Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Энэ дагуу ТҮЦ нь галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна, хяналтын камер галын анхан шатны багаж хэрэгсэлтэй байхаар тогтсон юм. Үүнээс гадна эрүүл ахуйн стандартыг хангуулах зорилгоор худалдагчийн ариун цэврийн өрөөг зөөврийн бие засах суултуураар тоноглож, бохирыг урсгах, зөөврийн цэвэр усны нөөцтэй, бохирын үнэр дарах, халдваргүйтгэх бодисын хүрэлцээтэй нөөцтэй байхаар журамд заасан билээ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ТҮЦ-ийн хоёр төрлийн загвар бүхий зургийг саяхан гаргасан юм. Хотын ТҮЦ-үүд тус газраас гаргасан зургийн дагуу шинэчлэгдэнэ гэсэн үг. Өнөөдөр 12.00 цагт Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны “Ажилчдын алдар” талбайд яг ийм шаардлагад бүрэн нийцсэн, нийслэлээс баталсан стандарт зурагт нийцсэн Түргэн үйлчилгээний цэгийн нээлтийн ёслол боллоо. Уг ТҮЦ-ийг “Киг” ХХК зах зээлд нийлүүлж байгаа юм байна. 5×5 метр хэмжээтэй уг ТҮЦ нь дотроо био “00”-той ажээ. Эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй нөхцөл байдлыг хангаж чадсан нь иргэдийг анхаарлыг ихэд татаж байв. ТҮЦ-ийн нээлтийн ёслолын үеэр “Киг” ХХК-ийн захирал Б.Мөнхбат хэлэхдээ “Автобусны буудлын урд иргэдэд ТҮЦ-ээ танилцуулж байна. Газрын албаныхантай асуудалтай байна. Хураана буулгана гэж дарамтлаад байх юм. Бид асар их хөрөнгөөр босгож байгаа. Тэгэхээр буцаагаад нураах уу гэдэг асуудал шүү дээ. Өмнө нь нийтийн эзэмшлийн газрын талбайд байсан ТҮЦ-үүдийг шинэчилж байгаа гэсэн үг. ТҮЦ-ийг автобусны буудлаас 500 м-ийн зайд байрлуулна гэж байгаа. Монголд тийм газар байхгүй. Газрын албаныхан байшингийн буланд тавиулна гэж байна. Тэнд үсчин, дэлгүүр байна, ТҮЦ-ийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрнэ. Хэрвээ ТҮЦ-үүдийн байрлалд ийм хязгаарлалт хийвэл ТҮЦ-ээр амьдралаа залгуулдаг иргэдийн амьдрал хэцүүднэ. ТҮЦ гэдэг хөгжингүй орнуудад ч байдаг зүйл. Хүмүүс олноор бужигнадаг газар байдаг нь учиртай. ТҮЦ-ийг байшингийн буланд ч юм уу, хэнд ч харагдахгүй буйд газар аваачаад тавьчихвал хүмүүст хохиролтой. Зам зуураа хэрэгтэй ойр зуурын юмаа авдаг ТҮЦ-ийн үйлчилгээг холдуулчихвал хэрэглэгчид хохирно шүү дээ. Нийслэлийн ТҮЦ-үүд шинэчлэгдэх хэрээр хотын өнгө үзэмж аятайхан болж байна. ТҮЦ-ээ шинэчилсэн иргэдэд нэг зовлон байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. ТҮЦ-ээ шинэчлээд амьдралаа болгох гэж явж байхад нь газрын албаныхан энэ та нарын газар биш гээд хураачихвал иргэд л хохирно. ТҮЦ-үүд хэзээнээсээ л нийтийн эзэмшлийн талбайд ажилласаар ирсэн. Тэгэхээс ч аргагүй. Эдийн засаг хямарсан ийм үед төр нь амьдралаа болгох гэж ядаж яваа иргэдээ ингэж боож бологүй л дээ” хэмээн ярьж байлаа. ТҮЦ эрхлэгч Б.Ариунжаргал стандартын шаардлага хангасан тохьтой, дулаахан, шинэ ТҮЦ-тэй болсондоо олзуурхаж байв. Тэрээр “Хуучин ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэхэд гар угаах, бие засах газар олдохгүй зэрэг хүндрэлтэй асуудал олон байсан. Одоо эндээ бойлууртай, халуун хүйтэн ус, 00-той болсон. ТҮЦ цонхоор иргэдэд үйлчлэх зориулалттай. Тэр зориулалтаар нь ажиллуулна. Одоо үйл ажиллагаагаа эхлүүлээд байж байна” хэмээн ярьсан юм.