Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Зочид буудалд хаягдсан хүүгийн аавыг олсон бололтой

Гурван настай хүүгээ зочид буудалд хаяж явсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сарын 27-нд гарсан билээ. Хүүг “Хайрхан” гэх зочид буудлын ажилчид хоёр хоног дэргэдээ байлгаж, ээжийг нь ирэхийг хүлээсэн байдаг. Хүү “Манай ээжийг Цэцгээ гэдэг. Аав Зүүнхараад байдаг. Ээж надад “Ээж нь удахгүй ирнэ” гэж хэлсэн” хэмээн зочид буудлын ажилчид, Нийслэлийн Цагдаагийн газрын Түр хамгаалах төвийнхөнд ярьсан байдаг. Хүү зочид буудалд хоёр, Түр хамгаалах төвд тав хоног байсны эцэст журмын дагуу түүнийг Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд шилжүүлсэн. Түүний аавын сураг гарсан бөгөөд ээжийг нь хайж байгаа. Аав нь хүүгээ авах талаар ярилцсан байна.

Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хүүгийн талаар тодруулахад “Хүү манай төвд байгаа. Ээжийг нь олбол юуны өмнө бид мэргэжлийн үүднээс ярилцах болно. Манай төвд янз бүрийн шалтгаанаас төөрч, орхигдсон хүүхдүүд ирдэг. Энд ирсэн хүүхдүүдийг эцэг, эх нь голдуу буцааж авах сонирхолгүй байдаг. Хүүхдээ асрамжлахаас зугтсан, хүүх­дээ хаяж төөрүүлдэг тохиолдол их байна. Үүнийг хуулиар нарийн зохицуулж, чангатгах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдээ орхичихоод буцааж авах гээд ирж байгаа эхчүүд “Хүүхдээ нэг өдөр ч гэсэн хоолтой, дулаан газар байг” гэж бодсон гэж хэлдэг. Үүнээс үзэхэд эхчүүдэд хүүхдээ 16 юм уу, 18 нас хүртэл нь асрахад сар бүр тогтмол тэтгэмж өгч байвал ийм төрлийн хэрэг гарах нөхцөлийг бууруулах боломжтой. Зочид буудалд орхигдсон гэх хүүгийн ээжтэй бид сайн ярилцах болно. Бид мэргэжлийн үүднээс ярилцаад өнгөрөх ч цаана нь Монгол Улсын хуулийн дагуу зохих хариуцлагыг нь үүрүүлэх нь тодорхой. Хүүгийн ярьж буйгаар эднийх нэлээд хэцүү амьдралтай, эцэг эх нь хамт амьдардаггүй. Ээж нь янз бүрийн хүмүүстэй нийлж архи уудаг нь анзаарагдсан” гэсэн хариулт өгсөн юм.

Эрүүгийн хуулийн 117-д Хүүхэд хаях, төөрүүлэх гэсэн зүйл заалт байдаг. 117.1-д “Төрүүлсэн болон үрчлэн ав­сан хүүхдээ хаясан, төө­рүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаа­гаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм бай­на. Энэ жил цагдаагийн байгууллагад хүүхдээ хаясан гэх 17 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *