Categories
мэдээ нийгэм

Ичиножёо А.Ичинноровт хурдан удмын Гал зээрд даага бэлэглэв

Архангай аймгийн Батцэнгэл сумын унаган хүү Алтанхуягийн Ичинноров мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд амжилттай барилдан, 800 жилийн түүхтэй их сумогийн оргилд асар богино хугацаанд дөхөж ирлээ. Эгэлгүй хүчит Луу гүний Вандан аваргын 6 дахь үеийн бөх тэрбээр сонирхогчдын сумогийн ёкозүна, шууд макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх, дөрөвхөн башё барилдаад дээд зиндаанд дэвшсэн, хамгийн хурдан хугацаанд Сэкивакэ цолийг авсан анхны бөх зэрэг олон дээд амжилтыг тогтоолоо. Түүний энэ бахдам амжилтыг Монгол Улсын Алдарт Уяач Энэбишийн Ганбат мялааж өөрийн үржүүлсэн хурдан удамт адууныхаа дээжээс Гал зээрд даага бэлэглэлээ.

МУАУ Э.Ганбат эдүгээ АНУ-ын морин тойруулгын уралдаанд “Макс” группын “Sky Blue Mongolia”, “Mongolian star”, “Queen of Mongolia” болон “Mongolian Satuday” зэрэг хурдан морьдыг уяж, уралдуулан олон түрүү аваад байгаа билээ. Мөн тэрбээр Монголдоо хурдан угшилийн адуу буй болгох зорилгоор үржил селекцийн ажлыг олон жил бодлогын чанартай хийж торгон сүрэг бүрдүүлээд байгааг хурдан морь сонирхогчид мэднэ. Түүний торгон сүргээс нийт 20 гаруй адуу улс,бүсийн уралдаанд түрүүлж, айрагдаад байгаа юм.

Энэ зээрд даага нь Морин тойруулгын “Буурал нармайт” хэмээх гүүний төлийн төл юм байна. Гал зээрд даагыг Э.Ганбатын дотны анд Алдарт уяач Жамбага Ичинноровын аав Ш.Алтанхуягт гардуулан өгөхдөө “хүлгийн шинжээс хүртэлцэн төрсөн энэ идэрхэн хүлэгийн босоо цагаан хийморь тэнгэрлэг заяат монгол хүвүүний амжилтыг үргэлж бадраан тэтгэж яваг” гэж билэгтэй ерөөл дэвшүүлэнгээ, “Дорнын цэнхэр талд төрж, Хэрлэнгийн усаар ундаалж өссөн унага тунгалаг Тамирын усыг ууж, Хангайн нурууны соргог билчээрт идээшлэн өсч, цуут хурдан хүлэг болоорой” гэж ерөөжээ.

Дашрамд дурдахад

Ичинноровын аав Ш.Алтанхуяг нь орон нутгийнхаа наадамд олон айраг түрүү авсан уяач хүн юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *