Categories
мэдээ цаг-үе

Монголын сэтгүүлзүйн түүчээ болсон хамт олон

Монгол Улсын Их Сургуулийн сэтгүүлзүйн ангийн 1996 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. “Хэдийгээр нийгэм эдийн засгийн шилжилтийн хүндхэн үетэй бидний оюутан ахуй цаг давхацсан хэдий ч эргээд бодоход жаргалтай байж ээ. Картын бараанд олон цагаар дугаарлан зогсч, мөнгө төгрөггүй, өлсөж цангаж байсан ч тухайн үедээ зовж, зүдэрч байна гэж огт бодогддоггүйсэн. Нэгэнт л дээд боловсрол эзэмших гэж хэн нэгний дарамт шахалтаар биш өөрийн чин хүсэл эрмэлзлээр их сургуульд элсэн суралцаж байгаа болохоор хэндээ ч гомдоллох билээ. Даваад, туулаад л гарсан. Нийгмийн хүндхэн шалгуур, амьдралын хатуу ширүүнийг хамтдаа туулаад гарсан учраас манай ангийнхан атгасан гар шиг эв нэгдэлтэй байсан, одоо ч хэвээрээ. Зовлонд нүүр буруулаагүй андууд насан туршийн түшиг гэдэг дээ” хэмээн ярилцах тэд хэдэн жилээр уулзаагүй ч өнгөрсөн хугацаанд үргэлж хамт байсан мэт тийм л нэг халуун дулаан уур амьсгал уулзалтын эхнээс дорхноо бүрдэв.

“Нийгмийн ороо бусгаа үе гэснээс би нэг хөгтэй явдал саначихлаа” гэсээр Д.Дагиймаа яриа эхлүүлэв. Бусад нь “Юу юм бэ? Ярь л даа” гээд түүн рүү анхаарлаа хандуулав. “Бид чинь аравдугаар ангидаа картын бараанд жагсдаг байсан бол дараа жил нь оюутан болоод шууд картын бараагаар амьдарч эхэллээ шүү дээ. Мөн ч их өлсдөг байж билээ. Ямар сайндаа дотуур байранд амьдарч байхдаа Н.Хажидсүрэнтэйгээ бүтэн сар цагаан будаа идэх билээ. Цагаан будаанаас өөр хүнсгүй болсон хоёр чинь будаагаа л агшааж иднэ. Тэгсэн Н.Хажидсүрэнгийн маань шөрмөс татаад эхэлдэг байгаа. Туниа муутай амьтан шөнө дунд “Дагий” гээд дөнгөж сонстохоор намайг дуудна. Бөх унтдаг хүн бол сэрэхгүй ээ. “Яасан” гэхээр “Хөлийн шөрмөс татчихлаа” гэнэ. Би хөлийг нь илж бариад зүгээр болгоно. Сүүлдээ ч би бараг сурчихсан, муухан бариачаас л мундаг болсондог. Тэгсэн нэг удаа хоёулаа эртхэн амаръя гээд орондоо ороод удаагүй байтал “Дагий” гээд л дуудлаа шүү. Би ч орноосоо босч очоод “Аль хөл чинь юм” гэтэл “Үгүй ээ нуруу” гэдэг байгаа. Нүдээ ч нээлгүй хажууд нь нойрмоглон зогсч байсан би айх гайхах зэрэгцэн “Юу гэнээ, эмнэлэг дуудъя” гээд л ухасхийлээ. Түргэн тусламж дуудчихаад хүлээгээд, ирдэггүй. Нурууг нь яаж ч бариад зүгээр болдоггүй.

Буцалгасан ус өгвөл зүгээр болж магад гэж бодоод ариун цэврийн өрөө рүү усанд явж байтал хажуу өрөөнийхөн талх идэж байдаг байгаа. Намхан шар шүүгээн дээрээ талхаа тавьчихаад, тал талаас нь зулгааж аваад бор цайгаараа даруулан идэж байна. Хольж идэх масло, элсэн чихэргүй юм чинь зүсээд ч яах билээ. “Өрөөгөө хурдхан түгжчих гээд байхад чинь” гээд нэгэн рүүгээ ёворсноо дуу муутайхан “Талх идэх үү” гэж байна. Дотроо “Идэлгүй яах юм” гэж бодсон мөртлөө “Жаахан л амсъя” гээд атгасан гарын дайтайг зулгааж аваад өрөөндөө орж ирлээ. Өөрөө ч идэлгүй Хажаадаа өнөөх талхаа бүгдийг нь өгсөн. “Чи ид л дээ” гэнгүүт нь “Үгүй ээ, би идчихсэн” гэж худлаа хэлж билээ. Түргэн тусламжийнхан ч ирсэнгүй, Хажаа маань ч тэгсгээд зүгээр болсон” гэв. Тэгтэл Н.Хажидсүрэн “Тэр талхны амттай байсан гэж жигтэйхэн. Би одоо ч тэр талхны амтыг мартдаггүй. Гэхдээ би найзуудыг чинь манай дотуур байранд ирэхэд хажуу дээд давхрынхнаасаа тал талх зээлж ирээд “өрөө” төлсөн шүү. Талх зээлэхэд тийм амархан байсан гэж бодож байна уу? Бусад үед нь хаалганых нь нугасыг хугалчих шахам хаалгыг нь дэлгээд орж ирдэг хүн чинь хаалгыг нь аяархан нээснээ “Уучлаарай орж болох уу?” гэнгүүт бүгд гайхдаг юм байгаа биз дээ. Сэмээрхэн өрөө рүү нь ороод хоолойгоо засч байгаад “Танайд талх байвал зээлээч. Дараа талхыг нь талхаар нь өгье” гэх жишээтэй” гээд бөөн инээдэм болцгоов.

О.Болормаа “Одоогийн 64 дүгээр дэлгүүрээс картын бараагаа авахын тулд ээлжилж хичээлээ тасалдаг байсан гэвэл одоогийн хүүхдүүдэд үлгэр шиг л санагдана. Гэхдээ 1000 төгрөгийн тэтгэлгээ ном, сэтгүүл, хичээлийн хэрэгсэл худалдаж авахад гар татахгүй зарцуулдаг байсан нь их сонин шүү. За тэр яах вэ, Чингисийн талбайд (тухайн үеийн Сүхбаатарын талбай) цугласан жагсагчдыг хүчээр тараана гэснийг дуулаад дотуур байрныхаа балконоор дамжаад шөнө дөлөөр нууцаар гарч байснаа санаж байна уу?” гэвэл Н.Туул “Нээрээ тийм ш дээ. Жагсаал яаж тараадгийг үзье гээд ангийнхаа хэсэг охидтой байрнаасаа нууцаар гараад талбай дээр очсон чинь Гончигдорж төрийн ордноос гарч ирээд жагсаалыг тараах нь бүү хэл өөрөө дунд нь ороод суучихсан ш дээ. Сэтгүүлчдийн сониуч зан байх даа” гэв.

Нэгдүгээр дамжаанд элсэн орсон жилээ есдүгээр сарын 1-нд нь ангиараа кино үзэх гэтэл хөдөөнөөс ирсэн хүүхдүүдээс нэг нь ч ирээгүй гэнэ. Тэгтэл хөдөөнөөс ирсэн ангийнхан нь “Ялалт” кино театрыг хаана байдгийг мэдэхгүй учраас хүн бүрээс асуугаад л яваад байж. Зарим нь гэрээсээ гарахдаа ах эгчээрээ зуруулж аваад гарсан ч ололгүй будилжээ. Харих замаа арайхийн олж, гадаа хонох шахсан тухайгаа хотынхондоо учирлажээ. Үүнээс хоёр гуравхан долоо хоногийн дараа санамсаргүй байдлаар бүгдээрээ цугларч, одоогийнхоор бол танилцах үдэшлэг хийжээ. Угтаа бол намрын ажилд явна гэж сургуулийнхаа үүдэнд бүгд цугларчээ. Ангиудыг жагсааж байгаад нэг захаас нь машинд суулгатал тэдний ангийнхан дээр иртэл бүх машины тэвш дүүрчихэж. Нэгэнт тэднийг ачиж явах унаагүй болсон учраас тэд намрын ажлаас чөлөөлөгджээ. Явуулахаа болилоо гэнгүүт нь шуудайтай боорцог, хувцсаа үүрээд 120 луу ангиараа явжээ. Тэнд нэг өрөө байранд Д.Гантуг ганцаараа амьдардаг байж. Залуучууд нь шуудайтай боорцгоо дэлгүүрт хиам, талх, утсан загас, дарсаар сольж, түүгээр нь тэд танилцах үдэшлэгээ хийсэн гэдэг. Б.Ханддолгор нь шүлэг бичээд, Д.Дашмөнх нь Монголын уран зохиолын сор болсон шүлгүүдийг цээжээрээ уншаад, зарим нь дуулаад л нэгэн үдшийг хөгжилдөн өнгөрүүлцгээж. Ч.Мөнхзул “Тэд нар чинь хотын хүүхдүүд. Тэгтэл хөдөөгийн мань мэт нь зэрэгцээд хөшөө шиг сууцгаачихаад тэд нарыг хараад жигтэйхэн их гайхацгааж билээ. Кино үзэж байгаа аятай л байсан. Бяцхан соёлын шоконд орж байгаа хэрэг юм болов уу?” гэсэн юм.

Уралдаант шалгалтанд аймаг, дүүрэгтээ эхний нэг, хоёрдугаар байраар шалгарсан хүүхдүүд МУИС-ийн босгоор алхдаг. Эдний ангийнхан ч мөн ялгаагүй, хичээл номондоо жигд сайн байж. Тиймдээ ч Б.Цагаанбаатар, Д.Дагиймаа, Ч.Мөнхзул зэрэг гурвын гурван оюутан улаан дипломтой төгсчээ. Зарим нь бүр оюутан болох үеэсээ сэтгүүл зүйн аль чиглэлээр дагнан бичихээ хүртэл тодорхойлчихсон байж. Монголын триатлоны холбооны тэргүүн Б.Цагаанбаатар оюутан ахуйгаасаа газарзүйн өргөн мэдлэгтэйгээс гадна спортод дур сонирхолтой учраас спортын сэтгүүлч болно гэж бусдадаа хэлдэг байж. Наад зах нь тэрээр спортын төрөл тус бүрийн тамирчдын дэлхийд гаргасан дээд амжилтуудыг минут секундтэй нь цээжээр мэддэг байсан гэнэ. Тэрээр олон жил тасралтгүй “Таван цагираг” сонинд ажилласан бөгөөд өдгөө түүнд дэлхийн өнцөг булан бүрт очоогүй газар, уулзаагүй спортын од байхгүй гэдгийг ангийнхан нь хэлсэн юм. Ангийн дарга Д.Гантуг “Ийгл” телевизийг 1996 онд байгуулагдахад тэнд ажилд оржээ. Тухайн үедээ мэдээг барууны төрөл жанраар буюу үйл явдал өрнөсөн халуун цэг дээрээс шууд дамжуулах, олон эх сурвалжаас мэдээлэл авах зэргээр маш хурдтай, даацтай мэдээ мэдээллүүдийг бэлтгэж байжээ. Өдгөө тэрээр сэтгүүлчийн мэргэжлээрээ Канадад ажиллаж амьдарч байгаа аж. Тэрээр ангийн охин Ч.Энхтуяатай гэр бүл болж, ангиасаа төрсөн хосууд юм байна. Мөн эхнэрийнхээ хамтаар “Зууны луйвар” цуврал нэвтрүүлгийг хийж багагүй шуугиан тарьж байсныг хүн бүхэн мэдэх биз.

Сэтгүүлч өргөн мэдлэгтэй байх ёстой гэсэн үүднээс мал аж ахуй, шашин, газар тариалан, улс төр, гоо зүй, урлаг судлал гээд маш олон төрлийн мэргэжлийн бус хичээл үздэг байжээ. Одоогийн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн зөвлөх А.Ганбаатар нэг удаа мал аж ахуйн хичээл завсарлах дөхөж байтал том үүргэвчээ тэвэрсээр л орж ирлээ л дээ. Тухайн үед ангийн ихэнх хөвгүүд нь эцэг эхээсээ мөнгө нэхээд суулгүй, хэр чинээгээрээ хөдөлмөрлөж, наймаа сэлт хүртэл хийдэг байж. Наймаагаа хийж яваад хичээлээсээ хоцроод ирсэн А.Ганбаатарыг Жамсрансүрэн багш нь “За бос, Алив семинар ярь” гэж. А.Ганбаатар босч зогсоод “Төл малыг өсгөн хүмүүжүүлэх нь төрөл бүрийн ач холбогдолтой” гээд толгой холбоод гудиггүй туучихаж. Цагийн зүүний цохилт сонсдож байсан ангид гар бөмбөг тэсэрчихэв үү гэлтэй бүгд нирхийтэл инээлдсэн гэдэг.

Эдний анги хоёр Дагиймаа, хоёр Болормаа, хоёр Туултай. Олны танил болсон туршлагатай сэтгүүлч “TV 5” телевизийн редактор Э.Дагиймаагаас гадна ХИС-ийн Сэтгүүлзүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, сэтгүүлзүйн доктор, профессор Д.Дагиймаа гэж бий. Н.Болормаа Чөлөөт хэвлэл сангийн хэвлэх үйлдвэрийн захирал бол О.Болормаа орон нутагтаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа гэнэ. Сэтгүүлзүйгээс гадна урлагийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Улсын Бүжгийн Драмын Эрдмийн театрын дарга Ч.Мөнхзул мөн л эдний ангийнх. Харин Н.Хажидсүрэн “Үнэн” сонины гадаад мэдээний редактороос хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бөгөөд өдгөө МАН-ын УИХ дахь бүлгийн хэвлэлийн ажилтан аж. Эдгээрээс гадна Д.Ганчимэг, Туул зэрэг орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байгаа сэтгүүлчид ч бий. Э.Эрдэнэбаяр, Р.Мөнхбат, Д.Дашмөнх, Д.Сувд, Ш.Отгончимэг гээд хилийн чанадад сэтгүүлзүйн бүтээл хөрвүүлэхийн хажуугаар гэрэл зураг авдаг сэтгүүлчид хүртэл байдаг аж.

Сонирхолгүй хичээл дээр Д.Дашмөнхийгөө багшийнхаа өөдөөс харуулаад суулгачихдаг байж. Багш нартайгаа жигтэйхэн буу халдаг байсан учраас тэр. Бусад нь тэр хооронд нь ирцээ бүртгүүлчихээд багшийнхаа нүдийг хариулж байгаад ширээн доогуураа мөлхөөд гарцгаачихдаг байсан гэнэ лээ. Хичээл дуусах мөчид Д.Дашмөнх, хажууд нь суусан охин, арын ширээний хүүхдүүдээс өөр хэн ч ангид нь үлдээгүй байсан гэдэг.

МУИС-ийн багш, доктор Б.Болд-Эрдэнэ Болгарт төгсч ирүүтээ тэд нарт хичээл ордог байж. Тэдний ангид нэгэн өдөр хичээл зааж байхад нь Б.Ханддолгор “Багшаа та гэр бүлтэй юү” гэж л дээ. Эхэндээ багш нь тоосон шинжгүй хичээлээ заасаар байтал ахиад асуужээ. “Байгаа” гэтэл ангийн ихэнх охидын царай хачин болчихож. Тэгсэн хамгийн арын ширээнд суусан Б.Энхсайхан “Охидуудын концерт ингээд дууслаа” гэсэн гэдэг. Тэд М.Зулькафил, Т.Баасансүрэн, Монголын радиогийн зөөлөн дуут Б.Энхтуяа, “Их монгол” дээд сургуулийн захирал агсан Батмөнх, нийтлэлч Д.Баярхүү зэрэг чадварлаг багш нараар хичээл заалгуулж байснаараа бахархан дурссан юм.

Тэд “Бид МУИС-ийн төгсөгчилд гэдгээрээ бахархдаг шүү. Монголын маргаашийг бүтээх залуусын оюуныг цогцлооход багагүй хувь нэмэр оруулсан. Наад зах нь нийгмийн шинжлэх ухааны “Хүрэл тогоот” хэмээх залуу эрдэмтдийн хуралд оролцогсод бүгд МУИС-ийн төгсөгчид байх жишээтэй” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *