Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг өсгөж, эцэг эхээс тодорхой хувийг гаргуулна

Ажлаа хийж дуусгах боломж олдсон азтай сайд Л.Гантөмөрт хэлэх ярих юм гишүүдэд зөндөө олдлоо. С.Батболд гишүүн дипломын наймаанд эмзэглэж, Оюутны хотхон сүүлийн хоёр жилд таг болсонд санаа зовлоо. Л.Гантөмөр нэр дэвшигч “Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Бүтэн жилийн ажил болсон доо. Санхүү, хөрөнгийг босгохоор зөвлөх үйлчилгээ авсан. Хөрөнгө босговол ажилдаа орно” гэлээ. Одоо хуурамч диплом үйлдвэрлэдэг юм байхгүй. Мэдээллийн нэгдсэн сантай болсон. Алдаатай бичиг баримт гарч ирвэл шууд хуулийн байгууллагын хаалга татна гэлээ. Үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд зарим гишүүн санаа тавьсан.

Үдийн цай 400 төгрөг байснаа 600 төгрөг болсон. Цэцэрлэгийн хоолны мөнгийг өсгөж, эцэг эхээс тодорхой хувийг гаргуулна. Их дээд сургуулийн шинэчлэлийг яам биш их сургуулийн багш нар өөрсдөө хийнэ. Цаашдаа ч энэ шинэчлэлийг өөрсдөө хийгээд явах орчин бүрдүүлэхээр хууль санаачилж байгаа гэлээ. Шинэ хуулиараа их дээд сургуулийн удирдлагын бие даасан байдал, санхүүгийн тусгаар тогтносон байдлыг хадгалж өгөх бололтой юм. Нэр дэвшигч нэгэн сонирхолтой прогноз хэлсэн нь “Цаашдаа их, дээд сургуульд элсэгчдийн тоо үлэмж буурна” гэнэ шүү.

Ө.Энхтүвшин гишүүн өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан хэмээх давхар ачаа үүрч явсан хүний хувьд асууж лавлах юм их байлаа. Тэрбээр Л.Гантөмөр сайдыг “Давхар дээлтэй болохоос биш өөлөх юмгүй хүн” гэж “өхөөрдөөд” авсан. Соёлын яамнаас хэдэн хүрч ирэх юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан бие биенээ нөхсөн амьд бүхэл байлгах талаар юу бодож байна. Соёл урлагийн агентлаг санал болгох уу хэмээн Ө.Энхтүвшин гишүүн шалгаав. “Эхний ээлжинд механик нэгдэл явах байх. Боловсрол соёл хамт байсан ой санамж хадгалагдаж байгаа гэж найдаж байна. Таны үед ажиллаж байсан хүмүүс одоо ч хэвээрээ байгаа учраас яамны төрийн албан хаагчид өөрсдөө бүтцээ тохирсон байна лээ. Соёлын өвийг хамгаалж, түгээж дэлгэрүүлэхэд анхаарна. Соёлын биет бус өвийг түгээгчдийн чадамжийг хадгална. Соёл урлагийн агентлаг байгуулах талаар санал тавина. Соёл урлагийг авч явж байгаа хүмүүсийг яаж төрийн агент болгох талаар ярилцана” гэж нэр дэвшигч хариулав. Ө.Энхтүвшин гишүүн “Хуучин соёл урлаг хариуцсан арван хүн яаманд байсан. Арван хүн бүхэл бүтэн салбарыг хариуцахад цөөдөөд хэцүү байдаг. Одоо эрхбиш яам байсан юм чинь ядаж 50 хүн ирэх болов уу” гэлээ. Л.Гантөмөр “Соёл урлагийн газар нь ирнэ гэж ойлгож байгаа” гэв.

Л.Гантөмөр чуулганд оролцогчдын 95 хувийн саналаар дэмжигдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *