Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /14.12.03/ хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийн талаар хэлэлцлээ.Төслийн танилцуулгын дараа гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн. А.Тлейхан, Ц.Нямдорж, Ц.Баярсайхан нарын гишүүд өмнө хэрэгжүүлсэн Тогтвортой амьжиргаа 1, 2 төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар ажлын хэсгээс асуугаад уг төсөл нь маш олон зүйл рүү орж буруу төлөвлөгдсөн. Өмнө хэрэгжүүлсэн байдлаас харахад төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байгаа. Суманд төслийн мөнгөөр сайн засаглал хөгжүүлнэ гэх мэт дэмий зүйлд мөнгө үрэх шаардлага байхгүй. Зээл хэдий урт хугацаатай ч төлж барагдуулах нь зайлшгүй тул бусад хөгжлийн хэрэгцээнд зориулсан төслийг зээлээр санхүүжүүлэх шаардлагатай байгаа тухай хэлж байв.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй гурав дахь удаагаа үргэлжлэн хэрэгжих төсөл юм байна. Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25% байх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулахаар тусгажээ.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Байнгын хороо санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байгын хороонд хүргүүлэх юм.

Үүний дараа Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсад өнөөгийн байдлаар үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр нийт 480 гаруй бодлогын баримт бичиг 1991–2013 оны хооронд баталсанаас 190 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байна. Эдгээр бодлогын баримт бичгүүд нь үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байна. Түүнчлэн хэрэгжих хугацаа, бодлогын зорилго, зорилт давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Бодлогын баримт бичгүүдийн хэрэгцээ, шаардлагын үндэслэл, тооцоо, судалгаа нь хангалттай түвшинд хийгдэж санхүүгийн эх үүсвэртэй зохистой түвшинд уялдаагүй байгаа нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын улмаас энэхүү төслийг боловсруулжээ.


Хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж гишүүн, төслийг Засгийн газрын бүтцийн асуудал шийдэгдэж, салбарын сайдууд томилогдсоны дараа сайд нарыг нь байлцуулж, саналыг нь тусган хэлэлцэх шаардлагатай байна. Иймд энэ удаад хэлэлцэх асуудлуудаа түр хойшлуулаад шинэ Засгийн газрын сайд нарт нь асуудлаа судлан, оруулж ирэх боломж олгох саналтай байна хэмээв. Түүний гаргасан саналын талаар тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Засгийн газар хуулийн төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд нь татаж авах боломжтой учир төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь шийдээд, нэгэнт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд явах нь зөв гээд хуралдааныг цааш үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Энэ удаад харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн болно.


Үүний дараа Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлуудын хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч Г.Уянга гишүүн мөн санал гаргаж, түүний саналыг гишүүд дэмжсэнээр үлдсэн асуудлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар тогтлоо. Тэрээр, Засгийн газрын сайд нар томилогдоогүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байхгүй яамны ажилтнууд сууж байгаа нь зохимжгүй байна. Тиймээс хуралдааныг хойшлуулах саналтай байна хэмээсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *