Categories
мэдээ улс-төр

М.Энхсайхан Монгол Улсын сайд болно

АН-ын сайдууд тодроод байна. Тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, сайд нараа тодруулаад буй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг, Гадаад хэргийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Хууль зүйн сайдад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайдад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад Л.Гантөмөр хуучнаараа, Уул уурхайн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуйн сайдад Р.Бурмаа гишүүн, Эрчим хүчний сайдад Д.Зоригтыг тус бүр нэр дэвшүүлэхээр болжээ.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд нараа тодруулаад байна. Шадар сайдад У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайдад С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол, Зам тээврийн сайдад Н.Төмөрхүү, Сангийн сайдад Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатарыг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн байна.

Одоо УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж эл асуудлыг хэлэлцээд байна.

Харин МАХН-ыхан хоёр сайдаа тодруулж чадахгүй дуншсаар байна.

УИХ дахьМАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт гурван сайдын квот ногдсон. МҮАН-аас М.Энхсайханыг Монгол Улсын сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.

МАХН Батлан хамгаалах болон Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэх юм. Батлан хамгаалахын сайдад Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлж магадгүй гэж яригдаад байгаа. Харин Эрүүл мэндийн сайдад Н.Удвалыг дахин дэвшүүлэх үү, эсвэл өөр нэр санал болгох уу гэдэг тодорхойгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *