Монгол Улс уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагтай орон болох хэтийн зорилго тавьсан. Энэ зорилгыг биелүүлэхэд шинжлэх ухаан – төр – бизнесийн хамтийн ажиллагаа маш чухал. Монгол улс мэдлэгийг баялаг болгох үйл явцын эрх зүйн зохицуулалтын хүрээнд Инновацийн тухай хууль, Гарааны компани байгуулах журам зэргийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл Монголын залуу эрдэмтдийн холбооноос Залуу эрдэмтэд судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны компани байгуулан хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд МЗЭХ болон Стартап Монгол ТББ хооронд хамтран ажиллах санамж бичгийг үйлдлээ. Тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны бизнесийг хөгжүүлэх, технологи дамжуулалт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Монгол залуусын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх эхний ажил нь БШУЯ, МЗЭХ, ШУА, ШУТС-аас өнгөрсөн 10 дугаар сард хамтран зохион байгуулсан “Хүрэл тогоот-2014” эрдэм шинжилгээний хурлын шилдэг бүтээлийг олон нийтэд таниулах, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бий болгох зорилгоор “Startup Weekend” арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тогтжээ. Тус арга хэмжээнд бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөлөл мөн оролцох юм байна.