүтсэн нэгэн байсан. Уран зохиолд хайртай, хайртайн хэрээр мэдрэмжтэй хүн байлаа. Намайг гуравдугаар ангид байхад сумын сургуулийн хүүхдүүдийн дунд шүлгийн тэмцээн болоход миний бичсэн шүлэг нэртэд хоёр мөр нэмж бичиж өгсөн нь эдүгээ сонгодог мөрүүд санагддаг.

Алиман сарны гэрэлд алтаар урсана, энэ гол

Мөнгөн сарны гэрэлд мөнгөөр урсана, энэ гол гэсэн хоёр мөр. Энэ мөрүүд надад яруу сайхны сүншиг болж оршсон гэж боддог. Инээдтэй нь, миний бичсэн шүлгээс мөр битгий хэл, нэг үг сэтгэлд үлдээгүй нь ямархан юм бичиж явсныг хэлээд өгдөг.

-Хүмүүсийн тухай бичсэн хөрөг, аян замын туурвилууд, эссэ нийтлэлээр та алдартай. Харин сүүлийн үед ихэвчлэн өгүүллэг бичиж байна уу?

-Энэ чиглэлдээ хүмүүсийн тогтоосон жишиг түвшингээс илүү үл гарна гэхэд, дутуудах зүйл үл хий гэсэн шаардлага өөртөө тавиад жаал жуул юм оролдож л байна.

-Үргэлжилсэн үгийн томоохон хэмжээний бүтээл тухайлбал, тууж, роман туурвих тал дээр ямар бодолтой байна. Жүжиг, киноны зохиолд өөрийгөө сорих уу?

-Бодоод л байна. Бичих, хүчийг сорих ёстойгоо бас мэдээд л байна. Гэхдээ “жаахан өөр” л юм хийхгүй бол болохгүй гээд бэргэх нь их байна. Уншиж судлах, барил багцаа авах ч зүйл их байна. Манай нийгмийн оюун санаа, сэтгэлгээний ядуурал үнэхээр гаарсан. Доромжлох дон, явцууран хийрхэх нь гамшиг болоод, үндэстний гэгээн сайхан бодит чанар, итгэл сэтгэл алдарсан байна. Хуурмаглал, урвалт, үнэгүйдэл нийгмийн хэв шинж боллоо. Үүний эсрэг бүгдээр тэмцэх, дуугарах, өөрөөрөө үлгэрлэх цаг нэгэнт болжээ. Энэ нь иргэн бүрийн үндэстнийхээ сайн, сайхны өмнөөс өөртөө байгаа алив гэрэл гэгээгээ илүү өрдөх шаардлагатайг тулгаж байна. Монголд эдүгээ оюун санаа, сэтгэл, тархийг үнэлж хүндэтгэх орон зай огт үгүй болсныг нь л нийгэмд таниулах бас мөнхийн бүтээл хийхийг өөртөө болоод үзэг нэгт нөхдөдөө уриалахыг л чинхүү хүсч байна даа. Монголд хамгийн үнэ цэнэгүй зүйл бол оюун санааны бүтээлүүд болсон гэвэл хилс болохгүй. Өнөөдөр Парист Занабазарын бүтээл долоо, найман тэрбум төгрөгөөр үнэлэгдлээ. Эрхэм нөхөр, жүжигчин Б.Амарсайхан дэлхийн киноны хэмжүүрт хүрч тоглож байна. Энэ бол оюун санааны илрэл, үнэлэгдэхүүн. Үүнийг манай нийгэм хэрхэн хүлээж авч, хэрхэн хандаж байгааг юмны учир мэдэх хүмүүс ойлгож байгаа байх аа. Эхлээд тархи, оюун санаагаа үнэлж хүндэтгэж гэмээнэ улс нийгэм хөгждөгийг л нийтээр ойлгож, сэрмээр, сэхээрмээр байна даа.

-Хэл шинжлэлийн эрдэмтэн Я.Ганбаатар таны “Хавар ай”, “Намар ай” зэрэг туурвилуудыг Д.Нацагдоржийн уянгын өгүүллэгүүдтэй харьцуулж, үргэлжилсэн үг боловч хайрцаглахад яруу найраг шиг болдгоороо адилхан гэж тун сонин гаргалгаа гаргасан нь бий. Мөн Данзангийн Нямаа зохиолч ч “Золбаяр ай” гэж бичсэн дээ?

-Би дөрвөн ай бичье гэж бодсон юм. Манай уран зохиолчдын хамгийн их бичсэн сэдэв л дээ, улирал бол. Гэхдээ өөр, өөрийн хавар, намар, өвөл, зунтай хорвоо шүү дээ. Одоо “Зун ай”-гаа биччихвэл дөрвөн ай бүрдэх гээд л байна. Ганбаатар гуайн тэр өгүүллийг уншсаан, надад урам, бас үүрэг өгч байгаа явдал гэж хүлээж авсан. Нямаа ах романтик гэгээн зүйл бас бичиж үнссэн. Сайхан л санагддаг.

-Сонинд ажиллаж байх үеийн дурсамж, дурдатгал инээд наргиантай зүйл, мөн бичихэд адармаатай хүмүүс, хэцүүхэн бүтсэн зохиол, нийтлэлүүдээсээ ярихгүй юу?

-Зөндөө дөө. Манай ах нар, талийгч Ш.Батмөнх, Ш.Цэрэнпил ах нар маань хааяа ганц нэг шил юм ууна. Би ч бас тэр идээнд нь дайчлагдана. Дэлгүүр гүйнэ. Нэг удаа нөгөө зүйлд явж байтал, араас утасдаж яаралтай сурвалжлагад явуултал, би нөгөө зүйлийг нь мартаж оджээ. Үндсэн ажлаа хийлгүй болохгүй биз дээ. Тэгээд нэг удаа уух сархдыг нь дөрвөн цагаар хождуулсан тул,

Архинд явсан Золоо минь

Арай дэндүү удлаа даа гэж дуулагдах байдалд хүргэж байлаа. Би өмнө хэлсэн, сонины орон зай гайхалтай, хичнээн оройтсон, алжааж ядарсан ч, шинэ хэвлэгдсэн сонинг барихаар ер бусын гайхалтай мэдрэмж төрдөг. Аргагүй юм даа, тэр чигээр шив шинэ, хав халуун бүтээлүүд юм чинь, сайхан сонин удирдаад, эсвэл сэтгэлд хүрсэн зүйл биччихээд гэрээдээ зүглэж байх шиг жаргал ховор оо. Үүнийг сонинд, халуун уран бүтээлч хамт олон дунд ажилласан хүн л мэднэ. “Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт гэдэг бол сонгодог уриа. Энэ сонин үүнийхээ төлөө уураг тархиа үргэлж дайчлан ажилладгийг би мэднэ ээ.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *