Categories
мэдээ нийгэм

Дорнын амралтын хот Ханжоуг монголчуудад танилцуулав

БНХАУ-ын Ханжоу хотын аялал жуулчлалын комисс болон Монгол Улсын “Их аян өргөө” компани хамтран Ханжоу хотыг танилцуулах үйл ажиллагаа Чингэс зочид буудалд боллоо. “Их аян өргөө” компани нь Хятад, Монголын соёл, эдийн засгийн олон чухал үйл ажиллагааг зохион байгуулсан туршлагатай. Ханжоу хотын аялал жуулчлалын зөвлөлийн дэд дарга Жан Хун Жун Ханжоу хотын тухай танилцуулсан юм.

Ханжоу нь Жэзян мужийн нийслэл агаад эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв аж. Хятадын зүүн өмнөд хэсэгт далайн эрэг дагуу Хөх мөрний сав газарт оршдог. Шанхайгаас 170 км газарт оршдог, найман сая гаруй хүн амтай хот юм.

2006 онд уг хотыг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас “Хятад улсын хамгийн үзэсгэлэнт аялал жуулчлалын хот”, Дэлхийн амралт, аялал жуулчлалын байгууллагаас “Дорнын амралтын хот” хэмээн сайшаажээ. Нью-Йорк таймс сонин “Дэлхийн заавал очиж үзэх хэрэгтэй 41 газар”-т энэ хотыг мөн багтаажээ. Хятадын хамгийн алдартай хайрын үлгэр “Цагаан могойн домог” энэ хотод “төрсөн”. Тэнгэрт диваажин, газарт Сүжоу, Ханжоу хэмээх хэллэг ч байдаг. Дэлхийн банкнаас энэ хотыг “Хятадад хөрөнгө оруулах хамгийн таатай хот” хэмээн тодорхойлсон байдаг.

Ханжоуд жил бүр 8000 тэмдэглэлт үйл явдал, баяр болдог. Энэ хотод 127 том зочид буудал байдгаас таван одтой нь 22 гэнэ. Дэлхийд алдартай зочид буудлууд энд бий. Ханжоу хотод хамгийн анх дугуй түрээслэх үйлчилгээ бий болсон түүхтэй. Байгалийн үзэсгэлэнт газраар аялахын ялдамд цайны соёлтой танилцах боломжтой. Цайны музей ч байдаг гэнэ. Цагаан хэрэмтэй дүйцэхүйц нэгэн түүх, соёлын дурсгал байдаг нь “Их суваг”.

Бээжингийн өмнө талаас Ханжоу хүртэл үргэлжилдэг агаад Суэцийн сувгаас 16 дахин урт аж. 2014 онд энэ сувгийг Дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна. Ханжоу бас торгоны эх орон. 5000 жилийн өмнө Ханжоуд торго үйлдвэрлэж байсан түүхтэй. Торгоны замаар энд үйлдвэрлэсэн барааг зөөж, Клеопатра хатан хаан ч энэхүү торгоор урласан хувцас өмсч байсан домогтой. Хотын гудамжинд зардаг хоол нь хамгийн амттайд тооцогддог гэнэ шүү.

Аялал жуулчлалын үндэсний төвийн дарга О.Цоодол энд хүрэлцэн ирсэн байлаа. Монголд аялагчдын олонх нь хоёр хөршийн жуулчид байдгийг тэр онцолсон юм. Өвөлгүй зунаараа Ханжоуд аялабал монголчууд доод тал нь 5000 юань зарцуулах тооцоо байна лээ. Монголын аялал жуулчлалын компаниудтай хамтарч ажиллахыг тэд хүсч байлаа. Хятад жуулчдын хувьд Монголоос юу сонирхох бол хэмээн лавлахад ноён Жан Хун Жун “Бидний хувьд Монголын тал нутаг, сайхан агаар, амар тайван амьдрал, Монгол гэр маш их таалагдлаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *