– ХОРИГДСОН ХҮМҮҮСТ ХООРОНДОО ЯРИХ БОЛОМЖ ОЛГОСОН Л БОЛ БОСЛОГО ГАРГАЖ МЭДЭХЭЭР БАЙСАН-
Цагдаагийн хурандаа Ц.Батчулуунтай ярилцлаа. Тэрбээр “Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр “Дэнжийн мянга” дахь Албадан саатуулах төвийн даргаар, түүний өмнө Багануур дүүрэгт олон хүн архинд хордож амиа алдахад дүүргийн Цагдаагийн хэлстийн даргаар ажиллаж байсан юм.
-“Долдугаар сарын 1”-ний үймээний үед та “Дэнжийн 1000” дахь Албадан саатуулах төвийн дарга байсан байх аа?
-2008 оны гуравдугаар сард Албадан саатуулах төвийн даргаар томилогдсон. Тэнд арваннэгдүгээр сар хүртэл ажилласан даа.
-Үймээний үеэр Албадан саатуулах төвд 800 гаруй иргэнийг хорьсон. Ер нь юу болсон юм бэ?
-Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс үймээн, шуугиан болж магадгүй гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байлаа. Зургадугаар сарын 30-нд үймээний эхний хүмүүс манай төвд ирсэн шүү дээ. Гудамжинд эмх замбараагүй байдал бий болгохыг оролдсон гэх зэрэг асуудал гаргасан хүмүүс л дээ. Маргааш нь жагсаал, цуглаан хүндрэх байдал руугаа орж 14.00 цагаас хүмүүсийг Албадан саатуулах төв рүү авчирч эхэлсэн.Тухайн үед би дүүргийн прокурорт “Ирж хяналтаа тавь. Эмх замбараагүй байдал бий болбол энд олон хүн саатуулагдах нөхцөл бий болчихлоо. Хууль зөрчигдөж болзошгүй байна” гэж мэдэгдлээ. Орой МАН-ын байр шатлаа, жагсаал, цуглаан нь үймээн боллоо. Тэр үеэс фургон, цагдаагийн машинуудаар дүүрэн, дүүрэн хүн зөөж авчраад буулгаад л байдаг. Сүүлдээ хэн гэдэг хүнийг хэн авчирч, яаж хүлээж аваад байгааг хянах ямар ч боломжгүй болсон.
-Нэг машинд хэдэн хүн авчирч байсан бол?
-10, 15 цаашлаад 20 хүн авчирна шүү дээ. Сүүлдээ хүн нэг бүрт үзлэг хийж хүлээж авах ямар ч боломжгүй болсон. Гэхдээ хууль зөрчихгүй ажиллахыг л хичээж байлаа. ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас хүн хүч хүссэн ч гол асуудалдаа анхаарлаа хандуулсан байх, биднийг орхичихсон. Өглөөний 4.00 цаг хүртэл 800 гаруй хүнийг 45-уулаа барьж, хоносон юм шүү дээ.
-Албадан саатуулах төв 45 ажилтантай байсан юм уу?
-Тэдний арваад нь эмэгтэй. Гуч гаруй эрэгтэй алба хаагч байсан. Ачигдаж ирсэн хүмүүсийн олонхи нь согтуу, үймээн самуунд хөөрчихсөн. Эвгүй дуугарвал яаж ч мэдэх нөхцөл байсан. Тэр дунд цагдаагийн гурав, дөрвөн ажилтныг жагсагчид хөнөөсөн байна гэдэг яриа гарчихсан байсан. Үүнээс болж офицер, цагдаа нар хоёр, гурваараа орж ирээд зэвсэг, тусгай хэрэгсэл шаардаж байлаа. Тэр бүрт “Та нар тайван бай. Хүний эрх зөрчиж огт болохгүй. Нэг хүнийг ч зодож болохгүй шүү” гээд гаргаж байсан. Би алба хаагчдаа гав, бороохойгүй ажиллуулж байсан юм шүү дээ. Маргааш нь 04.00 цагт хүмүүстээ бороохой, гав тавьж өгсөн.
-Тэгвэл гар нүцгэн 40 гаруй цагдаа тэр олон хүнийг яаж хонуулсан юм бэ?
-Би алба хаагчдаа үнэхээр гавьяа байгуулсан гэж боддог. 800 шахам хүн суулгачихаад байж байхад “Эд нар цөөхүүлээ байна. Сүйтгээд гарцгаая. Дайралт хийе” гэдэг яриа гарч байсан. Тэгэхэд дөчөөд алба хаагчдаа зохион байгуулаад саатуулагдсан хүмүүст би өөрөө “Бидэнд хүч хангалттай бий. 300, 400 алба хаагч та нарыг хянаж байгаа. Ямар нэгэн хөдөлгөөн хийвэл зэвсэг хэрэглэнэ” гэж зарлаж, сүрдүүлж байлаа. Нөгөө дөчөөд алба хаагчдаа 300 болгож харуулахын тулд хооронд нь сэлгүүлж, янз бүр болж хоносон хэрэг.
-Саатуулагдсан хүмүүсийг хашаанд хэд, хэдээр нь ангилаад явган суулгачихсан байсан нь дээрээс нь харахад олон хайрцаг тавьсан мэт харагдаж байв?
-Тэр үед бороотой, их эвгүй байсан л даа. Согтуу голдуу хүмүүсийг зогсоочих юм бол дайрчих гээд байсан. Гарыг нь хойно нь бариулаад нэг, нэгийнх нь араас суулгаж хонуулсан. Нэгнийхээ нурууг хараад суучихаар хоорондоо нэг их юм яриад байж чадахгүй. Хэрвээ хоорондоо ярих боломж олгосон л бол бослого гаргаж мэдэхээр нөхцөл байсан. Согтуу, сэтгэлийн хөдлөлд автсан тийм олон хүнийг хариуцахдаа хүний эрхийг ноцтой зөрчилгүй, хүний амь настай холбоотой асуудал гаргалгүй хоносон нь тэр шөнө ажилласан дөч гаруй хүний гавьяа байсан гэдгийг дахин хэлье. Бод доо, нэг хүн л орилоод боссон бол бусад нь дагахаар байсан. 800 хүний өөдөөс ямар ч зэвсэггүй 40 хүн яах байсан бол. Би өөрөө л гар буутай, бусад нь бороохой ч үгүй байсан. Гурав, дөрвөн цагдаагийн амь хохирсон гэдэг яриаг сонссон алба хаагчдын сэтгэл санаа сонин болчихсон байсан учраас бороохой ч өгөөгүй. Хэрвээ бороохой өгсөн бол нэгийг нь цохино. Нөгөөдүүл нь хашгираад босно. Юу ч болж мэдэхээр байсан. Ерөөсөө л үүр цайж, гэгээ орохыг хүлээж байгаа юм шүү дээ.
-Жирэмсэн эмэгтэйчүүд цөөнгүй байсан гэх юм билээ?
-Шуурхай арга хэмжээ авч жирэмсэн эмэгтэйчүүд, гадаадын иргэдийн нэр, хаягийг нь бүртгэж аваад тэр шөнөдөө явуулсан.
-Нэмэгдэл хүч хэзээ нь ирсэн юм бэ?
-Үүр цайж байхад Цагдаагийн академийн сонсогчид ирсэн. Тэднийг ирсний дараа офицер, цагдаа нартаа резинэн бороохой тавьж өгөөд “Хүнд гар хүрвэл хатуу хариуцлага ярина” гэж сануулж байсан. Үүр цайхаас эхлээд хүмүүсээ сэлгэж, байрлуулах ажил эхэлсэн. Ерөөсөө тэнд хүмүүсийг саатуулсан гурав хоногт нэг хүнийг бороохойдсон, зодсон асуудал гараагүй. Удирдлагын хувьд дэд дарга, харуул хамгаалалт хариуцсан ахлах бид гурав гурван хоногийн турш нүд анихгүй ажилласан. Унтаж амрах тухай асуудал огт байгаагүй.
-Танайхаас суллагдсан хүмүүс манай сонинд ярилцлага өгөхдөө нуруугаа харуулахад эрээн алаг болтол нь зодчихсон байсан. Хэзээ нь тэгээд зодуулчихсан байсан юм бол?
-Үймээний үеийн асуудал байх. Албадан саатуулах төвд зодсон, бороохойдсон нэг ч асуудал гараагүй. Энэ тухай “Долдугаар сарын 1”-ний талаарх “Нээлттэй сонсгол” дээр тодорхой ярьсан шүү дээ.
-Тэр олон хүнд ямар хоол, унд өгч байв?
-Албадан саатуулах, баривчлах төв 70-80 хүн хүлээж авах хүчин чадалтай. Гэтэл 800 хүн ирчихсэн байдаг. Гадна зуух тавьж завсар зайгүй хар цай чануулж байлаа. Эхний ээлжинд хар цай, усаар таслахгүй байхыг хичээсэн. Бороонд сууж хоносон хүмүүсийн архи үүрээр гарсан байх. Маргааш нь нар шарна, бороо орно. Шартсан хүмүүсийн ам цангаж байгааг бодолцоод цай, усаар таслаж болохгүй шүү гэдэг чиглэлийг алба хаагчдадаа өгч байсан. Маргаашаас нь эхлээд хүмүүнлэгийн байгууллагуудаас багахан хоол хүнс ирсэн. ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас нэмэлт хоол хүнс авахуулсан. Долдугаар сарын 2-ны үдээс хойш хоол, хүнс тараасан. Гэсэн ч тэр олон хүнд хоол залгуулах дайны л байсан. Түүнээс цадтал хооллох боломж байгаагүй.
-Долдугаар сарын 1-ний шөнө онц байдал зарласан. Маргааш өглөө нь буутай цагдаа нар Албадан саатуулах байрны хашааны өмнө эгнэж зогсоод л. Хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн бужигнаад л. Сураггүй болчихсон хүнээ хайгаад байгаа хэрэг. Их сүртэй, аймаар байсан санагдана?
-Өглөө нь хүмүүсийн овог нэрийг бичиж авч дууссан. Бичиг баримттай хүн нэг ч байгаагүй. Өөрсдийнх нь хэлснээр л нэр, хаягийг нь авч байгаа юм. Гадна цугласан хүмүүс дайрчих гээд байсан. Албадан саатуулах төвийн хашааны өндөр 1.7 метрийн өндөр. Хашааг нь түлхэж унагаагаад дайрахад байдал хүндрэх л нөхцөл байсан. Тэр хүмүүсийг тайван байлгахын тулд 30 минут тутамд саатуулагдсан хүмүүсийн овог нэрийг би өөрөө нэг бүрчилэн дуудаж байлаа. Тэр үед ар гэрийнхэн нь чулуу нүүлгээд, хашгираад байсан. Би хүртэл шидсэн чулуунд нь оногдож нуруундаа гэмтэл авч байлаа.
-Түргэний машин албадан саатуулах төв рүү ороход л гадна байсан хүмүүс “Гараашид байсан хүн нас барсан гэнэ. Нас барсан хүнээ нуучихлаа” гэсэн яриа гарсан. Хоригдсон хэдэн зуун хүний хань ижил, аав ээж орилолдоод их түгшүүртэй байсан?
-Албадан саатуулах байранд гурван хүн нас барсан гэдэг яриа гарсан байлаа. Тэр яриаг сонсоод ар гэрийнхнээс нь төлөөлөгч болгож дөрөв, таван хүн оруулаад бүх өрөөг харуулсан. Гарааш гээд нүхтэй болгоныг харуулж байж тайвшруулсан. Тэр хүмүүс гарч ирээд “Нас барсан, өвдсөн хүн алга. Зодож нүдсэн асуудал алга. Ямар ч байсан хоол унд залгуулж байгаа юм байна” гэж ярьсны хүчинд бужигнаан намжсан.
-Цагдаа нарын дунд “Онц байдал зарласан учраас буудсан ч бид хариуцлага хүлээхгүй” гэсэн яриа гарсан байсныг сонссон. Цагдаагийн алба хаагчид хонзогносон, сонсогчид хүртэл өс санасан байдалтай байгаа нь ажиглагдсан болов уу?
-Бусад газар ямар байсныг мэдэхгүй. Би гурав хоногийн турш вакумжсан орчинд л ажилласан шүү дээ. Гурав хоног гаднаас ч мэдээлэл байхгүй, сонсох ч завгүй ажиллаж байсан. Ер нь “Долдугаар сарын 1”-ний үймээнд ганц цагдаагийн байгууллага биш нийгэм, төр засаг хүртэл цочирдож, зүг чигээ алдсан шүү дээ. Цагдаагийн байгууллага ч, төр засаг ч юу хийхээ мэдэхээ больчихсон байсан биз дээ. Эмх замбараагүй байдал бий болоход цагдаа ч, төр ч бэлэн байгаагүй. Бүх хүн цочирдсон. Цагдаа нар ч бухимдсан. “Хоёр гурван цагдаа алагдсан. Зуу гаруй нь гэмтсэн” гэдэг яриа ч байсан. Алба хаагчид маань “Манай цагдаа нараас хоёр, гурвыг нь алчихсан байна, дарга аа. Бидэнд зэвсэг өгөхгүй бол энэ зэрлэг хүмүүс юу ч хийж мэднэ” гэж хэд, хэд орж ирсэн. Тэр бүрт “Гадна болж байгаа асуудал бидэнд хамаагүй. Та нар тайван бай. Элдэв асуудалд өөрсдөө холбогдохгүй, энд байгаа хүмүүсийн амь насыг хамгаалж гурав хоног хадгалах ёстой шүү. Хүчирхийлж эхэлбэл та нар өөрсдөө хэрэгтэн болно шүү” гэж ятгаад гаргадаг. Яг л тийм байдлаар хяналт тавьж ажилласан.
Ц.ӨРНӨХ