Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн цахим архив” төслийн ажлыг баталсан билээ. Тэгвэл уг төслийн талаарх сургалт өнөөдөр ШӨХТГ-ын сургалтын танхимд боллоо.
Сургалтад төсөвт байгууллагуудын архив, албан бичиг хэрэг хөтлөлт хариуцсан нийт 140 гаруй ажилтан оролцсон байна. Уг сургалтаар цахим архивын сангийн технологийн шинэчлэл болоод салбарын асуудлыг хэлэлцэх аж.
Цахим архивын сангийн технологийн шинэчлэлийн хүрээнд хамгийн түрүүнд захирамжлалын баримт, бичгүүдийг цахимжуулах ажил хийгдэх ажээ. Учир нь иргэд уг баримт, бичгийн талаарх лавлагааг авахаар Архивын газарт олноор ханддаг байна.
Одоогоор Нийслэлийн Архивын газарт 1924 оноос 2013 он хүртэлх захирамжлалын бүх баримтууд хадгалагдаж байгаа аж.
“Нийслэлийн цахим архив” төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд бусад баримтуудыг дээрх ажлын дараа цахимд шилжүүлэх юм байна. Ингэснээр иргэдийн мэдээлэл авах явц хялбар болохоос гадна архивын ажилчдын ачаалал, цаг завыг хэмнэнэ гэдгийг албаныхан онцоллоо. Тэд архивын цахим тайлан, мэдээг NAD-ADI хэмээх программыг ашиглан гаргаж буй гэнэ.
Түүнчлэн иргэд Архиваас авдаг лавлагаа, мэдээллийг http://archive.ub.gov.mn/new/ сайтаар орж авах боломжтой ажээ.