Categories
мэдээ нийгэм

Бусдын гээснийг ашиглавал буруутан болно

-Сэрэмжлүүлэг-

-2013 онд 10, 2014 онд долоон хүн бусдын гээснийг ашигласны төлөө шийтгэл хүлээжээ-

“Хаясан хүний хальс, олсон хүний олз” гэж үг байдаг даа. Бусдын санаандгүй хаяж гээсэн, мартаж орхисонд бид яг л ийм сэтгэхүйгээр ханддаг. Гэтэл бусдын гээсэн зүйлийг олоод буцааж өгөхгүй ашиглах нь буруутай үйлдэл төдийгүй түүнд тохирсон ял шийтгэл байдаг юм байна шүү. ЦЕГ-аас энэ талаарх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлд Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завшихад заасан гэмт хэргийн талаарх зарим тоо баримт, холбогдох мэдээллийг энэ төрлийн гэмт хэрэгт иргэдийг холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ -ээ онцлож байна. Дээрх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Голдуу иргэд энэ хууль дүрэм заалтыг мэдэхгүй зөрчсөн тохиолдол их.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс авсан гэмт хэргийн судалгааг сүүлийн 5 жилийн байдлаар он тус бүрээр харуулбал: 2010 онд 142, 2011 онд 128, 2012 онд 247, 2013 онд 319, 2014 оны эхний 9 сарын байдлаар 306 хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагджээ. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн ихэнх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийдвэрлэгддэг боловч 2013 онд 10, 2014 оны эхний есөн сарын байдлаар долоон иргэн дээрх хуулийн дагуу шүүхээс баривчлах болон хорих, торгох ял авчээ.

Хэрэгт холбогдон шүүхээс ял авсан 17 иргэний 15 нь хөдөө, орон нутгийн иргэд байдаг ба алдуул мал завшсан болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон байна.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд иргэд хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй, бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй л бол гэмт хэрэг биш гэсэн ойлголттой байдгаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, улмаар шүүхээс хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсдэг.

Гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, дарагдмал үнэт зүйлсийг олсон иргэн Монгол Улсын Иргэний хуулийн 116, 117, 118 дугаар зүйлд заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх, хүлээлгэн өгөх үүрэгтэй ба эд зүйлийн тодорхой хувийг урамшуулал, шагнал болгон авах, хуульд заасан хугацаанд эзэмшигч нь тогтоогдоогүй тохиолдолд өөрийн эзэмшлийн болгох зэрэг эрхтэй байдаг. Иргэд та бүхэн үүргээ нэр төртэй биелүүлж, энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна гэж ЦЕГ-аас гаргасан сэрэмжлүүлэгт дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *